Олон хүнд гай болсон “олон овоот”
Олон хүнд гай болж, олон банкны “толгойг залгисан” орд газар Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд бий. Энэ бол банк дампууруулдгаар нь бараг хүн бүр мэддэг болох гэж буй “Олон овоот” юм. Ингэхэд Олон-Овоот гэж ямар орд вэ. Банкны барьцаанд тавьдгаар нь мэдэхээс бус өөрөөр энэ ордын талаарх мэдээлэл, тийм ч тодорхой бус ээдрээтэй аж.
Ямар боловч энэ алтны орд газар нь ганц бус нийт 16 лицензээс бүрддэг байна. Гэвч нийт нөөц нь тун тодорхойгүй. Монгол Улсын эрдэс баялгийн санд бүртгүүлж, гадны экспертүүдээр тодорхойлуулснаар 18.5 тонн гэж үздэг ажээ. Энэ ордоос болж хамаг юмаа тавиад туучихсан гээд байгаа “Жаст”-ын Ш.Батхүү энэ тоонд нь итгээд л тус ордыг авч хөрөнгө оруулсан нь “Хадгаламж” банкаа дампуурахад хүргэсэн гэж мэдэгдээд буй юм.
Гэтэл Ш.Батхүүгээс өмнө ордын эзэн байсан Ц.Мянганбаяр 2009 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ Геологийн тогтоцоор “Олон овоот”-ын ордын алтны нийт нөөц 100 тонн хүрнэ гэж Канадын компани дүгнэлт гаргасан” хэмээн ярьсан байх юм. “Олон овоот”-ын бүлэг ордын 16 лицензийн мэдээллийг та дээрхи хүснэгтээс хараарай. Эдгээрээс эхний 12 нь “Зоос”, “Анод” хэмээх түүх болсон банкуудын барьцаанд байж тэдний “толгойг залгисан” байна. Харин сүүлийн 4 лицензийг нь “Хадгаламж” банкинд барьцаанд тавьж их хэмжээний зээл авсан нь тус банкны “ясыг барихад” хүргэжээ. Лиценз эзэмшигчид буюу хэргийн эздийн тухайд гэвэл энэ ордын лицензийг анх 1997 онд “Хотш” банкны нэр дээр авч байсан аж. Дараа нь “Бор хайрхан уул” гэдэг компанийнх байснаа “Монгол газар”-ын Ц.Мянганбаярт очиж сүүлдээ “Жаст”-д ирсэн тухай нэгэн өдөр тутмын хэвлэлд бичжээ. Харин одоо энэ орд газар Г.Алтан хатагтайд ирээд буй. Олон талын эх сурвалжийн яриад буйгаар 100, 25, 18,5 бүр 4 тонн алтны нөөцтэй гээд буй энэ ордыг эзэмшигч одоогоор 570 килограмм алт олборлоод байгаа нь л үнэн ажээ.
Олон хүнд гай болсон “Олон овоот”-ын түүх товчхондоо ийм аж. Уг ордоос алт олборлож ашиг олохыг зорьсон хүн бүр зээл аван дампуураад байгааг нь харахаар чөтгөртэй орд ч юм шиг. Яахаараа ч гуравхан тонн алтны нөөцтэй ордыг хэд дахин их болгож зээл аваад байдаг юм, яагаад ч нэг нь хулхидуулаад, нөгөөх нь хулхидаад байдаг юм бүү мэд. Гэхдээ энэ бүхнээс харахад гэнэн тэнэгээсээ илүү зориудаар авсан зээлүүд, зориудаар зохион байгуулсан дампуурлууд гэж хардах нь үнэнд илүү ойр буух бололтой. “Жаст”-ын Ш.Батхүү дампуурлынхаа дараа хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө “ Ашигт малтмалын газраас “Олон овоот”-ын А лицензэд 18,5 тоннын нөөцтэй, Ц.Мянганбаяр ч 25 тонн гэсэн баталгаа гаргаад өгчихсөн байсан. Бид хоёр жил “Олон овоот”-ыг ухсан. Одоо тэр газарт ихээр бодоход гурван тонн л алттай гэсэн дүгнэлт гарсан. Өнгөрсөн оны тайлангаар 97 тэрбумын алдагдалтай ажилласан гэжээ.
“Олон овоот”ын ордыг өмнө нь “Голдман сакс” хэмээх гаднын банкинд барьцаанд тавьснаар, манай “Зоос” банк дампуурч гадныханд алдахаа дөхөж байсан түүх бий. Арай ч алдчихалгүй өөрсдөө авч үлдсэн ч лиценз нь банкнаас банк дамжин барьцаанд явсаар, алтаа олборлосон олборлоогүй хоёрын хооронд байсаар өнөөг хүрчээ. Цаашид Г.Алтан хатагтайн гарт очсон “Олон овоот”-ын хувь заяа одоо хэрхэх бол. Хэвлэлүүд ч эхнээсээ таамаг дэвшүүлэн бичээд байна. Г.Алтан хатагтайн цаана АН-ын нэр бүхий гишүүд байгаа гэх ч яриа гарчээ. Одоо “Олон овоот”-ын үйл ажиллагааг үргэлжлүүлж ашгаа олоход нэн түрүүнд 30 сая ам.долларын санхүүжилт хэрэгтэй байгаа гэнэ. Энэ мөнгийг Г.Алтан Хонгконгоос босгох нь, тэндээс менежментийн баг ажиллуулах нь” хэмээн бичжээ.
“Олон овоот”-ын арилжааны банк болон банк санхүүгийн байгууллагуудын дундын өр, иргэн, аж ахуйн нэгж, татварын өртэйгөө нийлээд 300 тэрбум төгрөг гэж тооцож буй гэнэ. Тэгэхээр санхүүгийн хувьд муугаас ч муу түүхтэй “Олон овоот гоулд”-ыг Г.Алтан хатагтай хэрхэн босгож ирэхээр төлөвлөж байгаа бол…
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: