“SPS” телевизийн продюсер Э.Амарсайхан: Английн Премьер лиг зөвхөн манай сувгаар гарна
Английн Премьерлигийг энэ жилээс эхлэн SPS суваг дамжуулхаар боллоо. SPS суваг хэзээнээс байгуулагдсан бэ?
-Э. Амарсайхан: SPS суваг нь Спортын төрөлжсөн суваг бөгөөд дэлхийн тэргүүн зэрэглэлийн спортын том тэмцээнүүдийг албан ёсны эрхийн дагуу Монголын үзэгчиддээ хүргэх гол зорилготой, төлбөртэй суваг юм. Телевиз маань байгуулагдаад удаагүй, өнгөрсөн нэгдүгээр сард Премьерлигийн шууд дамжуулах онцгой эрхийг Монголын телевизүүдийн дунд тендэр зарлаж, “Сансар Эйч Ди” ХХК энэ эрхийг авч манай сувгаар Премьерлиг(ПЛ) гарах боллоо.
-Премьерлигийг авахад ямар шалгуур тавигдсан бэ?
-Шалгуур нь маш өндөр байсан. Мэдээж тендэрт эцсийн шатанд өрсөлдсөн дөрвөн компани бүгдээрээ энэ шаардлагыг ямар нэгэн хэмжээнд хангасан гэж үзсэн учраас дараагийн шатны шалгаруулалт явагдсан. Мэдээж энд хөрөнгийн боломж бололцоог бас харсан. Эцсийн дүндээ “Сансар Эйч Ди” ХХК шударга өрсөлдөөнд ялж 2013-16 оны улиралд ПЛ-ийг Монгол улсад гаргах албан ёсны онцгой эрхийг авсан.
-Та албан ёсны онцгой эрх гэж онцлоод байна. Өмнө нь манайхаас Премьерлигийг гаргаж байсан телевизүүд мөн л энэ эрхийг авч байж гаргаж байсан уу?
-Үгүй. Бид мэднэ дээ, өмнө нь гадаадын сувгуудаас дахин дамжуулах эрхийг л авч байсан. Ингэж бид C1, Боловсрол телевизүүдээр дөрвөн жилийн хугацаанд ESPN одооны энэ FOX Sports сувгийг үзсэн. Одооны аваад байгаа энэ онцгой гэх эрх нь Монголын телевизүүдээс анх удаа авч байгаа эрх. Тэгэхээр бид цэвэр дүрсийг дуу, дүрсний өндөр чанартайгаар авна гэсэн үг. Дараагийн том давуу тал гэвэл, 380 тоглолтыг бүгдийг нь гаргана. Өмнө нь 114 тоглолт дамжуулдаг байлаа шүү дээ. Мөн дээрээс нь Премьерлигийн албан ёсны суваг орж ирж байна, тусгай нэвтрүүлгүүд долоо хоног бүр 2-3 удаа орж ирж байна. Их Британийн “Скай Спорт” Английн Хөлбөмбөгийн Холбоонд шууд дамжуулах эрхийнх нь төлөө олон тэрбум паунд төлж байж авлаа. Ингэхээр гадны бусад телевизүүдэд тавигдах шаардлага, мөнгөний хэмжээ дагаад өсчихсөн. Өмнө нь бидний үзэж байсан гадаадын хэд хэдэн суваг энэ эрхийг үргэлжлүүлэн авч чадаагүй.
-Тэгхээр өмнө нь үзэж байсан гадны сувгуудаар Премьерлигийг үзэхгүй гэсэн үг үү? Танай сувгийн хэрэглэгчид ямар хэрэглэгчид байх вэ?
-Эхний асуултад хариулъя. Монголын газар нутаг дээр зөвхөн SPS сувгаар л Английн Премьер лигийн тоглолтуудыг үзнэ гэсэн үг. Энэ суваг нь зөвхөн “Сансар Эйч Ди” болон ”Ди Дийш”-ийн хэрэглэгчид л үзнэ гэсэн үг. Гадаадын ямар нэгэн сувгаар Монголд гарах эрхгүй. Үүнийг Премьерлигийн ТВ-ийн эрхийг зарж байгаа толгой компани болох IMG сайн мэдэж байгаа, тэд зохицуулалтаа ч өөрсдөө хийнэ.
-Хөлбөмбөгийн фэнүүд их бухимдалтай байх шиг байна. Яагаад өмнө нь үзэж байсан шигээ олон нийтийн сувгаар үзэж болохгүй гэж, заавал ингэж бизнес болгох шаардлага байсан юм уу?
-Ярилцлагын түрүүнд хэлсэнчлэн цаанаасаа тавигдаж байгаа шаардлага нь өндөр байлаа. Хоёрт, гадны контентийн үнэ Монголд огцом өсөхөд нөлөөлсөн хүчин зүйлс бас байна. Өнгөрсөн жилийн Европын аварга шалгаруулах тэмцээний ТВ9 500.000 ам.доллараар авсан. Гэтэл энэ маань 21 хоногт болоод дуусдаг тэмцээн шүү дээ. ПЛ-ийг өмнө нь бид жилийн 150.000 орчим ам.доллараар авч байсан. Гэтэл ЕАШТ-ий дараа хөлбөмбөгийн тэмцээнүүдийн үнэ шууд л 500.000-аас эхэлж байгаа юм. Олон нийтийн ТВ-үүд энэ эрхийг 150.000-аар авчихаад зардлаа нөхөж дийлдэггүй. 50.000 ам.доллараар ивээн тэтгэх нэг газар олох нь Монголд ямар хэцүүг би мэднэ. Тэгвэл одоо өмнө нь авч байсан үнэ нь 8-10 дахин өсөөд ирлээ. Олон нийтийн ТВ-үүд тендерээс шууд эхний шатанд хасагдсан. Том төсөл, зөв менежмэнтийн санаачлагатай компаниуд л өрсөлдсөн. Тэгхээр олон нийтийн ТВ-ээр гарах байсан тэмцээнийг SPS нь үгүй хийлээ гэсэн ойлголт ташаа ойлголт шүү. Бидэнтэй өрсөлдсөн бусад компаниуд энэ эрхийг авсан ч ийм л шугамаар үйл ажиллагаагаа явуулна.
-Үнээ дагаад чанарт бас өөрчлөлт орж байгаа гэлээ?
-Тэгэлгүй яахав. Манайхан одоо Премьерлигийг өмнө нь үзэж байснаасаа доогуур түвшинд үзэх юм шиг ойлгож байгаа хүмүүс байна. Үгүй ээ, өөр түвшинд, өндөр түвшинд хүргэхийг хичээж байна. Яагаад гэвэл цаанаасаа өгч байгаа боломжууд нь өмнөхөөсөө илүү болсон. Бид долоо хоногт үсрээд л гурван тоглолт шууд үздэг байсан бол одоо 10 тоглолтыг 10-ууланг нь шууд үзнэ. HD форматаар.
-Нэгэн зэрэг болж байгаа тоглолтуудыг яаж шууд үзэх вэ?
-Бид дөрвөн өөр сувгаар дөрвөн тоглолтыг шууд дамжуулна.
-Тэгэхээр танай сувгаар зөвхөн хөлбөмбөг гарна гэсэн үг үү?
-Үгүй. Энэ бол спортын төрөлжсөн суваг. Премьер лигээс гадна Аваргуудын лигийн эрхийг авсан. Мөн үүнээс гадна теннис, билъярд, усанд сэлэлт, хөнгөн атлетик, сагс гээд спортын томоохон тэмцээний эрхийг авсан. Манай суваг албан ёсны онцгой эрхтэйгээр авсан бараа бүтээгдхүүнийг л Монголынхоо үзэгчдэд хүргэнэ. Ажил дөнгөж эхэлж байна, хийх юм их байна, мэдээж шинэ юманд дасан зохицоход цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ өмнө нь байгаагүй чанартай бараа аваад эхлэхээр манайхан ойлгоод эхэлнэ.
-Төлбөр мөнгөний хувьд хэд байх вэ?
-Манай маркетингийн алба энэ дээр ажиллаж байгаа. Ойрын хэд хоногоос олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ талаар сурталчилгаа явна. Үзэгчиддээ нэг сайхан мэдээг дуулгахад ПЛ-ийн тоглолтыг олон нийтийн аль нэг сувгаар хамтарч гаргах тал дээр бид бас санал солилцож байна. Тэгэхээр хүлээцтэй байгаарай, удахгүй илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ.
-Сансар кабелийн телевизийн хэрэглэгчид үзэх боломжтой юу?
-Эхний ээлжинд бид ямар бараа бүтээгдэхүүн авснаа, ПЛ яаж өөрчлөгдсөн, та юу үзэх гээд байгааг таниулах, сурталчлах үүднээс аль болох олон хэрэглэгчдэд хүргэнэ. Сансар кабелийн телевизийн хэрэглэгчдэд наймдугаар сарын 17-ноос эхлэх ПЛ хүрнэ. Гэхдээ энэ нь хэсэг хугацаанд гэдгийг ойлгох хэрэгтэй.
URL: