Авлигатай тэмцэх газарт дахиад нэг хавтаст хэрэг нэмэгдэв
Төрийн албанд ажиллана гэдэг амаргүй даваа. Ард түмний өмнө хүлээсэн үүрэг, амлалт гэж бий. Гэтэл амлалтаа арай өөрөөр ашигладаг арчаагүй төрийн албан хаагчид дэндүү олширчээ.
Тэдний нэг бол Н.Түмэндэмбэрэл юм. Хүн дагахаас илүүтэй нам дагаж найзын хүрээгээ тэлсэн эл эрхмийг Н.Түмэндэмбэрэл гэх. Удирдах албан тушаалд удаан хугацаанд ажилласан туршлагатай төрийн албан хаагч гэлцдэг. Гэхдээ удирдахаасаа илүү мөнгө угаахдаа гаршсан гэхэд буруудахгүй бололтой. Учир нь түүний хийсэн үйлдэл ямар албан тушаалтан байсныг нотолно.
Эрхэм нэрээ эрүүгийн ерт өнц өд мөнхлүүлэх тавилан түүний амьдралын зурлагад байсан бололтой. Ямартай ч тэр их хэмжээний мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт сэжигтнээр татагдаж, торны цаана тарни уншаад сууж байгаа. Түүнийг Эрүүл мэндийн яамнаас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерүүдийг шалгаруулахдаа өөрийн эзэмшлийн компаниа шургуулсан гэх юм билээ.
Тодруулбал, “Лабтех” ХХКийг хууль бусаар шалгаруулж хуурамч бичиг баримт үйлдэж, капитал засвар хийсэн хуучин тоног төхөөрөмж нийлүүлж улсын төсвийн хөрөнгийг онц их хэмжээгээр завшсан гэх. Тэрбээр эл хэргийг ганцаараа үйлдээгүй. Гар хөл нь болж, ганзага дүүрэн явсан журмын нөхөд болох Оношилгоо, эмчилгээний хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, мэргэжилтэн П.Отгонжаргал, “Саммитмедикал сервис” компанийн захирал Б.Түвшинжаргал, ГССҮТ-ийн тасгийн эрхлэгч С.Батзориг нарын зургаан хүн сэжигтэн гэх файз зүүсэн. Хэргийг шалгах явцад соронзон оношилгооны “MRI” аппарат нийлүүлэх нэрийдлээр нэг тэрбум 800 сая төгрөгийн хөрөнгө гаргуулж засвар хийсэн, хуучин аппарат нийлүүлсэн нь дээрх хүмүүст ашигтай байгаад зогсохгүй аз туршсан үйлдэл байв.
Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарт их өөрчлөлтийг авчрах гэсэн ангуучдын санаа бүтэлгүйтэж, аавын хаалга татахад хүрсэн юм. Хэрэг ямар шатандаа шалгагдаж байгаа нь тодорхой бус ч зарим эх сурвалжийн хэлж буйгаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ. Ингэх болсон шалтгаан нь их инээдтэй. Албан тушаалын шинжтэй үйлдлүүд гарч ирсэн нь хэргийн харьяаллыг өөрчлөх эхлэлийг тавьж.
Хэрэг нэгэнт ийм дээрээ тулсан болохоор хуулийнхан нягталж шалгаад зохих журмын дагуу асуудлыг шийдэх биз. Гэхдээ монголын хууль гурав хоног гэдэг шиг шалгасан, шалгуулсан нэр зүүгээд хуучны хэргүүд шиг замхрах вий.
Б.Чанцал
/Нийгмийн толь/
URL: