Гадаадын 100 гаруй Тууль судлаачид Улаанбаатарт чуулна
ССАЖЯ, түүний харьяа Соёлын өвийн төв, ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран “Төв Азийн тууль II” олон улсын симпозиум, их наадмыг ирэх сарын 05-07-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Туулийг хүндэтгэн дээдлэх олон нийтийн үзэл ухамсрыг төлөвшүүлж, судалгааг гүнзгийрүүлэх, үе үеийн туульчдыг сурталчлан алдаршуулж, тэдний нийгмийн үнэлгээг дээшлүүлэх, тууль хайлах нутаг нутгийн уламжлал, дэг сургуулийг өвлөн хамгаалж хойч үед өвлүүлэхэд симпозиум, их наадмын зорилго оршиж байна. Симпозиум, их наадамд Монгол, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Якут /Саха/, БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орон болон Өвөр Монголын өөртөө засах орон, АНУ, БНСУ, Казакстан, Киргизстан, Тажикстан, Конго зэрэг 15 орны 100 гаруй эрдэмтэн судлаачид болон Халимагийн нэрт туульч Цагаанзам, Якутын Олонхоч зэрэг авьяастан оролцох аж.
Туулийн эртний уламжлал бүхий Төв Азийн бүс нутгийн улс орнуудын судлаачид, туульчдыг урьж оролцуулсан “Төв Азийн тууль” олон улсын анхдугаар симпозиум, их наадмыг Монгол улс 1997 онд зохион байгуулж байсан. Энэ онд уг арга хэмжээг хоёр дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд цаашид тодорхой мөчлөгтэйгээр уламжлал болгон явуулах юм байна. Монгол угсаатны аман зохиолын онцгой төрөл болох тууль нь 2009 онд “ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэгдэж “дэлхийд данстай” болсон билээ. Энэ нь Монгол тууль зөвхөн монголын ард түмний төдийгүй хүн төрөлхтний оюуны соёлын үнэт ололт болохыг олон улсын түвшинд баталгаажуулж, уг өвийг хадгалж хамгаалах, хойч үед өвлүүлэх, уламжлах хариуцлагатай үүргийг бидэнд хүлээлгэсэн чухал үйл явдал болсон юм.
Ч.Ариунболд
/Монцамэ агентлаг/
URL: