Японы компанид 30 сая төгрөгөө залилуулсан гэв
Японы хөрөнгө оруулалттай “Эй Жэй Спирит” компанид залилуулж, их хэмжээний мөнгөө алдсан гэх иргэн Х.Саранчимэг, Э.Ганзориг нар мэдээлэл хийлээ.
“Алтай Глобал” компанийн захирал Х.Саранчимэг, иргэн Э.Ганзориг нар “Эй Жэй Спирит” компанийн захирал, Япон улсын иргэн Ажито Кожитой өнгөрсөн оны нэгдүгээр сард танилцаж, Япон улсаас автомашины сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны материал оруулж ирэн, Монгол Улсад борлуулж хамтран ажиллахаар болж, хоёр талаас хөрөнгөө тэнцүү хуваан гаргахаар тохиролцсон байна.
Ингээд Х.Саранчимэг, Э.Ганзориг нар өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд нийт 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Монгол дахь дэлгүүр, ажилчдын цалин хөлсийг төлдөг байсан аж.
Гэтэл энэ хугацаанд “Эй Жэй Спирит” компани Япон улсаас оруулж ирсэн бүтээгдэхүүний борлуулалтын орлогын 50 хувийг өгөлгүй дистрибютерийн гэрээгээ зөвхөн өөрийн нэр дээр хийж, түүнийгээ санаатайгаар нуун дарагдуулж байжээ.
Хөрөнгө оруулагч иргэд гэрээ хийхийг удаа дараа сануулсан ч хүлээж авахгүй явсаар өнгөрсөн оны нэгдүгээр сард дэлгүүр, ажлын байр, гараашийн цоожийг сольж, тэдний хохирлыг төлөхгүй гэсэн байна.
Тиймээс Х.Саранчимэг, Э.Ганзориг нар хамтран ажиллахад оруулсан 30 сая төгрөг, үйл ажиллагаа явуулахад зарцуулсан зардал 19 сая төгрөгийг энэ оны хоёрдугаар сарын 9-ны дотор төлөхийг хүсч “Эй Жэй Спирит” компанид гомдлын шаардлага гаргасан ч хүлээж аваагүй учир хууль хяналтын байгууллагад хандахад хүрээд байгаа юм байна.
Б.Номин
URL: