Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл банкуудыг дампууруулахад хүргэв үү
Монголын II зэрэглэлийн Хадгаламж банкны дампуурал нь арилжааны банкуудыг хэр зэрэг хэврэг байгааг тод томруунаар харууллаа. “Жаст” компанийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүгийн “Хадгаламж банк”-ны дампуурал “Олон овоот”-оос эхтэй гэсэн мэдэгдэл нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн баталгаажуулсан 15.5 тонн нөөцтэй хэмээн баталсан шийдвэртэй холбогдох сэжим гарч ирэв. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт байрлах Олон овоотын орд нь ганцхан “Хадгаламж” ч биш “Зоос”, “Анод”, “Монгол шуудан” банкыг дампуурахад нөлөөлсөн гэсэн мэдээлэл газар авч байна. Ш.Батхүүгийн хэвлэлийнхэнд өгсөн Эрдэс баялгийн зөвлөлийн баталгаажуулсан Олон овоотын нөөц хуурамч хэмээн мэдэгдсэн нь үнэн хэрэгтээ Ш.Батхүү, Ц.Мянганбаяр нарын асуудал боловч цаана нь “Олон овоот” шиг хичнээн ордын нөөц хуурамч вэ гэсэн сэжүүр хөвөрч эхлэх нь тэр.
Манай улсын хувьд орд газруудын нөөц, ТЭЗҮ-г хянан шийдвэрлэж баталгаажуулдаг хууль ёсны цорын ганц байгууллага нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл юм. Социализмын үеэс эхтэй эл зөвлөл нь тухайн үед зөвхөн улсын хөрөнгөөр хийсэн геологи хайгуулын ажлыг хүлээн авч нөөцийг баталгаажуулж улсын өмнө хариуцлага хүлээдэг байгууллага байв. Зах зээлийн энэ үед хувийн хөрөнгөөр хийсэн геологи хайгуулын нөөц, хайгуулын ажлыг хүлээн авч баталгаажуулж байгаа нь хувийн компанийн өмнөөс хариуцлага хүлээх хууль эрх зүйн үндэс болж байгаа юм. Гэтэл нөөц, ТЭЗҮ-г баталгаажуулдаг гэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга М.Ариунбаяр нь албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон 18 ордын лицензийг хууль бусаар хувьдаа завшсан хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгуулж байсан. Тэрээр улсын хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын орд газруудыг нөөцгүй гэсэн хуурамч дүгнэлтээр өөрийн болгож ойр дотныхоо хүмүүсийн нэр дээр шилжүүлж, хятадуудад өндөр үнээр худалдсан гэсэн мэдээлэл ч тухайн үед тархаж байв. Тэр ч байтугай Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр тухайн орд газар ямар нөөцтэй байгааг тодруулах шинжээчээр өөрийн хүн томилдог гэсэн “шум” дэгдэж байлаа. Үүнээс үзэхэд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл гэх бүлэглэлийн шийдвэрлэсэн орд газруудын нөөцийн цаана авлигын том машин ажиллаж байна уу гэх хардлагыг төрүүлэхээр байна. Ийнхүү хуудуутай нөөц тогтоосон нь илэрч, дуулиан тариад байгаа “Олон Овоот” шиг хуурамч нөөцтэй ордыг барьцаалан зээл авах, хувь хүмүүс худалдан авч алдагдалд орох, залилангийн үндэс болж байгаа бус уу. Хайгуул судалгааны ажлаар Олон овоотын алтны үндсэн ордын нөөцийг 15.5 тонн хэмээн 2005 оны хоёрдугаар сард бодитой зэрэглэлээр Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталгаажуулж Эрдэс баялгийн санд бүртгэж, Канад улсын “Вардроп Инженеринг” компаниар бодит нөөцийг олон улсын стандартын дагуу баталгаажуулсан гэдэг. Гэтэл дээрх Олон овоотын нөөцийг Ш.Батхүү 3 тонн нөөцтэй, Ц.Мянганбаяр 25 тонн нөөцтэй гэдэг нь будлианы эх үүсвэрийг тарьж байгаа юм. Гол нь хуудуутай нөөц баталгаажуулсан хариуцлагыг хэн үүрэх нь тодорхойгүй байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нөөц тогтооход хуурамч баримт бүрдүүлсэн үү, эсвэл “нөөцийг оруулж хамгаал” гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн заалтад байлаа хэмээн хууль руу бурууг чихэх үү гээд асуудал үүсч байна. Геологийн шинжээчид Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хувийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлыг баталгаажуулж байгаа нь хамгийн том алдаа хэмээн үзэж байна. Тэдний тайлбарлаж буйгаар хувийн хөрөнгөөр хийсэн геологи хайгуулын ажлыг Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталгаа гаргана гэдэг нь байж боломжгүй зүйл аж. Бусад орны жишээнээс үзэхэд дэлхий дээр нөөц хамгаалуулах ойлголт байдаггүй юм байна. Тухайлбал Америк , Австралид орд газрын нөөцийг батлан даагчтай л бол орд хэмээн үзэж банк нь зээл өгч, хөрөнгийн биржид хувьцааг нь гаргадаг байна. Батлан даагч нь хайгуулын шатнаас эхлээд нөөц хамгаалах хүртэлх үйл ажиллагааг бүрэн хянаж баталгаажуулдаг аж. АНУ-ын Геологийн алба нь тухайн мужийн ашигт малтмалын ордуудын нөөцийг зөвхөн улсын нөөцөд бүртгэн авч ирээдүйн геологийн судалгааг чиглүүлэх үүрэгтэй ажилладаг. Тэд манайх шиг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ТЭЗҮ, нөөцийг баталгаажуулдаггүй бөгөөд нөөц болон ТЭЗҮ-г зөвхөн батлан даагчийн өмнө л хамгаалдаг байна. Тухайлбал Австралид 100 кг алтны нөөцтэй орд байлаа гэхэд 200 кг алт олборлож буй уул уурхайн компаниар батлан даалт гаргуулахыг шаарддаг учраас манайх шиг эрсдэл үүсдэггүй. Уг батлан даагч нь нөөцийг судлахаас эхлээд бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьж санхүүжүүлэгч болон хөрөнгө оруулагчдын өмнө баталгаа гарган, эрсдэлгүй гэдгийг нотолдог байна.
Магадгүй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс Оюутолгойн ордоор жишээ татаж, болж бүтэж байгаа мэтээр тайлбар өгөх байх. Үнэн хэрэгтээ бидний гол үүц болох Оюутолгойн орд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийн үр дүнд бус ард нь батлан даагч “Рио Тинто” компани баталгаа гаргаж байгаа учраас Канадын хөрөнгийн бирж дээр баттай зогсож нөөц нь баталгаажиж байгаа юм. Хэрэв “Жаст” групп дээрх шиг батлан даагчтайгаар “Олон овоот”-ын ордыг баталгаа гаргуулан авсан бол өнөөдөр “Хадгаламж” банк дампуурлаа хэмээн сууж байхгүй байлаа. Өнөөдрийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээх хууль зүйн чадамжгүй, авлигын сүлжээ байх магадлалтай гэдэг нь дээрх баримтаар нотлогдохоор байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа энэ үед уг хуулийн төсөлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл байх шаардлагатай эсэхийг авч үзэж, үүрэг хариуцлагыг нь тодорхойлох шаардлага гарч ирлээ.
Б.Заяа
/Монцамэ агентлаг/
URL: