“Рио Тинто”-гийн мэдэгдлээс болж ам.долларын ханш унаж байна
-ЗӨВХӨН ӨЧИГДӨР Л ГЭХЭД ХУВЬЦААНЫ ХАНШ 20-ИОД ХУВИАР УНАЛАА-
Ам.долларын ханш яагаад унав гэдгийн шалтгааныг тал талаас эрцгээж байна.
Мэдээж үүнд “Хадгаламж” банкийг Төрийн банктай нийлүүлсэн явдал, “Стандарт” банкнаас Ш.Батхүүгийн зээлсэн өр зэрэг нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Гэхдээ хамгийн том шалтгаан нь “Рио Тинто”-гийн цочир мэдэгдэл байв.
“Оюутолгойн зэсийн экспортыг хойшлуулахад Монголын Засгийн газар, УИХ нөлөөлж байна” гэсэн мэдээлэл долоо хоногийн турш дэлхий дахинаар түгсээр сүүлийн хэдхэн хоногт л Монголд “ирсэн”. Энэ хооронд тус компанийн хувьцааны үнэ унасаар зөвхөн өчигдөр л гэхэд 20-оод хувиар буурлаа. Энэ л ам.долларын ханшийг “тэнгэрт тулахад” хүргэж орхисон гэх мэдээлэл хамгийн ул үндэстэй ажээ.
Үүнийг улстөржүүлэх нь бүр ч тэнэг хэрэг. Тэгээд ч УИХ-аас Мөнгөний бодлогын талаар төрөөс баримтлах бодлогыг батлахад АН, МАН, ИЗНН, “Шударга ёс” эвслийнхэн, бие даагчид бүгд оролцсон. Тэрхүү бодлогод инфляцийг найман хувьд барих, тэр хүрээнд ам.долларын ханшийг зах зээлийн хүрээнд нь хөдөлж байхаар заасныг эрхэм гишүүд бүгд хүлээн зөвшөөрчихсөн байгаа юм.
УИХ-аар батлагдсан гэдэг утгаараа уг бодлогын баримт бичиг эдүгээ бусад хууль, тогтоомжийн адил хэрэгжих учиртай. Тэгэхээр ам.долларын ханшийг хүчээр барьж байгаад тэсрэлтэд хүргэх үү. Аль эсвэл мөнгөний бодлогын хүрээн дэх зах зээлийнх нь чөлөөт хөдөлгөөнийг нь ажиглаад суух уу гэдгийн хариуг тэндээс олохоос өөр гарцгүй. Харин гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ багассан гэх “хэрэг”-т зөвхөн Монголбанкийг буруутгаад хараад суух эрх хэнд ч үгүй билээ.
Энэ бол бидэнд үл захирагдах нөлөөлөл төдийгүй өмнөх парламентын зарим шийдвэр ч нөлөөлсөн. Одоогийн парламент алдаа болгоныг биш юм аа гэхэд боломжийн хэмжээнд засаж залруулан “зуурсан жонхуу”-г нь цэвэрлэхийг хичээж буй.
“Оюутолгой” ХХК зэсийн баяжмалаа экспортод гаргахад нь Монголын Засгийн газар, тус улсын “найрчин, наадамчин” улстөрчид бүхий УИХ саад болоод шийдвэр гаргаж өгөхгүй байна. Үүнээс болоод зэсийн экспорт хойшилсоор байна” гэсэн мэдээллийг “Рио Тинто”-гийнхон цацсан. Гэтэл үүний цаана өөр учир бийг олон нийт нэгэнт мэдэрч эхэлсэн биз ээ. Тухайлбал “Оюутолгой” ХХК зэсийн баяжмалаа ямар өртгөөр гаргаж байгаагаа тус компанийн ТУЗ дэх гуравхан монгол гишүүнд танилцуулахгүй байгаа нь угийн “толгой дээгүүр, зовхи нь өөдөө” монголчуудын дургүйг хүргэсэн.
Хаа очиж шинэчлэлийн Засгийн газар, Уул уурхайн яамныхан энэхүү учир битүүлэг байдал холбогдох гэрээг зөрчөөд зогсохгүй төрийн байгууллагыг үл тоосон хандлага болж харагдаж байгааг цаг тухайд нь хэвлэлийнхэнд дуулгасан юм. Үүний дараа ТУЗ-ийн гишүүдэд борлуулалтын гэрээний талаар танилцуулж Монголд бүртгэлтэй банкаар дамжуулан орлогоо хийж байх шаардлагыг хүлээн авч тохиролцоонд хүрсэн. Ингэснээр Оюутолгойн ордын зэсийн экспортын үйл ажиллагааг эхэлж байгааг баяртайгаар мэдэгдсэн.
Гэвч одоо хүртэл дэлхийн хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэлд тэр тусмаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарынхны анхаарлыг татдаг төв сайтуудад “Рио Тинто”-гийн зүгээс Монголын талаар сөрөг мэдээлэл цацсаар байна.
Гэтэл хэчнээн чухал, “өндөр дээд хэмжээний” хөрөнгө оруулагч байсан ч Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд хууль, тогтоомжийг нь хүндэтгэн үзэх учиртай. Өнөөдөр Монголын Уул уурхайн яам Засгийн газартаа, Засгийн газар нь аливаа онцгой шийдвэр, зөвшөөрлийг авахдаа УИХ-даа танилцуулах нь зүйн хэрэг төдийгүй Үндсэн хуульд нь заасан эрх мэдэл.
Тэгэхээр нэг компанийн эрх ашгийн төлөө манай улстөрчид амрахаа болиод, найр наадмаа хаяад ирэх ч албагүй. Харин улс орныхоо нийтлэг эрх ашгийн тухайд бол өөр хэрэг. Тэгээд ч компанийнхаа ТУЗ-д нэмэлт хөрөнгө оруулалтынхаа тухай бүрэн танилцуулаагүй байж УИХ, Засгийн газрыг нь буруутгасан мэдээлэл цацаж буй нь “Рио Тинто”-гийн зүгээс Монголын төрийг гүтгэж буй хэрэг юм.
Угтаа “Рио Тинто”-гийн удирдлагууд “өрмийг нь хамаад” байгаа Оюутолгойнхоо тухай Монголын ард түмэнд биш юм аа гэхэд эрх мэдэл бүхий хүмүүст шаардлагатай мэдээллийг өгөх, хэвлэл мэдээллийнхний сонирхсон асуултад хариулах учиртай. Өнөөдөр яагаад 100 жилийн нөөцтэй гээд байсан Оюутолгойн зэсийн нөөцийн хэмжээ 34-хөн жил болоод өөрчлөгдчихөв. Үнэхээр үйл ажиллагаагаагаа эхэлсэн баяжуулах үйлдвэр өдөрт 100 мянган тонн, жилд 36 сая тонн, таван жилийн дараагаас жилд 54 сая тонн хүдэр боловсруулаад эхэлбэл яана гээч.
Экспортын гараан дээр тохироогоо хийгээгүй буюу дутуу хийсэн Монголын төр, “Рио Тинто” хоёрын маргаан дуусахгүйгээр үл барам хойч үе өнөөгийн улстөрчдийг хараагаад барахгүй болов уу. Харин хөрөнгө оруулагч, “сорчилж хамагчид”-ын тухайд өнөөдрийн ашиг олз л чухал. Тэдэнд Монголын хойч үе юуны хамаа байна. Тухайн баялгийн эзэн орны улстөрчид ухаалаг, хатуу, тууштай байж урьдчилсан хамгаалалтаа хэрхэн хийх нь чухал болохоос энэ бол хөрөнгө оруулагчдын хувьд байдаг л зүйл.
Дараагийн асуудал нь Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ “асуудалтай” болчихоод байгаа эгзэгтэй үед экспортоо зогсоосон, шаардлагатай хөрөнгийнхөө хэмжээг нэмсэн нь “Рио Тинто”-г онцгүй түнш болохыг нь харуулж байна. Яагаад нэмэлт таван тэрбум ам.долларын асуудлыг заавал одоо сөхөж тавих болов.
Зарцуулалтынх нь тухай шаардлагатай мэдээг юунд нууцалсаар ирэв гэдэг нь ард түмний эгдүүцлийг хүргэсээр ирсэн. Харин одоо шинэчлэлийн Засгийн газар “Эрхэм хүндэт Рио Тинто”-той тэгж нялуурахгүй. Тэс өөр арга барилаар ажиллана. Дэлхийн гигант компанийн эзэнтэй “энгэр, сэтгэл” нэгтэй ажиллах, тэдэнтэй зоогийн ширээний ард суусныхаа төлөө ард түмнээсээ үнэнийг нуухгүй гэж тэд амласан.
Оюутолгойн ордоос зэсээ олборлож экспортлох ажлыг эхлүүлсэн нь том ажил мөн. Гэхдээ хөрөнгө оруулагч талын гэрээгээр хүлээсэн, хийх л ёстой ажил байсан. Монголын ард түмэн зохих төвшинд нь ач холбогдол өгчихсөн. Харин хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын зардал хэтрүүлсэн, менежментийн төлбөрийн асуудлаа шийдэхгүй, санхүүжилтээ тайлагнахгүй байгаа нь цэвэр хариуцлагын асуудал төдийгүй Монголын төрийг, түүнийг төлөөлж буй Уул уурхайн яамыг, Оюутолгойн ТУЗ дэх монгол гишүүдийг дорд үзэж буй хэрэг.
Тэд тус компанийн ТУЗ-ийн “экс гишүүд”-ийг “дуугүй байлгадаг” шигээ аргацаах эрхгүй. Экс Ерөнхийлөгч Н.Багабанди, “Инээмсэглэл” хамтлагийн дуучин Ч.Ганболд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар “Оюутолгой” компанийн ТУЗ-ийг төлөөлсөн хугацаандаа юу хийсэн юм бэ. Ард түмэн үнэлгээ өгөх боломжтой бол өлсгөлөн зарлахад ч багадмаар дэндүү харийн, хүнийрхүү зан гаргасан. Хэрэв тэдэнд ёс зүй гэж байдаг бол Монголд амьдрахаас ч ичмээр. Монгол Улсыг “Оюутолгой” компанид төлөөлөх гуравны нэг хэсэг болох дээрх гурван монгол төлөөлөгчийг хэт үл тоож байсан тэдний хийрхэлд шинэчлэлийн Засгийн газар цэг тавих учиртай.
Тиймээс ч Монгол Улс Засгийн газартай, Уул уурхайн яамтай. Тэдгээр нь УИХ-д асуудлаа тавьж шийдүүлнэ. Бас УИХ-ын гишүүд нь хуралддаг, завсарладаг, ажилладаг, амардаг цагтай гэдгийг санаж Монгол төрийн ажилд бизнесийнхээ ажлыг тохируулах цаг нь ирсэн бололтой. Мөн Уул уурхайн яамнаас, ТУЗ дэх монгол төлөөлөгчдөөс ширхэг хадаас ч нуухгүй байхыг Монголын ард түмэн шаардах болно. Экспортыг зогсоосон бурууг монголчууд хүлээж олборлосон “гавьяа”-г “Рио Тинто”-гийнхон хүлээх учиргүй.
Цаашид монголчууд “Оюутолгой” шиг олон уурхайтай болно. “Оюутолгой”-гоос өнөө жил “Эрдэнэт үйлдвэрийнх” шиг зэс гарах бол ирэх жил, ирээдүйд түүнээс их хэмжээний ашиг олно. Иймд олзны гараан дээр “тоглоомын дүрмээ” дахин нэг ярилцаж тохирчихоод баялаг руу минь гараа дүрвэл ямар вэ.
У.Оргилмаа
URL: