УИХ-ын гишүүн О.Баасанхүү Н.Энхбаярыг суллагдах үеэр хэвлэлийнхэнд хариулав
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргасан уучлалын зарлиг ёсоор өнөөдөр Н.Энхбаяр суллагдаж байгаа. Хорих 401 дүгээр ангийн удирдлагууд түүнийг суллахаас өмнө сайд нарын хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлэн хоригдож байгаа түүнд ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулж байх үеэр тэнд цугласан хэвлэлийнхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү хариуллаа.
-Ямарч байсан өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс уучлал үзүүллээ гэж байгаа. Гэхдээ энэ бол нэг талаасаа баярламаар юм шиг боловч нөгөө талаасаа жаахан гунигтай гэж хэлж болно. Яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр та бүхэн сайн санаж байгаа. Шүүх шинжилгээний үндэсний төв гэж байдаг. Тэндээс гурван хүний бүрэлдэхүүнтэй, 20 гаруй эмч нарын дүгнэлтээр гарсан зүйл дээр хоёрдмол утгатай хариу өгсөн. Энэ хариунаас болоод прокурорын байгууллагын зүгээс 20 гаруй хүмүүс асууж, дахиж дүгнэлтийг нь гаргая гэж ярьж байсан. Тэгээд өнөөдөр би прокурортой очиж уулзахад “ одоогийн байдлаар 12-ыг нь асууж байна. Цаашлаад 8-ыг нь асууна. 8-ыг нь ирэх 7 хоногийн дундуур болсны дараа дахиад шүүх шийдвэрийн үндэсний төвд оруулна” гэсэн. Гэтэл үнэндээ энэ хооронд хүний амь нас, эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа учраас Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд эрүүл мэндийн зүгээс нь болоод уучлал үзүүлсэн болов уу гэж бодож байна. Дахиад хэлье. Бидний хувьд ямар нэгэн уучлал гуйж царай алдахгүй гэж хэлж байсныг та бүхэн санаж байгаа. Яагаад ийм байгаа гэхээр бид улс төрийн хэлмэгдэл гэж үзэж байсан. Хойшид ч үзсээр байх болно.
-Ямар нэгэн тохиролцоо байгаа юм биш үү?
-Улс төрийн хэлмэгдэлтээр бид тохирдоггүй. Улс төрийн хэлмэгдэлтийг зогсоох үүрэг нь Ардчилсан намд байгаа.
-Та тохиролцсон гэсэн зүйлийг ярьж байсан ш дээ өмнө нь?
-Бид ямарч зүйлийг тохироогүй. Тохирно гэдэг зүйлийг би ярьж байсан бол хэнд ярьсан гэдгийг нотолгоотой хэлэх хэрэгтэй. Бидний хувьд юу гэж үзэж байгаа вэ гэхээр өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч болж байгаа бол, тэр тусмаа ардчилсан ерөнхийлөгч гэж хэрвээ өөрийгөө нэрлэж байгаа бол, хүний эрхийг нэгдүгээрт тавьж байх ёстой. Ялангуяа хүний амийг нэгдүгээрт тавих ёстой. Улс төрөө хоёр, гурав магадгүй аравдугаарт тавих ёстой л гэж хэлмээр байна.
-Энэ уучлалыг хүлээж авах уу?
-Уучлал хүлээж авах, авахгүй талаар биш. Би түрүүнд хэлсэн. Бид юунд хамгийн их баярлах ёстой вэ гэхээр хүний амь аврагдах алтан боломж нээгдэж байгаад л барялах ёстой.
-Уучлал үзүүлсэн цаг үеийн хувьд ямар бодолтой байна?
-Би дахиад хэлээд байна ш дээ. Уг нь хуулийн байгууллага Монгол улсын урдаа барьдаг эмч нарын дүгнэлт, тэр дундаа урдаа барьдаг эмнэлгийн, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг ингэж хүнд суртал гаргаагүй байсан бол, өнөөдөр энэ эрүүл мэндийн асуудлаар шийдэгдэх ёстой байсан уу. Харамсалтай нь өнөөдөр хуулийн байгууллага ямар хүнд сурталтай аймшигтай байгааг хэлэхэд хэцүү байна. Өөр хичнээн мянган хүн өнөөдөр ингээд хуулийн байгууллагын хүнд суртлын золиос болж байгаа бол гэж бодоход бүр аймшигтай.
-Ялаас өнөөдөр ингээд суллагдаж байгаа ч гэсэн төрд учруулсан хохиролоо барагдуулах юм уу?
-Дахиад хэлье! Монгол улсын ерөнхийлөгч байсан хүнийг 2 зүйлээр буруутгасан байдаг. Нэг нь бол газрын асуудал. Газар үнэгүйдүүлж авсан гэж байгаа. Газрын гэрчилгээ нь хотын захирагчын нэр дээр байхад газар үнэгүйдүүлж авсан гэж байгаа нь өөрөө утгагүй. Хоёрдугаарт “Өргөө”-г бас хувьдаа завшсан гэж. “Өргөө” чинь нийслэлийн өмчийн газартай гэрээтэй, хөрөнгө оруулагч л байсан. Гэхдээ энийг бол Н.Энхбаяр гэдэг хүн хийгээгүй шдээ. Тийм учраас бусдыг өнөөдөр эчнээгээр ялласан тохиолдлыг ч та нар мэдэж байгаа байх. Яагаад гэхээр байхгүй хүний өмнөөс ял өгчихөөд, одоо тэр хүнээ дахиж яаж яллах уу гэж та нар гайхаж байгаа. Жишээлбэл Т.Билэгт гэдэг хүнийг жишээ татаж болно. Яагаад Т.Билэгтийг гэж хэлэхээр байгаа вэ гэвэл Т.Билэгтийн хувьд хэрэг нь хэрэгсэхгүй болоод, гарч явсан хойгуур нь баахан улстөржөөд эцэст нь нөгөө хүн өөрөө ирсэн. Тэгээд ирэнгүүт нь 70 гарсан хүнийг Ганц Худагт хийж байгаад, тэгээд одоо байж байгаа ийм л зүйл байгаа ш дээ.
-Яагаад ганцхан Н.Энхбаярыг суллаж байгаа юм бэ? Өөр бусад хүмүүсийг яах вэ?
-Би та нарт хэлээд байна. Н.Энхбаяр гэдэг хүнийг суллах тухай биш. Энэ чинь эмнэлгийн, эрүүл мэндийн тухай ярьж байна.
Эх сурвалж:www.aravt.mn
URL: