Хятадад хотын хүн ам нь хөдөөгийн хүн амын тооноосоо илүү гарлаа
Газар тариалан, ан агнуурын аж ахуй зонхилсон амьдралын хэв маягтай хойд хөршид хотжилт явагдсаар 1960-70-аад оны зааг дээр /ЗХУ-ын үед/ хотын хүн амын тоо хөдөөгийнхнөөсөө илүү гарч байжээ.
Тэгвэл урд хөрш БНХАУ одоо энэхүү түүхийг давтаж байна. ЗХУ-ын үеийн хотжилтод үйлдвэржилт, газар тариалангийн аж ахуйн уналт, Дэлхийн хоёрдугаар дайн ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байдаг.
Тэгвэл БНХАУ -д яг одоо ийм үйл явц өрнөж байна. Тэрбум 335 сая хүнтэй том улс эрчимтэй хөгжиж, аж үйлдвэрийн бүсүүдийг шинээр байгуулж буй. Баян, ядуугийн ялгаа ихэсч, мөнгөтэйчүүд нь багавтар газартай тариачдын газрыг нэгтгэн авах үйл ажиллагаа идэвхжиж байна. Улс ч үүнд өөрийн хувь нэмрээ оруулж, шинэ хотуудыг угсруулан барьж байгаа юм.
Хятад судлаач эрдэмтэн Жон Кинг Фербанкийн бичсэнээс товчлон хүргэе. Тэрбээр “БНХАУ хэдийгээр дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улс болохоор зүтгэж байгаа ч зарим статистик үзүүлэлтийг нь харвал зүгээр л “аймшигтай” гэсэн үг толгойд орно.
Жишээлбэл, 2003-2006 оны хооронд барилга дэд бүтэц байгуулах зорилгоор 51-55 сая тариачны газрыг чөлөөлжээ. Ингэхдээ газар эзэмшигчдэд “Та газар тариалан эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно.
Гэхдээ Хятадад харьяалалгүй газарт л газар эзэмших ёстой” гэсэн ухуулгыг хийгээд тодорхой хэмжээний төлбөр төлсөн байна.
“Нэг гэр бүл-Нэг хүүхэд” хуулийг зөрчин газраа алдсан тариачдыг оруулбал энэ тоо 60 саяд хүрнэ. Сүүлийн жилүүдэд дээрх бодлогын хэрэгжилт өмнөхөө бодвол арай намжсан ч жил бүр 2-4 сая тариачин газраа алдсаар байгаа юм. Эдүгээ Хятадын Засгийн газар нэг тариачин ойролцоогоор хоёр му (0.1647 га-тай тэнцэнэ) газар эзэмшиж байна гэсэн мэдээлэл хийж байна. Гэтэл энэ тоо аль 1996 онд л 1.59 му байсан шүү дээ” гэж бичжээ.
БНХАУ нь “долларын” тэрбумтнуудынхаа тоогоор дэлхийд гуравдугаарт орж ирэв. Баячуудын тоогоор тэд АНУ , ОХУ -ын дараа л орж, Япон, ХБНГУ-ыг ардаа орхижээ. Гэтэл статистикийн тайлан буруу гаргасан гэсэн шуугиан гарснаас хойш тус улсад хэчнээн ядуу хүн амьдарч байгааг мэдэх аргагүй болчихоод байгаа билээ.
Ямар ч л байсан өмнө нь зарлагдаж байснаас их гэдэг нь тодорхой. Эдгээр ядуучуудын ихэнх нь тариачид байгаа явдал хотжилтод ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа юм. У рд хөршид 1996-2007 оны хооронд 125 сая тариачин газраа алдсан гэсэн баримт Jinyang Net-д тавигдсан байна.
Газрыг дэд бүтцийн зорилгоор ашиглах ажил 2006 онд Цзянсу, Хубэй, Сычуань мужид тусгай хөтөлбөр болон хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2008 оноос улам эрчимжиж, бүх орон даяар хэрэгжүүлэхээр болсон байна.
Түүнээс хойш хоёрхон жилийн дотор урд хөршийн нэг мужид дунджаар 20 хот байгуулагджээ. Тариалангийн болхи тосгон орчин үеийн хот болох үйл явц тасралтгүй үргэлжилж, өв уламжлан хийж ирсэн ажлаа өөр газар оронд үргэлжлүүлэх хүсэлтэй иргэдийн тоо ч нэмэгдсээр байна.
Х.Батсайхан
URL: