Төрөөд хоёрхон хоносон эмэгтэй эмчийн буруугаас болж, амиа алджээ

10550_758-Хүний амь хөнөөсөн эмчийн толгойг илээд өнгөрдөг тогтолцооноосоо хэзээ салах вэ?-
Эмч нарын буруугаас болж, үр хүүхэд хамаатан саднаа алдлаа гэх мэдээлэл хаа сайгүй дуулдах болоод удаж байна. Энэ ч оргүй мэдээлэл биш.  Та бидний эргэн тойронд эмнэлгээр үйлчлүүлээд гомдол саналгүй ирэх хүн цөөн.
Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбар хэчнээн бугшсан, хүнд сурталд идээгдсэн бэ гэдгийг иргэдийн гомдлоос хэзээ ч сонсч болно. Хамгийн сүүлд л гэхэд алтан гарт эмч нэг сар гарантай нярайд буруу эм бичиж өгснөөс амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлж байсан.
Гэтэл төрөөд хоёрхон хоносон эх эмчийн буруутай үйл ажиллагаанаас болж, нялх үрээ орхин одсон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 27-нд Клиникийн Нэгдүгээр амаржих газарт төрж, хүүтэй болсон нэгэн эмэгтэй амиа алджээ.
Тэрбээр дөнгөж 25-хан настай бөгөөд  төрөхөөсөө өмнө болон төрсний дараа ямар нэгэн хүндрэл өгөөгүй ба хоёр дахь хүүхдээ гаргасан нь энэ байжээ. Том хүүгээ дүүтэй болгосон ээж гэр бүлийнхэндээ баяр хөөр бэлэглэн, бяцхан ханхүүгээ тэвэрсээр гэртээ гарсан ч тун удалгүй бие нь өвдөж, ухаан алдталаа халууран, түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгджээ.
Тэрбээр төрөөд удаагүй байсан учраас амаржсан эмнэлэгтээ хандаж, яаралтай хагалгаанд орсон ч сэхэл авч чадалгүй байсаар амиа алдсан байна. Бяцхан охиндоо ангир уургаа ханатал нь амсуулж амжаагүй ээж ийнхүү амиа алдсаны дараа эмнэлгийн зүгээс  ар гэрийнхэнд нь “Уучлаарай саванд нь бохир орсон байна, өнгөрчихлөө” гэсэн хариу л хэлсэн байх юм.
Эрүүл саруул хүүхэд төрүүлсэн ээжийн саванд бохир орсон энэ асуудалд эмнэлгийн зүгээс үүнээс өөр тайлбар хийгээгүй нь даанч харамсалтай.  Эмгэнэн гашуудсан ар гэрийнхэн болон хүүтэй болсон ч ээжийг нь алдсан залуу дэн дун байгаа ажээ.  Арга ч үгүй биз.
Энэ бол үгээр хэлэхийн аргагүй их энэлэн. Ирж буцдаг нь хорвоогийн жам ч гэлээ цаг бусаар тэр  тусмаа цагаан гарт эмчийн буруугаас болж, алтан амиа алдана гэдэг даанч харамсалтай. Болсон явдлын талаар талийгаачийн нөхрийн үеэл өөрийн фэйсбүүк хуудаснаа эмгэнэн бичсэн байна.
Тэрбээр “Тэд арван жилээсээ үерхсэн анхны хайртууд. Хоёулаа сургуулиа төгсөөд сайхан ажилтай, амьдрал нь тэгширсэн, хайр, аз жаргалаар дүүрэн гэр бүл байсан. Гэтэл одоо эмч нарын буруугаас болоод тэр хүн цэл залуугаараа өнгөрчихлөө.
Хүүтэй болоход нь утсаар ярьж, баяр хүргэхэд,  “Хүүтэй боллоо, дараагийн удаа охинтой болно” гэж байсан. Юун дараагийн удаа, төрөөд долоо ч хонолгүй, ажлаа мэддэггүй, эмч нэртэй алуурчдаас болоод өнгөрчихлөө” хэмээн халаглан бичжээ.
Түүний дурдсанаар эмч нар амаржсан эхийн шавхаргыг гаргах үедээ шээсийг нь соруулдаг тариа хийсэн бөгөөд энэ үеэр бохир орсон байх магадлалтай гэжээ. Хэрэг явдал гарсны дараа талийгаачийн аав олигтой ч тайлбар өгөөгүй эмнэлгийн үүдийг өдөржингөө сахин ямар учраас, юунаас болж охин нь алтан амиа алдсаныг мэдэхийг оролдсон ч эмч нар нь ийшээ яв, тийшээ яв, тогтсон хариу нь гараагүй байна, тэдний хариу ирнэ гэхчилэн амьдын тамд унасан эцгийг хүндрүүлсэн байх юм.
Ингээд  эл хэргийн мөрөөр нэхэн сурвалжиллаа. Нэгдүгээр амаржих газарт очиж, болсон явдлын талаар тодруулах гэсэн боловч тоймтой хариу өгөх хүн даанч  олдоогүй бөгөөд бүгд л “тийшээ ийшээ би мэдэхгүй” гэсэн хариугаар ам таглаж байх юм.
Дөнгөж 25-хан насандаа амиа алдсан талийгаачийн аавыг ч мөн ингэж л тамд унагаж байсан байхдаа гэж бодохоос гол харлах шиг. Бидний мэдээлэл авах гэсэн нэгэн /албан тушаалтан/ эмэгтэй  хэрэг явдлаа хэлэхтэй зэрэгцээд л  “Би мэдэхгүй, надад мэдээлэл байхгүй байна. Та нар яах гээд байгаа юм. Яахаараа надаас асуугаад байгаа юм” хэмээн илтэд дургүйцэв.
Харин  энэ үед түүний утас хангинасан бөгөөд хэн нэгэнтэй “Би бүүр наадхаас чинь болоод хэвлэлийнхэнд боорлуулаад байж байна. Надаас ирж шалгаагаад байх юм” хэмээн хээв нэг ховын чанартай ярих нь даанч харамсмаар. Хүний төлөө тангараг өргөж, энхийн манаанд зогссон эмчээс ийм тоомжиргүй зан байдал гарахгүй л баймаарсан.
Ямартаа ч энэ асуудлаас болж, Нэгдүгээр амаржих газрынхан дээр дооргүй бужигналдаж байгаа нь сурвалжлага хийхээр 30-аад минут явсан бидэнд илт анзаарагдаж байлаа. Эмчийнх нь буруугаас болж, цэл залуухан бүсгүй амиа алдсан хэргийг тодруулахаар салбар яамыг нь зорьлоо.
Ямартаа ч тэдний чихэнд энэ асуудал хүрсэн  бөгөөд яамны удирдлагууд яаралтай хуралдаж байхтай таарсан юм.  Тэдний хурлаас хэд хэдэн шийдвэр гарсан бөгөөд эхний ээлжинд талийгаачийг үхэлд хүргэсэн эмчид хариуцлага тооцохоор болсон байна.
Түүнчлэн эмнэлгийн удирдлагуудад ч тодорхой хэмжээний хариуцлага тооцох шийдвэрийг тэд гаргажээ. Хэдийгээр салбар яам энэ асуудалд анхаарал хандуулж, зохих хүмүүст нь хариуцлага тооцно гэж байгаа ч энэ тооцож байгаа хариуцлага гэгчийн хамгийн дээд арга хэмжээ нь ажлаас халах, цалингаас нь хасах гэх мэт шийтгэл.
Гэтэл ажлын хариуцлагагүй байдлаас болж, хүний амь хөнөөчихсөн эмч дахиад л өөр нэгэн эмнэлэгт хүний амь “хөнөөхөөр” ажиллахыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ үүнд хариуцлага тооцож байгаа яамны удирдлагуудыг буруутгахаас илүүтэй ийм ядмаг хуулийн тогтолцоог шүүмжлэх нь зүй.
Угаас хариуцлага алдсан хүмүүст авах арга хэмжээний эцсийн цэг нь л ажлаас халах. Нэг үгээр хэлбэл, хариуцлагагүй эмчийн ажлаас халж байгаа энэ асуудал шийтгэл бус харин ч толгойг нь илээд өнгөрч байгаагаас өөрцгүй хэрэг.
Худалч хүнд өдөр алгасахгүй л эрүүл мэндийн салбартай холбоотой харуусал дагуулсан мэдээлэл гарч, нэгэн эрүүл мэндээрээ хохирч эсвэл амиа алдлаа гэж дуулддаг. Гэтэл энэ бүх тохиолдолд тэднийг аанхай л ажлаас нь хална эсвэл цалингийн хувиар нь торгоод өнгөрдөг.
Манай улс энэ толгой илсэн тогтолцооноосоо салахгүй бол эрүүл мэндийн салбарт иймэрхүү төрлийн хэрэг улам бугшсаар байх нь ойлгомжтой.  Ямартаа ч бид  ЭМЯ-ны дэд сайд Ж.Амарсанаагаас дараах асуултад хариулт авлаа.
-Талийгаач юунаас болж, амиа алдсаныг тогтоосон уу?
-Одоогоор эцсийн хариу гараагүй байна. Гэхдээ урьдчилсан байдлаар хэвлийн хөндийд идээт үрэвсэл явагдсанаас болсон гэсэн дүгнэлт гарсан. Идээт үрэвслийн шалтгаан нь өгсөх замын үрэвсэл буюу үтрээнээс дээшээ үрэвсэл явагдсанаас болж амиа алдсан гэсэн үг.
-Тэгэхээр үрэвсэлтэй байсныг нь эмч мэдээгүй гэсэн үг үү? 
-Үрэвсэл ч бай, халдвар ч бай тодорхой шинж тэмдэг гарна. Тэгэхээр түүнийг анзаараагүй нь эмчийн хариуцлагагүйтэй холбоотой. Үүнээс болж эх эндсэн гэж үзэж байна.
-Хариуцлага алдсан эмчид ямар арга хэмжээ авах вэ? 
-Захиргааны арга хэмжээ авах үүргийг өгсөн. Яамны зүгээс захиргааны арга хэмжээ авахаас өөр боломж байхгүй. Захиргааны  арга  хэмжээний дээд нь ажлаас халах байдаг.  Гэхдээ энэ тохиолдолд цалингийн хувиар торгох уу эсвэл ажлаас халах уу гэдгийг  эмнэлгийн дарга мэднэ.
-Эмнэлгийн даргад арга хэмжээ авах уу? 
-Авалгүй яахав. Тухайн үед эмнэлгийн дарга амралтаа авсан байсан ч энэ асуудлаас болж ирсэн. Гэхдээ даргад нь ч мөн арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Ер нь цаашид нэгдүгээр төрөхөд ахиж ийм асуудалд гарвал удирдлагуудыг нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроорой гэдгийг хатуу сануулсан.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Үнэн.мн

URL:

Сэтгэгдэл бичих