Д.Бямбасүрэн: Н.Энхбаярын асуудлыг төрийн бодлогын төвшинд зөв шийдэх ёстой

enkhbayar_MEDЧ.ҮЛ-ОЛДОХ

Тал засаагүй яриа” булангийн энэ удаагийн зочноор Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнг урилаа.

-Сайхан зусч байна уу. Та зуслан, гэр хоёрынхоо хооронд явж байна уу. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа уулзаж байгаагийнх сонгууль  ямар болсныг асууя?

-Энэ жил хэлэх юмгүй сайхан зун болж байна. Харин хөл муутай болохоор зуслан гарч чадахгүй сууна. Сонгуулийн тухайд хэлэхэд улс орон үргэлж шилжилтийн үед байж болохгүй. Нэг юмыг өөрчилж байгаа бол түүнийгээ төгс хийж, цаашдын замаа бодож явах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгууль бараан мэдээлэл бага, элдэв янзын будлиангүй аятайхан боллоо. Харин сонгогчдын идэвх буурч байгаа нь сүүлийн үед ажиглагдах болсон. Энэ нь манай улс төрийн намуудад том дохио. Үзэл баримтлалаа,  хүмүүсийнхээ амьдралд хүрэх чадвараа дээшлүүл гэсэн дохио болж байгаа юм байлгүй.

-Сүүлийн үед эдийн засгийн салбарт багагүй асуудлууд гарч байна. Хадгаламж банкийг Төрийн банктай нэгтгэс­нийг та хэрхэн дүгнэж байна?

-Хадгаламж банкны хувьд нэлээд өвөрмөц юм. Эдийн засгийн ерөнхий  байдал аль ноднингоос хүнд байгаа. Өнгөрсөн оны хувьд гаднаас зээл авч аргацааж ирсэн. Гэтэл гол тэнцвэрүүд нь нэгэнт алдагдчихсан, эргэж сэхэхэд хэцүүхэн  явж ирлээ. Гадаад худалдааны алдагдал тэрбум гаруй ам.долларт хүрсэн. Төсвийн алдагдал их наяд хүрэх байдал харагдаж байна. Дээр нь “Муу дээр муу, муухай дээр улцан нэмэр” гэж  Оюутолгой ашиглалтад орлоо гээд хөөрцөглөөд байсан нь бидний урд нь анхааруулж хэлж байсан ёсоор орлогоо гадагш нь зөөгөөд  Монголд оруулахгүйгээр аваад гарчихлаа шүү дээ. Оюутолгойгоос Монголд наалдсан юм  байхгүй. Энэ байдал нэлээд  хүндрүүлж байна. Өнгөрсөн он, түүнээс өмнө эдийн засгийнхаа гол обьектуудыг барьцаанд тавьж зээл авсан нь өнөөдөр хүнд ачаа боллоо. Оюутолгойгоос 250 сая ам.доллар аваад идчихсэн. Тавантолгойг барьцаанд тавиад 350 сая ам.доллар авчихсан. Эцэстээ “Эрдэнэт”-ээ хүртэл барьцаанд тавьсан явдал гарлаа. “Эрдэнэт”-ийг барьцаанд тавьсан нь төр өөрөө ийм зүйл хийж хавтгайрсан халамжаа тараасан хэрэг биш хувийн өмчийн зээлийн баталгаанд тавиад туучихсан байна. Үүнээс харахад эдийн засаг оны сүүлч рүү хүндэрнэ. Ам.долларын ханш 1500 гараад явчихлаа. Банкныхан болохоор хэвийн гэж яриад байна. 2008 оны хямрал эхлэхээс өмнө ам.доллар 1161 төгрөг байсан шүү дээ. Түүнээс хойш 4-5 жилийн дотор хүмүүсийн амьдрал 30-40 хувиар л дээшилсэн. Ингээд бодоход энэ хэвийн үзэгдэл биш.

Хадгаламж банкны хувьд хувьчлалаар гадаадын иргэн авч, сүүлд дотооддоо авлаа гэсэн. Явсаар байгаад эцэстээ Хадгаламж банкийг авсан компани нь дампууралд орсон үед Төрийн банк руу активыг нь татлаа. Энэ том асуудал. Монголын иргэдийн хамгийн өргөн давхаргын мөнгөө хадгалдаг банк шүү дээ.

-Хүмүүс эхлээд Хадгаламж банк гэж шуугиад байсан. Одоо харин олон банк дампууруулсан Олон овоотын ордын тухай ярьж, бичиж байна?

-Олон овоот, “Монгол газар”-ын асуудлыг хэдэн жилийн өмнөөс ярьсан. Олон овоотын орд газрыг “Жаст”-ийнхан “Монгол газар”-аас 25 тонн алтны нөөцтэй гэж авчихаад одоо үнэн хэрэгтээ тэр нь 4-хөн тоннын нөөцтэй болж байна. Нөөцийн баталгаа алдсан учраас зээл баталгаагүй болчихож  буй хэрэг. Энэ юуг харуулж байна гэвэл, Монголын эрдэс баялгаар панз наймаа үсэргэх явдал гэмт хэргийн шинж чанартай болсныг илрэл. Нөгөөтэйгүүр, “Жаст” группийн хувьд 2009-2010 оны шуугианаас харж байхад бас л тэр үеийн эрх баригчидтай холбоотой, тэдний л ойрын санхүүжилтийг хийдэг гол төв нь шүү дээ. Гэтэл өнөөдөр улс орноо ийм байдалд хүргэсэн нь харамсалтай. Тэгэхээр дээд шатандаа чанга, хариуцлагатай хандахгүй бол толгой илээд өнгөрч болохгүй. Одоо нөгөө талд нь “Эрдэнэт” үйлдвэрийг зээлийн барьцаанд тавина гэдэг ТӨХ-ны дарга, “Эрдэнэт”-ийн захирал нарын зүгээс хийсэн тун  болчимгүй алхам. Энэ талаар ч гэсэн хариуцлага ярих хэрэгтэй болох байх.

-Эдийн засгийн тухайд ийм байна. Улс төр, намуудын тухайд ямар дүгнэлт хийж байгааг сонирхъё. Тухайлбал, МАН хуучин, шинэ гээд  талцаж байна. Шинэчлэлийнхэн нь ч дотроо хоёр хэсэг болчихож?

-МАН  бол хуучин МАХН, нөгөө социалист нийгмээ 70 жил удирдаж ирсэн нам. Энэ нам шинэчлэгдэх тухай  1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр ярьж эхэлсэн. Гэтэл 20 гаруй жил болоход нөгөөхөө ярьсан хэвээр сууж байна. Сүүлийн таван удаагийн сонгуульд ялагдлаа. Ялагдахдаа нэлээд тодорхой хандлагууд илэрч байгаа. Тэр нь юу  вэ гэхээр залуучууд АН, ардчилсан хүчин рүүгээ нэлээд хандах болсон. Мөн Улаанбаатар хотод мэдээлэлд ойр байгаа хэсэг нь энэ нийгмийнхээ төлөө, ардчиллыг дэмжих чигтэй. Тэгэхээр МАН-ын байр суурь асар их суларч байна гэсэн үг. Өнгөрсөн дөрвөн жилд МАН төр барьж байхдаа хийж болох нүглийг бараг бүгдийг хийсэн. 2008 оны долдугаар сарын 1-нд хүн буудсанаас эхлээд намын байран дотроо нэг хүнийг гавлаж хүлж байгаад үхүүлсэн биз дээ. Түүнээс эхлээд хүн амины хэрэгтэй холбоотой асуудал их бий. Дараагаар нь Оюутолгойн гэрээний асуудлууд, түүний араас хавтгайрсан халамж, хээл хахууль, авлигын гээд ер нь хийж болох бүх нүглийг хийсэн. Сүүлд сонгуулийн үеэр албан тушаалаа ашиглах, төрийн албыг худалдах байдал руу орсон. Үүнээс харахад хэдийгээр 20-иод жил шинэчилж байна, шинэчлэгдэе гэж ярьж буй боловч улс төрийн хүчингүй улс орноо авч явах үзэл баримтлалаа тогтоож чадаагүй, зөвхөн өөрийн албан тушаалыг шилжүүлж, солих замаар явж ирлээ. Энд би зөвхөн өөрийн итгэл, үнэмшлээр ярих ёстой байх. Миний ойлголтоор бол МАН үзэл бодлын хоосролд орж, түүхийн тавцнаасаа буух цаг нь болчихжээ гэж бодож байгаа.

-Шинэчлэл хийнэ гээд байгаа. Тэр нь юу болох бол?

-Сонгуулийн дараа  нэг хоноод намын дарга нараа огцруулъя, шинэчилнэ гэж ярих юм. Нам шинэчилнэ гэдэг чинь өөрийн философийг шинэчлэхтэй холбоотой. Тэр нь сонгуулийн дараа нэг хоноод ярьдаг асуудал биш. Үүнээс харахад шинэчлэл гэдэгтээ их өөрөөр хандаад байна. Ер нь шинэчлэгдэж чадах уу гэдэг асуудал мэдээж намын эгэл жирийн гишүүд, хуучин тогтолцооныхоо сэтгэхүйгээс салж чадахгүй байгаа хүмүүсийн хувьд энэ нам байх нь ашигтай, хэрэгтэй гэж бодох байх. Байлаа гээд улс орондоо хэрэгтэй юм хийж чадах уу. Оюутолгой, Тавантолгойн гэрээний асуудлыг аваад үзье л дээ. Улс орныхоо хувь заяаг шийдэх ийм том асуудлуудыг удаа дараагийн Ерөнхий сайдууд нь “Би толгойгоороо хариуцна” гэж байгаад хийсэн. Өнөөдөр ямар байдалд ороод байгаа нь бүгдэд илэрхий байна. Улс орноо өр зээлийн барьцаанд тавьж, төрийн өндөр албан тушаалыг олж авахын төлөө зүтгэдэг улс төрийн хүчин нийгэмдээ тус болохоосоо хор болох нь илүү гэж бодогдож байна.

-АН ч  дотроо асуудалтай байх шиг. Н.Алтанхуягаа огцруулж, шинээр засаг байгуулна гэж хаваржин шуугилаа?

-Тэр бол шуугиж л байдаг зүйл. Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг дөрвөн сард МАН-ынхан тавьсан. Тэгээд огцруулахгүй гэж их хурлаараа шийдсэн шүү дээ. Дахиад зургаан сарын хугацаанд асуудал сөхөх боломжгүй. Тэгэхээр шуугиан гэсэн үг. Хуулиараа тийм боломж байхгүй.

-Тэгвэл Засгийн газар нь яаж ажиллаад байна вэ. Ерөнхий сайд байсан хүний хувьд та тунгааж үзсэн  байх?

-Ажил хийж бүтээхийн төлөө хөөцөлдөж, шуугиж байгаа зүйл байна. Гэхдээ нэг биш удаа хэлдэг л дээ, эдийн засгийн бодлого нь зангидагдахгүй байна гэж. Хамгийн гол асуудалдаа байгаа хүчээ төвлөрүүлж түүнийгээ шийдэх чадвар дутмаг байна. Энэ байдал юутай холбоотой вэ гэвэл зөвхөн Н.Алтанхуяг гэдэг хүнтэй холбоотой биш байх. Миний ойлгож байгаагаар  Засгийн газрын бүтэцтэй холбоотой. Засгийн газар дотор эдийн засгийн гол бодлогоо чиглүүлдэг төв штаб нь Эдийн засгийн хөгжлийн яам гээд байгаа аппарат. Өмнө нь Хөгжлийн хороо ч бил үү тэгж нэрлэдэг байсан. Гэтэл хороо нь багадлаа гэнгүүт ах дүүсээ аваачаад яам болгочихсон чинь нөгөөх нь зүгээр л өдөр тутмын ажил хөөцөлдөж явдаг хэдэн яамны нэг болж хувирсан. Нэг үгээр хэлбэл, Бондын яам гэж нэрлэвэл зохих болчихоод байна. Уг нь Эдийн засгийн хөгжлийн яам хэмээгч төв нь бодлогынхоо гол чиглэлүүдийг, түүнд зарцуулах хүч, нөөц бололцоогоо тооцож, өөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэх мэтээр дэс дараатай явсан бол ажил нь урагшлах байлаа. Гэтэл тэрбум таван зуун саяын бонд гаргачихаад мөнгө нь орж ирсний дараа заримыг нь юунд зарцуулахаа мэдэхгүй сууж байх жишээтэй. Үүнээс харахад эдийн засгийн бодлого нь зангидагдахгүй  байна гэсэн ойлголт төрж байна.

-Тэгвэл цаашид үүсэх том асуудал юу  байх бол?

-Хүмүүсийн амьжиргааны асуудал. 2011-2012 онд хавтгайрсан халамж гэж бидний ярьдаг арга хэмжээний дүнд асар их мөнгө тараасан. Хүн амын ядуу зүдүү хэсэгт хоног залгуулах арга болж байсан байх. Гэтэл түүнээс хойш инфляцийн төвшин нэмэгдлээ, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдлээ. Үүний дараа хүмүүсийнхээ амьдралыг гүйцэд тэтгэх асуудал гарна.  Төр, засаг  бодлогын юм ярьж  УИХ-д очоод инфляцийг нэг оронтой тоонд багтаана гэж амладаг. Хүн харахад сайхан амлаж  байгаа юм шиг. Тэр инфляц гэдэг нь зайлшгүй байх ёстой шиг ойлгогддог. Гэтэл мөн чанартаа бизнес эрхлэгчдээ 9.9 хувиар нэмээд ир, бид дуугүй сууна шүү гэсэн үг. Тэгж нэмэгдээд байхаар иргэдийн амьдрал 9 хувиар буурахгүй биз дээ. Энэ асуудал хоёр жил хуримтлагдлаа. Яваандаа шийдэхгүй бол болохгүй. Хөрөнгө, мөнгөний асуудал яаж эргэхийг одоо хэлэхэд хэцүү. Одоогийн байдлаас харахад алтны үнэ тогтвортой төвшинд байна гэхэд  1300 ам.долларын үнэтэй байгаа. Зэсийн үнэ 7000 ам.долларт хүрэхгүй. Нүүрсний үнэ харин буурах хандлагатай байж магадгүй. Үүнээс харахад Монголын эдийн засагт гадаад хүч давамгайлж болзошгүй. Өмнө нь манай дотоод асуудалд гадаад хүчний нөлөө нь Засгийн газар нь боломж муу байв. Тэгэхээр ийм үед түүнийг яах вэ  гэдэг асуудал ярихыг үгүйсгэж болохгүй. Ер нь тэгээд АН дотроо олон фракцтай, тэд нь өөр өөрийн амбицтай нь хэнд ч нууц биш. Уг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь АН-ынх байхад Засгийн газар нь юм хийвэл хийх цаг. Үүн дээрээ хүчээ нэгтгэх эсэхээс их зүйл хамаарна.

-Дарга нь шоронд  хоригдож “Эзэнгүй айл” шиг байгаа МАХН болон, амь нас нь цаг хормоор хэмжигдэж буй  Н.Энхбаярын тухайд ямар бодол, эргэцүүлэл танд байна?

-Саяын сонгуульд МАХН чамгүй амжилттай оролцож, улс төрийн үзэл бодлоо хүмүүст ойлгуулах алхам хийлээ. Гэхдээ намын даргыг нь шоронд хийж, янз бүрийн хаяг, шошго зүүж буй нөхцөлд улс төрийн өрсөлдөөнд ороход хэцүү. Н.Энхбаяр гэдэг хүний шоронд байгаа асуудлын талаар ерөнхийдөө  хоёр  бодол надад төрдөг. Эхнийх нь хүний эрх, эрх чөлөөний тухай асуудал. Төр иргэнээ буруутгаж эрх чөлөөнд нь халдахдаа туйлын шударга байх ёстой. Гэтэл Н.Энхбаярын тухайд анхнаасаа үүсгэж ялласан таван хэргийн гурав нь одоо хүчингүй болчихсон. Таваас гурав гэдэг чинь төр яллаж байгаа тэр хэргийнхээ 60-70 хувьд нь худал хэлсэн болж таарч байна. Ийм хэргээр хүнийг яллана гэдэг ардчилсан нийгэмд байж болохгүй. Манайхан хууль дээдэлнэ, хууль биелүүлнэ гэж ярьдаг. Тэгээд хүн харгислах болохоороо хууль ярьчихаад хүний эрхийг хамгаалах болохоороо хуулиа мартчихдаг. Ийм байж болох уу. Болохгүй шүү дээ, энэ бол нэгдүгээр асуудал. Ер нь Н.Энхбаяр гэдэг хүнд хэрэг тулгаж тасалсан  шүүх хурал  Монголын шүүх, засаглал яаж ажилладаг юм бэ гэдэг “анатоми”-ийг зөвхөн монголчуудад төдийгүй дэлхий нийтэд харуулчихсан. Тэр шүүх  хурал үнэхээр энэ хүн гэм буруутай гэж хэнд ч итгэл  үнэмшил төрүүлж чадаагүй. Чадах ч үгүй байсан байх. Ийм байдлаар тэр хүнийг яллаад ял эдлүүлж байна. Үүний талаар би удаа дараа байр сууриа илэрхийлсэн. Н.Энхбаяр гэдэг хүнийг үхрийн бөөр шиг эрээвэр хураавар янз бүрийн асуудлыг цуглуулж дутуу дулимаг шалгасан, нотолсон асуудлаар ялласан явдал нь авлигын эсрэг тэмцэх хэргийн нэр төрийг гутааж, эрчийг нь сааруулж, хориг тавих гэсэн  авлигачдын өөрсдийнх нь хийсэн хэрэг байх гэж боддог.

-Н.Энхбаяр өвчний учир ялаас чөлөөлөгдөх хүсэлт тавьсныг шүүх эмч нар боломжгүй гэсэн байна?

-Төр хүнийг яллаж болно, гэм буруутай бол яллаж болно. Хэрэв  ялласан бол тэр хүнийхээ эрүүл мэндийг бас хамгаалах, хариуцах  ёстой. Гэтэл тэр хүний эрүүл мэнд ноднин жилээс доошилж ирлээ. Мэдээллийн хэрэгслээр гарч байгаагаас үзэхэд жин нь 37 кг-аас давж буурсан байна. Молекулын  төвшинд бие организмын хямрал явж байна гэсэн ойлголт төрж байна.Энэ одоо ярьж байгаа зүйл биш. Өнгөрсөн жилээс Н.Энхбаярыг Монголд оношилж, эмчилж чадахгүй  юм байна. гадаадад явуулж эмчлүүлье гэж хэсэг хүн ярилаа. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан “Өөрөө  өөрийнхөө эрүүл мэндийг доройтуулсан” гэсэн хариу өгдөг юм гэнэ лээ. Энэ үнэхээр үзэшгүй муухай,  харгис бүдүүлэг  хариулт. Шүүх эмнэлгийнхэн өлсгөлөн зарласан хүний эс задардаг гэдгийг яаж нотолж байгаа юм бэ. Энэ чинь бид мэтийн удирдахуйн ухааны ном заалгасан улсад хичээл заахдаа наадах чинь сэтгэхүйн дарамтаас болдог юм, цочролоос үүсч болно, гаднын янз бүрийн шалтгаанаар үүсч болно. Энэ бүхнээс болж үүсвэл  тэр чинь хүний бие организмыг сэхэхгүй болтол доройтуулдаг юм гээд тов тодорхой ойлгуулж ирсэн онол шүү дээ. Ингээд бодоод үзэхэд шүүх засаглалынхан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан нөгөө эрүүгийн гэмт хэрэгтэнтэй харьцдаг тэр зангаараа, тэр байдлаараа Н.Энхбаярын эрүүл мэндийг шууд хохироож байна. Ямар ч байлаа гэсэн бодох өөр нэг тал бий. Н.Энхбаяр гэдэг хүнийг яллахдаа янз бүрийн хэргээр яллалаа гэдгийг би түрүүнд хэлсэн. Тэр Төрийн тэргүүн байсан хүн. Монгол Улс гадныхны гарт төр, засгийн тэргүүнүүдээ алдсан нь цөөдөөгүй. Би 14 дэх Ерөнхий сайд гэхэд 11 нь тийм байдлаар амь үрэгдсэн юм шүү. Гэтэл одоо яаж байна гэвэл, монголчууд Ерөнхий сайд байсан хүнээ өөрсдөө шоронд хийгээд хороочихож гэнэ гэсэн түүх бичүүлэхийн өмнө тулж ирээд байна.                 Үүнийгээ ухаарахгүй бол засч болохгүй алдаа болж болох юм.

-Цаашид яах бол?

-Ухаалаг хандах юм бол тэр хүнийг эмчлүүлэх зайлшгүй шаардлага бий. Хүний организм эсээсээ дотогш орж молекулын төвшинд хямарч эхлэх юм бол Монголдоо эмчлэх нь байтугай оношилж ч чадахгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан сүүлдээ бид буруу онош тавьжээ гээд уучлал гуйхгүй байх л даа. Ер нь явж явж төрийн бодлогын төвшинд шийдэх асуудлыг засан хүмүүжүүлэх газрынханд хариуцуулж болохгүй. Тэгж ч тэд оролцох хэрэггүй шиг байгаа юм. Би ийм л бодолтой байгаа, Н.Энхбаярын хувьд.

Намынх нь тухайд хэрэв  Н.Энхбаяр  суллагдаж, эрүүл мэнд нь сайжирвал МАХН улс төрийн хүчний хувьд ард түмнийхээ дунд орж ажиллах боломж нь ч нэмэгдэнэ, цаашид улс орны амьдралд оролцох боломж нээгдэх байх гэж харж байна.

-Та түрүүнд улс орны хөгжлийн бодлогын тухай ярьсан. Манайх хөгжлийн ямар бодлогоор явбал эдийн засаг илүү сэргэх, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх боломжтой вэ?

-Хөгжлийн асуудлыг бодоход эхлээд бид ямар замаар хөгжиж болохгүй вэ гэдгээ бодоод үзчих хэрэгтэй байгаа юм. Сүүлийн хэдэн жил манайхан уул уурхайгаар хөгжинө гээд бараг л амтай болгон ярилаа. Эргээд харсан чнь уул уурхай маань Монгол орныг гаднын их гүрний хараат, хавсарга болгох үүд хаалгыг нээдэг юм байна. Уул уурхай өөрөө савлагаа ихтэй, тиймээс тогтворгүй байдалд оруулдаг.Экологи, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг хангалттай харлаа. Тэгэхээр уул уурхайгаар хөгжихгүй юм байна гэдэг ойлгогдож байгаа. Бид ямар замаар хөгжих вэ гэвэл, хүн төрөлхтөний нэг л зам бий. Мэдлэг ухаан шингэ­сэн бүтээгдэхүүн гаргаж үйлдвэрлэх ёстой. Уул уурхайнхаа түүхий эдийг боловсруулж, нүүрсээ кокс болгоод гаргачих хэрэгтэй. Эсвэл цахилгаан эрчим хүч болгоод экспортлох хэрэгтэй. Зэсээ дотооддоо хайлуулчих хэрэгтэй. Хайлуулсан зэсээрээ кабель хийх хэрэгтэй. Түүгээрээ цахилгаан хөдөлгүүр хийх хэрэгтэй. Ингээд өөрсдөдөө байгаад технологи шингээж, тийм баялгийг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй ухаад ачаад байх юм бол бид ард нь өр зээлтэй хоцорно.

-Тэгвэл та одоо  улс орны хэмжээнд,төр засгийн төвшинд ярьж буй зүйлүүдийг хэрхэн дүгнэж байна?

-Мөрөөдлийн зүйлүүд их ярьж байна. Нэгэн үе Богд уулыг сэтлээд Төв аймаг руу зам гаргана гэдэг байсан. Төв аймагт байгаа арван хэдэн хүн Богд уулын доогуур явах чухал уу. Тэгсэн сүүлийн үед метроны тухай, Сэлэнгэ мөрөнд дээр цахилгаан станц барих тухай ярих боллоо. Эхлээд судалгаагаа үзэх хэрэгтэй юм. Улаанбаатар том хот биш. Зайлшгүй метро барих төвлөрөл байна уу, үгүй юү. Төмөр замаа дагуулж, түүгээр цахилгаан тэрэг явуулж ч болох шүү дээ. Хараад байхад манайхан гадныхан монголд хөрөнгөө байршуулаад сүүлд нь түүнийгээ ямар нэгэн арга, хэлбэрээр буцааж авах тэр сонирхолд нь хөтлөгдөж хэт том төслүүд рүү анхаараад байна. Жишээ нь, бондын төсөл гэхэд л баахан аймгийг авто замаар холбоно гээд шийдчихэж байна. Тэр зам мөддөө ашиг өгөхгүй. Нөгөө талаас тэр зам хэдэн жилийн дараа эргээд засварын мөнгө гээд барьснаасаа илүүг шаардаж эхэлнэ.  Түүхий эдийн байршил сайтай, ачаа  эргэлт бий болох ирээдүйтэй чиглэлээр зам тавихыг үгүйсгэж болохгүй. Гэтэл Их хурлын  гишүүд машин унаж давхихын тулд хэдэн тэрбумаар зам  тавих нь байж боломгүй асуудал.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих