71 тэрбум төгрөг аль хэдийн “Чингис” бондын хүү болон өсөн өндийгөөд байна
Засгийн газар олон улсын санхүүгийн зах зээл дээр “Чингис” нэртэй бонд гаргаж, 1.5 тэрбум ам.долларын зээлээр бүтээн байгуулалт өрнүүлж буй. Юун түрүүнд энэ мөнгийг босгох үед манай улсын нэр хүнд дэлхийд боломжийн үнэлгээтэй байлаа.
Харин одоо нөхцөл байдал энэ үеэс эрс муудсан тухай ч эрх мэдэлтэн, албан тушаалтнууд дуу нэгтэйгээр өгүүлж байгаа. Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд О.Чулуунбат “Манай улс хууль эрх зүй, бизнесийн орчин муудсантай холбоотой. Энэ мэтээс шалтгаалж гадаадын хөрөнгө оруулагчид манай улсыг орхиж байна” гэж халагласан.
Цаашлаад “Уул уурхайн салбарт гадаадын маш олон компани ажиллаж байсан бол тэд манай хууль эрх зүйн орчин муудахын хэрээр үйл ажиллагаагаа зогсоон, хүлээлтийн байдалд орсон” хэмээн нэмэлт дүгнэлт өгсөн нь бий.
Үүнээс цаашлаад дэлхийн болоод дотоодын эдийн засгийн “бие” тааруу байгаа энэ үед аж ахуйн нэгжүүд олноороо үйл ажиллагаагаа зогсоосон зэрэг бэрхшээл олон байгаа. Тэр олон бэрхшээлийг мэдээж бид бодолцох учиртай.
Гэвч энэ бүхнээс үл шалтгаалах цөөнгүй саатал манай улсад босч ирж буйн тод жишээ нь “Чингис” бондын мөнгө юм. Уг нь Засгийн газар бондын эх үүсвэрээр “Гудамж”, “Монгол ноосон даавуу”, Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл”,“Таван толгойн цахилгаан станц”, “Шинэ төмөр зам” зэрэг төслийг хэрэгжүүлэхээр тогтсон.
Гэвч он дуусахад дөрөвхөн сар дутуу байхад цагаан цаасан дээр гаргасан хар зураг нь одоо хэр бодит ажил болоогүй, төсөл хөтөлбөр олон үлджээ. Бодит ажил ч гэж дээ, үнэндээ тооцоо судалгаа, зураг төсөл нь гараагүй байгаа юм.
Үүнд хэн буруутай нь одоо хэр нь тодорхойгүй. Зээлдэж авсан мөнгөө шударга, хяналттай хуваарилдаг эрх баригчдын дүр үзүүлж Ерөнхий сайдаар ахлуулан байж байгуулсан “Бондын бодлогын зөвлөл” нь буруутай юу эсвэл амралтын өдрөөр ч ажлаа үргэлжлүүлж байгаа гэх зэргээр арьсаа хамгаалах арга бүхнийг хайдаг болсон Засгийн газар нь буруутай юм уу /уг нь ч буруутанг бүгд мэдэж байгаа л даа/ бүү мэд.
Ямартай ч арьсаа хамгаалж, нэр төрөө хуяглах хүсэлдээ шатаж яваа эрх мэдэлтнүүдийн энэ хэнэггүй байдлаас болж, олон төсөл, хөтөлбөр яг өнөөдрийн байдлаар нам царцав.
Угтаа бол энэ цаг үеийн “ажилсаг” Засгийн газар бондын эх үүсвэрээс 1.9 их наяд төгрөг гаргаж бүтээн байгуулалтын ажил хийх үүрэгтэй. Тэд энэ үүргээ өөрсдөө баталчихсан юм.
Гэтэл энэ оны эхний хагаст 800 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийх ёстойгоос одоогийн байдлаар 200 гаруй тэрбум төгрөг буюу дөнгөж 20 гаруйхан хувийг нь гаргажээ.
Үүнийг цөөн үгээр тодорхойлбол Засгийн газрын төлөвлөсөн хагас жилийн ажлаас он дуусахад бүтэн улирал дутуу байхад 80 орчим хувь нь үлдээд байна гэсэн үг юм. Магадгүй ганцхан энэ жишээгээр Засгийн газрын бодит ажлыг дүгнэж болно.
Уг нь эрх мэдэлтнүүд ажлаа хийх эсэх нь бидэнд хамаагүй л дээ. Төлөвлөсөн ажлаа хийж чадахгүй байж хулхин дээр цэцэг ургуулахыг санаархвал сонгогчид ирэх сонгуулиар зохих дүнг нь тавиад төрийн өндөр дээд суудлаа албан тушаалтнуудаас булаагаад л авчихна.
Гэвч шинэ гэж тодорхойлдог Засгийн газрын өнөөгийн энэ байдлаас шалтгаалж манай улсад эрсдэл үүсэх нөхцөл хэдий нь бүрдээд байна. Өөрөөр хэлбэл, дан ганц өөрсдийн нэр төрөө хамгаалах, ажилсаг, хичээнгүй дүрийг хүн бүрт үзүүлэх гэсэн хэтэрхий өчүүхэн байдлаас нь болж, улс орны нийтлэг эрх ашиг зөрчигдөж байгаа төдийгүй их хэмжээний мөнгөний өрөнд унах хаалга нь аажмаар нээгдсээр өнөөдөртэй золголоо.
Анх олон улсын санхүүгийн зах зээл дээр бонд гаргах тухай яриа эхлэхэд буруу, зөв гэсэн маргаан хаа сайгүй л өрнөсөн. Хэтрүүлж хэлбэл амтай бүхэн нь л бондын зарцуулалтын тухай бодлоо илэрхийлсэн. Гэхдээ тэд ганцхан зүйлээрээ ижилхэн байв.
Тэр нь бэлэн болсон чанартай төсөл хөтөлбөртэй байх гэсэн энгийн шаардлага байв. Гэтэл энэ бүхнийг хүлээж авсан дүр эсгэж, “Судалж байна” гэсэн сулхан үгээр сайд дарга нар ам тагласаар ирлээ. Тэгээд ч “Чингис” бонд бол алдаа биш гэдгийг олон эдийн засагч хэлдэг.
Зарим нэг нь зайлшгүй хэрэгцээтэй байсан тухай ч олон жишээ баримтаар нотлохыг хичээдэг. Харин энэ бүхнийг Засгийн газраас боловсруулах ёстой урт настай уршиг ихтэй төсөл хөтөлбөрүүд бут цохиход хэдийнэ бэлэн болжээ.
Учир нь тэд үлдээд байгаа төсөл хөтөлбөрүүдээ он дуусахаас өмнө чанартай хийгээд богино хугацаанд “гялалзуулна” гэдэг нь ямар ч боломжгүй. Үнэндээ мөрий тавьсан ч тэд амжихааргүй хугацаа ард үлдлээ. Тэгэхээр цаашдаа “Чингис” бондын мөнгөнд хоосон хүү төлөөд явна гэсэн үг.
Энэ тухай уг нь бондын мөнгө шийдэгдэж эхлэхэд цөөнгүй улстөрч, нам эвсэл, хувь хүн Засгийн газарт анхааруулсан. Ирээдүйгээ өрөнд хийчих вий гэсэн болгоомжлолтой байгаагаа ч эрх баригчдад дуулгасан нь нэг бус удаа. Гэвч тэд “хувхай” амтай хүмүүс биш байжээ.
Тиймдээ ч Засгийн газрын зүгээс “Төсөл хөтөлбөрөө бэлэн болго” гэсэн олон хүний болгоомжлолоос урган гарсан шаардлагыг нь биелүүлчих ёстой байсан юм. Тэгсэн бол хойшид байдал өөрөөр эргэж болох байв.
Нэг үгээр хэлбэл, хугацаа алдах тусам эрсдэл ихтэй гэдгийг ойлгоод “Гоё харагдах” гэсэн тэнэг шоунаасаа тэргүүнд тавих учиртай байв. Маргааш, бас дахин маргааш… Одоо ч гэсэн цаг явсаар л байна.
Эргэн сануулахад Засгийн газар 500 сая ам.долларыг таван жилд, нэг сая ам.долларыг арван жилийн хугацаанд төлөх нөхцөлтэйгээр 1.5 сая ам.доллар олон улсын зах зээл дээрээс босгосон.
Таван жилийн хугацаатай бондын хүүнд 4.25, арван жилийн хугацаатай бондын хүүнд 5.25 хувийн хүү төлөх үүрэг хүлээсэн ард түмэн нь бид. Үүнийг хагас жил тутамд төлөх гэрээ ч бий.
Албаны хүмүүсийн хэлж буйгаар жилд 70 орчим сая ам.долларын хүү төлөхөөс эхний хагас жилийн байдлаар 30 орчим сая ам.долларыг манай улс төлөөд байгаа тухай албаныхан хэлсэн.
Харин улс орныхоо төлөө санаа зовнидог чөлөөт эдийн засагчдын тооцоолцсноор өнөөдрийн байдлаар даруй 71 тэрбум төгрөг аль хэдийн бондын хүү болон өсөн өндийгөөд байна.
Эх сурвалж: Үнэн.мн
URL: