Оюутолгойн блоклон олборлох уурхайн төслийг блоклов
Оюутолгой. Энэ бол Монголыг нэн шинэ хөгжилд хөтлөх нэгэн шат гэж бид өнөөг хүртэл үзсээр буй. 2009 оны долдугаар сард Эрдэс баялгийн зөвлөлийнхөн энэ ордын нөөцийг 45 сая тонн зэс, 1800 тонн алт, 6000 тонн зэстэй гэж баталсан байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээг зурсан 2009 оны аравдугаар сараас хойш 2012 оны дуустал энэ төсөлд нийт 7,8 их наяд төгрөг буюу 6,2 тэрбум ам.доллар зарцуулсан гэж албан ёсны цахим хуудаст нь мэдээлжээ. Гэрээг үзэглэснээс хойш Оюутолгойн тухай сайн, муу мэдээнүүд ээлжилсээр өнөөг хүрэв. Энэ гэрээ монголчуудад ашигтай, ашиггүйн аль нь болохыг эрүүлээр тунгаах аргагүй болтол үүний тухай олон үзүүртэй зүү шиг ойлголтыг тал бүрээс өгч иржээ. Оюутолгой бол дэлхийд нөөцөөрөө эхний тавд бичигдэх зэс олборлох төсөл. Чухам иймээс бид энэ ордынхоо хувь заяаг байнга харуулдаж, хэдэн жилийн дараа хоосон шороо, цөөн авлигачидтай үлдэхгүйг хичээх нь зүй ёсны юм.
Гэхдээ монголчууд өнөөг хүртэл Оюутолгойн хөрөнгө оруулагч, “Рио-Тинто”-д эргэлздэг нь баттай үнэн.
Өнгөрсөн хугацаанд Оюутолгой компанийнхан Их Британиас асар их үнээр PR компанийнхныг хөлсөлж, монголчуудын толгойг голсон нь амжилтад хүрээгүй нь бас үнэн. Манай Засгийн газарт төлсөн татвар, төлбөрүүд 2010-2012 онд нэг их наяд 237 тэрбум төгрөг, ханган нийлүүлэгчдэд зарцуулсан худалдан авалт мөн хугацаанд 1,4 их наяд төгрөг, Оюутолгой бүрэн хүчин чадлаараа ажиллах үеийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 35 хувьд хүрнэ гэх мэт чихэнд чимэг болохоор тоон мэдээллүүд бий. Гэвч Монгол Улсын иргэн Дорж, Дулмаагийн амьдралд Оюутолгой хэрхэн нэмэр болсон нь энэ цаг үеийг хүртэл бүрхэг хэвээр,”Рио-Тинто”-д хулхидуулах вий гэх болгоомжлол огт буураагүй юм.
Оюутолгой ил уурхайгаа ашиглалтад оруулж, Баяжуулах үйлдвэрээ манай томчуудтай хамт асааж, анхны зэсийн баяжмалаа ч экспортод гаргаад байлаа. Байдал ийн үргэлжилж байтал өчигдөр манай томоохон өдөр тутмын хэвлэлүүдээр “Рио-Тинто” Оюутолгой төслийн хоёр дахь шатны санхүүжилт болох далд уурхайг ашиглалтад оруулах 5,1 тэрбум ам.доллараа сэйфэнд нь түр түгжсэн тухай дэлхийн мэдээллийн агентлагийнхны чимээг дамжуулав. Оюутолгойн төслийн хөрөнгө оруулалтаа нөхөх, ашиг олох гол бүтээн байгуулалт нь энэ далд уурхай юм. “Рио-Тинто”-гийн зүгээс манай говьд дэлхийд хамгийн томд тооцогдох гүн, далд уурхайг барихаар болсноо зарлаад байгаа юм. 2017 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн далд уурхай нь орд газрын үндсэн нөөцийн 80 хувийг олборлох чухал хэсэг нь. Энэ далд уурхайг дэлхийн хэмжээнд гарын арван хуруунд багтах блокчлон олборлох технологийн дагуу барихаар болсноо зарлаад буй. Хямд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл бага, аюулгүй хэмээгдэж буй блокчлох аргаар босох далд уурхайн хөрөнгө оруулалт ийнхүү нэг хэсэгтээ блоконд байх бололтой. “Рио-Тинто” энэ бүхний буруутан нь манай Засгийн газар хэмээж буй. Учир нь манайхан “ Рио-Тинто”-д дараагийн шатны хөрөнгө оруулалтыг хүлээж авах эсэхээ УИХ-аараа хэлэлцэн шийднэ гэсэн хариуг өгчихөөд байгаа юм.
Энэ нөхцөл байдлын улмаас Оюутолгой төслийн хоёр дахь санхүүжилт шийдэгдэж далд уурхайн ажил үргэлжилтэл дахин гурван сар түүнээс ч удаан хүлээх болж байна. Ирэх аравдугаар сарын 5-нд эхлэх намрын чуулганаар Оюутолгойн талаар хэлэлцэж таарна. Тэр үед “Рио-Тинто”, Засгийн газар хоорондын хувь эзэмшлийн хэмжээ, нөөц ашигласны төлбөр, төслийн зардлын өсөлт, байгаль орчны үнэлгээ, монгол ажилчдын хувь зэрэг маргаанууд дахин дэгдэж, Оюутолгойгоос монголчууд юутай хоцрохоо эргэн ярилцах учир цаг хугацаа цаашид хэрхэн сунжрахыг хэлж мэдэхгүй юм.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: