Орон нутагт дураар авирлагч хятадуудыг харгалздаг хууль байна уу

527-1375154169middle-   Хятадуудын тавьсан урхинаас болж иргэдийн мал хорогджээ - 
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төмөр замын депогийн байрыг хятад ажилчид өнгөрсөн жил барьжээ.  Тэд барилга барих нэрийдлээр жилийн өмнөөс Ерөө сум уруу цувж эхэлсэн байна. Угаасаа есөн шидийн юм сэддэгээрээ алдартай хятадууд барилга барих зуураа гар хумхиад хий хоосон суусангүй.
Тус сумын нутаг дэвсгэрт ургадаг ховор эмийн ургамлуудыг түүж, ан амьтан барихаар иргэдэд мэдэгдэхгүйгээр урхи хүртэл бэлдэж эхэлжээ.  Хятадуудын гар аргаар бэлдсэн төмрөөр хийсэн жижигхэн урхинд  ховор ан амьтдаас илүүтэй мал өртөж хөлөө гэмтээх болсон байна.
Өнгөрсөн жил гэхэд 10 гаруй айлын мал хятадуудын урхинд орж, шархтай мал нь сүргээсээ хоцорч чононд бариулсан тохиолдол ч гарчээ. Үүнээс болж нутгийн иргэд бухимдаж бөөн хэл ам үүсгэсэн ч малчдад шархны эм өгөөд амыг нь таглачихжээ.
Хүний нутагт ирчихээд дураараа дургиж уул талаар нь урхи тавьсан хятадуудад хариуцлага тооцож өгөхийг иргэд цагдаагийнхан болоод сумын удирдлагуудаас удаа дараа хүсчээ.
Гэвч албаныхан хүсэлтийг нь авч хэлэлцэхгүй болохоор арга буюу шархадсан малаа  анагаах эм аваад чимээгүй өнгөрсөн байна. Хятадуудыг хөөдөггүй юмаа гэхэд урхийг нь олж устгахад туслахыг иргэд цагдаагийнхнаас шаардсан байна. Ингээд хамтарч хайхад ойгоос 30 гаруй урхи олджээ.
Гэтэл энэ жил дахиад нөгөөх гайтай хятадуудын гэх тодотголтой урхи нь иргэдийн толгойны өвчин болжээ. Өнгөрсөн жил чимээгүй өнгөрсөн одоо тэсэхгүй гэж нутгийн иргэд хариуцлага тооцуулахаар хуулийнханд хандтал барилга барьсан хятадууд нь аль хэдийнэ нутаг буцчихсан байж.
Тиймээс эрдэнэт сүргээ алдсан иргэд хэнээр хохирлоо барагдуулахаа мэдэхгүй мунгинаж яваа сурагтай. Барилгын ажилчин гэх тодотголтой хятадууд манайд олноор ирдэг.Тэднийг цаагуураа чухам ямар санаа, зорилготой ирдгийг хэн ч мэдэхгүй.
Юутай ч иргэдийг хохироосон энэ хэргээс харахад хятад ажилчид барилга барихын хажуугаар ховор ан амьтан хууль бусаар агнах сэдэлтэй байсан нь тодорхой байна. Гэтэл хятад ажилчдыг хуулийн хүрээнд ажиллаж байгаа эсэхийг нь цагдаагийнхан шалгадаггүй болохоор тэд хүний нутагт эзэн суучихсан мэт аашилдаг биз.
Ямар сайндаа л хятадуудын хийсэн үйл лай нутгийн иргэд үүрч байх вэ дээ. Уг нь хууль хяналтын байгууллага хятадуудыг зөвшөөрөлгүй урхи тавьсан гэх үндэслэлээр хариуцлага хүлээлгэж, иргэдийн хорогдсон малын нөхөн төлбөрийг гаргаж өгөх ёстой байтал төрийн цагдаа нь хятадуудын урхийг өөрөө түүгээд явж байх гэж.
Энэ байдлаараа бол манайд ажиллах хүч нэрийдлээр орж ирсэн хятадууд ховор ан амьтанд биш удахгүй бидэнд урхи тавихад ойрхон байх шиг.  Ингээд хятадуудын бэлдсэн урхинд малаа алдсан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нэгдүгээр багийн иргэн Т.Эрдэнэтунгалагаас цөөн асуултад хариулт авлаа.
-Танай хэдэн мал хятадуудын урхинаас болж бэртэж гэмтсэн бэ?
-Ганцхан манай мал урхинд орсон юм биш. Ойр хавьд зусдаг олон айлын мал урхинд өртсөн. Манай нэг байдас урхинаас болж үхлээ. Би  цагдаагийнханд хэлсэн. Зургийг нь аваад явсан.  Хамгийн гол нь урхинд орж хөл нь шархадсан мал сүргээс хоцорч чоно, нохойны хоол болчихоод байна.
Өтөхөөс өгсүүлээд халуунд зовлон их шүү дээ. Өнгөрсөн жил барилгад ажиллаж байсан хятадууд ийм гайтай урхи хийсэн. Уг нь бид нар цагдаагийнхантай нийлж түүсэн юм л даа. Дутуу түүчихсэн бололтой юм. Дахиж гарч ирээд байна. Хаана, хэдэн ширхэг байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ.
-Хохирлоо хэнээс гаргуулах вэ ?
- Хятадууд нь барилгаа барьж дуусаад яваад өгчихсөн. Одоо хэнээс бид үхсэн малынхаа үнийг авахаа мэдэхгүй байна. Юутай ч эхлээд цагдаад мэдэгдсэн. Бид өөрсдөө ч хятадуудын урхинаас болж үхсэн гэдгийг нь баримтжуулсан. Цагдаа нар ч тоохгүй юм.
- Урхи нь яг ямархуу эд байх юм бэ? 
Хятадууд өөрсдөө л хийсэн болов уу. Жижигхэн арзгар төмрөөр хийсэн эд байна лээ. Тэрийг чинь олоход хүртэл төвөгтэй. Гар хуруу гэмтчих гээд байдаг юм.  Зөвхөн мал ч гэлтгүй хүн бэртэх эрсдэлтэй. Анхнаасаа ийм юм хийлгэхгүй байсан бол дээрсэн. Би үхсэн малынхаа нөхөн төлбөрийг барагдуулж байж сална.
- Танай суманд байсан хятадууд ховор ан амьтан агнасан болов уу ?
- Мэдэхгүй. Агнах гэж тавьсан юм чинь хоосонгүй биз. Ер нь манай энүүгээр хятадууд байдаг юм. Байгалийн баялаг ихтэй болохоор шунадаг байх. Төмөр замын депогийн барилгад ажиллаж байсан хятадууд лав их удсан. Өвөл ч хүртэл байж л байсан санагдана.
Өнгөрсөн жил манай сумынхан харин ч чимээгүй өнгөрөөсөн. Олон айлын мал бэлчээрт явахдаа урхинд орж гэмтсэн. Хятадууд лав нөхөн төлбөр гэж мөнгө өгөөгүй. Гэмтсэн малаа анагаагаад эдгэчихээр нь иргэд хэл ам хийлгүй мартчихсан байх.
Ц.Оюунтунгалаг
Эх сурвалж: Үнэн.мн

URL:

Сэтгэгдэл бичих