Бага хурал ирэх даваа гаригт болно

7-31-2

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж ээлжит Бага хурлынхаа товыг тогтоолоо. Олон хоног хэвлэлийнхний анхааралд байсан МАН-ын ээлжит Бага хурал ирэх даваа гаригт Тусгаар тогтнолын ордонд хуралдахаар болжээ.

Энэ удаагийн Бага хурал нэлээд халуун болох төлөвтэй байгаа. Учир нь МАН-д “Шинэчилье” хөдөлгөөн буюу нэг ёсондоо жигүүр ургаад удаж байгаа юм. Өмнө нь ажиллаж байсан жигүүртэй харьцуулбал нэлээд хүчтэй, хөдөлгөөнтэй залуучууд нийлсэн баг бий. Тэд намынхаа дарга нарыг, Удирдах зөвлөлөө бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахыг шаардаж байгаа юм. МАН-ын “Шинэчилье” хөдөлгөөний залуус өнгөрсөн УИХ болон  Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялагдсан хариуцлагыг дарга нараасаа нэхэж, тэдэнд хариуцлага тооцох ёстой гэж үзэн намаа шинэчлэхийг уриалж буй. Тэд санасандаа хүрч, МАН шинэчлэгдэх эсэхийг ирэх даваа гаригт харах нь. МАН-ынхан энэ Бага хурлаар даргаа солино гэсэн мэдээлэл байгаа ч шинэ дарга хэн болох нь тодорхойгүй байгаа юм. Харин хэвлэлд олон хүний нэр таамаг төдий явсаар байна.

М.ЦЭЦЭГ

/Зууны мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих