Угсармал орон сууцыг дулаалж дулааны алдагдлыг бууруулна

8dda946454f50ce0bcfd2e9292e5b9c2_LНийслэлийн хүн амын 20 орчим хувь амьдарч байгаа, ашиглалтад ороод удсан угсармал орон сууцнуудын хана, шал, таазны зай завсраар  дулаанаа алдаж,  дулааны хувийн алдагдал норматив хэмжээнээс 35-40 хувиар нэмэгджээ.

Дулааны алдагдал ихтэй байх нь эрчим хүчний хэрэглээг тэр хэрээр нэмдэг юм байна. Тиймээс Улаанбаатар хотын эрчим хүчийг хэмнэж, зохистой хэрэглээг бий болгохын тулд угсармал орон сууцыг дулаалах, техникийн шинэчлэл хийх шаардлагатай байгааг Улаанбаатар дулааны сүлжээ ХК-ийн инженерүүд судалжээ. Дулаан алдагдалыг багасгахын тулд угсармал орон сууцыг сүүлийн үед шинэ барилгуудад өргөнөөр ашиглагдаж байгаа полистрол буюу хөөсөнцөр дулаалгаар дулаалахад алдагдал 35-40 хувиар буурах боломжтой юм. Улаанбаатар хотод 1965-2000 онд барьсан 1000 гаруй  угсармал орон сууц байдаг. Эдгээр орон сууцыг дулаалбал хотын сүлжээнд 80 Гкал/ц орчим дулааны нөөц гарах боломжтой аж. Энэ нь 3,4-р хорооллуудын хэмжээний орон сууцны хорооллыг дулаанаар хангах, цаашилбал шинээр дахин төлөвлөлт хийж байгаа гэр хорооллуудад сүндэрлэх орон сууцны хорооллын дулааныг шийдвэрлэхэд маш чухал нөлөө ач холбогдолтой. Улаанбаатар дулааны сүлжээ ХК-иас туршилтаар Чингэлтэй дүүрэг, 6-р хорооллын 8 дугаар байрыг дулаалж, дулааны алдагдлыг хэмжиж үзэхэд нэг цагт 1,1т/ц дулаан хэмнэжээ. Тиймээс дулааны алдагдалтай угсармал барилгуудыг дулаалах ажлыг шат дараатайгаар зохион байгуулахаар нийслэлийн удирдлагууд төлөвлөж байна.

Ч.Ариунболд

/Монцамэ агентлаг/


URL:

Сэтгэгдэл бичих