М.Найданхүү: МАН үзэл баримтлалын мухардалд орсон, үүнийгээ ярихгүй байна
“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор МАН-ын дэргэдэх “Шинэ Хүч” хөдөлгөөнийг үндэслэгч, Норвегийн Амьдралын их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, хөгжлийн бодлого судлаач М.Найданхүүг урилаа.
-Та намаа, шинэчлэлийн залуусаа нэлээд хурц шүүмжилж байсан. Түүнээс МАН дотроо талцаад зогсохгүй шинэчлэгчид нь ч хоорондоо ч зөрчилтэй гэж ойлгогдож байна?
-Манай нам сүүлийн сонгуулиудад ялагдлаа. Бурууг нь цөөн хэдэн дарга нараас хайгаад байна. Би намаа шинэчлэх хөдөлгөөнд нэгдсэн. Гэвч үзэл бодлын хувьд зарим талаар зөрчилдөж байгаа. Түүнээс хоёр хуваагдлаа, тэр нь мөн дотроо салж тусгаарласан юм байхгүй.
Жишээ нь, намын Бага хурлыг хуралдуулахыг шинэчлэлийн зарим нөхөд шахаж байна. Бид үүнтэй санал нийлэхгүй. Долоо, наймдугаар сар монгол даяар, цаашилбал дэлхий даяар зуны амралтын сар шүү дээ. Энэ үеэр Бага хурал хийвэл ирц бүрдэхгүй, цөөн хүн хуралдах юм бол хуйвалдааны шинж чанартай болно. Иймд ирэх намар намын Их хурлыг хуралдуулъя гэж Удирдах зөвлөлд хэлсэн. Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлтэйгээ хамтран их хуралдаа бэлтгэх хэрэгтэй байна. Шинэчлэл гэдэг маань олс татаж байгаа юм биш шүү дээ. Нийлж суугаад алдаа оноогоо ярилцах ёстой. Яагаад гэвэл энэ чинь бидний дотоод асуудал. Гэтэл зөрчил их байна.
-Намын их хурал хуралдлаа гэхэд ямар асуулыг хэлэлцэх ёстой гэж үзэж байна?
-Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргад итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцүүлж олонхийн саналаар шийдэх ёстой. Тэд намыг удирдаад дөнгөж нэг жил болж байна. Намын дүрмээр бол тэд Бага хурлаас томилогдсон. Их хурлаар баталгаажих ёстой. Өнгөрсөн хугацаанд орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийг амжилт муутай үдлээ. Тэгэхээр намын их хурлаар итгэл үзүүлэх, эсэхийг хэлэлцүүлж, хариуцлага тооцно гэвэл огцруулаад шинэ баг бүрдүүлээд явах учиртай. Хурлаар ярих ёстой гол асуудал нь намын төлөвшилт, тогтворжилтын асуудал юм. Намын төлөвшил үзэл баримтлал буюу хөгжлийн бодлогоо тодорхойлоход оршдог. Энэ нам ард түмэнд юу хийж өгөх гээд байна вэ гэдгийг тодорхой тавих ёстой. Аливаа улс төрийн нам аль нэг бүлэглэлийн өмч биш, улс орны хөгжлийн бодлогыг гаргаж тавьдаг институт. Ийм болж хөгжих ёстой.
-МАН үзэл баримтлалын мухардалд орж шинэчлэх гээд ч гарцгүй болчихсон, зөвхөн тарах зам л үлдсэн гэж бусад намынхан, ажиглагчид хэлээд байгаа юм биш үү?
-Мухардалд орсон нь үнэн. Үүнийгээ ярихгүй байгаад гол учир нь байна.
-Ингэж шүүмжлэх амархан, харин та намаа аврах ямар гарцыг олж харсан юм бэ, учраа олохгүй бужигнаж буй МАН-д тэгээд ямар сонголт үлдэж вэ?
-Юуны өмнө хөгжлийн бодлогоо тодорхойлох ёстой. Зүүний чиглэлээр хөгжиж буй Скандиновын орнууд, тухайлбал Норвеги, Швед, Данийн хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалдаг намуудаас суралцах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тэдгээр улсад 1880-аад оны сүүлчээр нам бий болж 1920-иод оноос улс орноо удирдаж, хүнлэг, ардчилсан тогтолцоог бий болгосон. Тэгэхээр тэдний хөгжлийн бодлогоос, стратеги,тактикийн талаас нь суралцах ёстой.
-Скандиновын орнуудаас алийг нь хөгжлийн загвар болж чадна гэж үзэж байна?
-Би 2002 оноос Норвегийн их сургуульд ажиллаж, доктор хамгаалаад тэндээ хөгжлийн бодлого судлаачаар ажиллаж байна. Манай улс Скандиновын орнуудтай төстэй. Хүн ам, байгалийн баялагийн хэмжээ ч адилхан. Тэдний байгуулж байгаа социализмыг би алтан дундажий нийгмийг байгуулах гэж тодорхойлж байгаа. Тэгэхээр алтан дундажийн нийгмийг байгуулах хөгжлийн бодлогыг МАН хэрэгжүүлэх ёстой. Энэ нь хүн болгон ажилтай, өндөр цалинтай, өрх бүр аз жаргалтай ийм нийгэм байх юм. Нийтийн баялаг болсон уул уурхай, ашигт малтмалаа цөөн хүн луйврын аргаар эзэмшиж эзэн сууж баяжих биш хүн болгон, нийтээрээ баяждаг Норвеги шиг болмоор байна.
-Тухайлбал?
-Тэнд байгалийн бүх баялаг нь төрийн мэдэлд байж, түүнийгээ ард түмэндээ шударгаар хуваарилдаг. Энэ нь иргэдийнх нь амьдралд хүрэлцэхүйц цалин хөлс болж болно. Норвегит дунджаар 7-10 сая төгрөгийн цалинтай. Норвеги таван сая, манайх гурван сая хүн амтай. Цаг уурын хувьд адилхан, хүйтэн сэрүүн. Ер нь бүх талаараа ижил төстэй. Хэрэв бид барууны намуудын барьж буй бодлогоор явах юм бол хэдэн жилийн дараа Энэтхэг шиг болно. Би Энэтхэгт очиж байсан. Тэнд тэрбум гаруй хүн амтай. Зөвхөн хоёр сая хүн нь хэмжээлшгүй баян, бусад нь ядуу. Түүн шиг манайд гурван сая хүнээс 3000 нь бүх юмаа эзэмшдэг болчихвол маш буруу бодлого. Тэгэхээр зүүний хөгжлийг тодорхойлохын тулд МАН хүчтэй байх ёстой. Үүний төлөө намын XXVII их хурал түүхэн ач холбогдолтой хурал болох учиртай. Энэ намд олон жил явсан хүмүүс, жирийн гишүүд, намд ороод саяхнаас ухаан орж шинэчилье гээд гүйгээд байгаа залуус нэг л юмыг ухаарах ёстой, хөгжлийн бодлогоо мэддэг хүмүүсээ гаргаж ирэх хэрэгтэй. Тэгж чадвал бид ард түмний итгэл найдварыг алдахгүй.
-Намаа аваад явах чадвартай, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж чадах хүмүүс байна уу, тухайлбал хэн байна нэрлээч?
-Байна шүү дээ, байгаа учраас бид ингэж ярьж байна. Бид 2008 оноос нам дотроо “Шинэ хүч”хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан. 2012 онд би Монголд ирэхдээ хэвлэлийн хурал хийж байсан. Нам хуваагдлаа, одоо манай нам УИХ-ын сонгуульд ороход бэлэн үү гэж санал асуулга тавьж байсан. Тэр үеийн удирдлагууд “Ямар нэгэн асуудал гарвал бид хар толгойгоороо хариуцна” гээд орсон УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн гээд олон сонгуульд ялагдлаа. Ингээд бид шинэчилье,боломж ирлээ гээд ирэхээр өмнө нь намын хуучин кадруудыг дагаж гүйж байсан залуус эргээд намын шинэчлэлийн талаар яриад эхэлж байгаа нь бидэнд улам л уналт авчирна. Би үүнээс болгоомжилж байна.
-Ө.Энхтүвшингээс өөр намаа аваад явчих туршлагатай, олонд танигдсан зангарагтай улстөрч байхгүй юм биш үү?
-Улс төр олон түмний итгэл үнэмшлээр явдаг. 1996 онд гарч ирж байсан шүү дээ, Ө.Энхтүвшин нарын лидерүүд. Олны танил байсан уу гэвэл үгүй. Өнөөдөр зөв юм ярьж, зөв бодлого тавиад гарч ирж байгаа хүмүүсийг олон түмэн тэртэй тэргүй итгэл үнэмшлээрээ хүлээж авна. Би өөрийгөө тэдний нэг жишээ гэж бодож байгаа. Улс төр гэдэг тэмцэл шүү дээ. Өнөөдөр бид хэн нэгэн нь хариуцлагаа хүлээнэ гэсэн бол хариуцлагаа хүлээгээд явдаг байх ёстой. Шинэ бодлого тавиад хэн нэгэн орж ирдэг байх ёстой. Барууны орнуудын энэ жишгээс манайхан суралцах хэрэгтэй. Улс орон хүнд байна, хөгжлийн ачааг үүрч явсан нам хэцүү болоо гээд бид ирж байна. Түүнээс би өндөр цалинтай, гэр бүл, үр хүүхдүүд маань Норвегит ажиллаж, амьдарч байна. Надад хар амиа бодоод ганцаараа тэнд байгаад байхад болж байна. Гэвч итгэл үнэмшлээ өгөөд гишүүн нь болсон нам маань унаж байна. Хөгжлийн бодлого маань алдагдаж байна. Энэ бүгдийг хараад дуугүй сууж чадахгүй байна.
-МАН сонгуульд дараалан ялагдаж, хүмүүс ч итгэхээ байсан. Эрх мэдэл, албан тушаал хашсан лидерүүд нь бүгд газрын наймаа, авлига, албан тушаалаа ашиглаж буруу юм хийсээр намынхаа нэр хүндийг гутаасан. Иргэдийн тэр итгэл эргээд тийм амархан сэргэнэ гэж үү?
-Хамгийн гол нь хөгжлийн бодлогоо сурталчлах л чухал. Бидэнд төлөвлөгөө бий. Бодлогоо сурталчилж таниулах нь намын хийх ёстой ажил. Гэтэл өнөөдөр манай нам ажил хэрэгч биш байна. Сайхан байртай болсон, намын аппаратынхан ажиллаж байна. Гэхдээ бид юу хийх гэж байна, цаашид яах гэж байна гэдгээ ярихгүй, сурталчлахгүй байна шүү дээ. Юу хийж байна гэвэл хоёр тал болчихсон олс таталцаж байна. Уг нь олсоо хураачихаад бодлогоо ярих ёстой. Бид үүний төлөө явж байгаа. Шинэчлэлийн залуусынхаа заримтай бодол санаа таарахгүй байна. Намын удирдлагуудыг бол би 2012 оноос эхлээд хатуу шүүмжилсэн. Түүнээс биш хэн нэгний ивээлд орж, хүний амаар дуугарч буй юм биш. Б.Бат-Эрдэнэ аваргын хэлдгээр би нэр цэвэр.
-Танай намд шинэчлэл хэрэгжихдээ шүүмжлэл хэлсэн хүмүүсээ хөөх, эсвэл албан тушаалаар амыг нь таглах хэлбэрээр явж ирсэн. Танд болон шинэчлэлийн залуус ямар нэгэн амлалт, их мөнгө санал болгосон урилгууд ирж байна уу?
-Долдугаар сарын 1-нд намаа шинэчилье гээд баахан залуус орж ирсэн. Би ч бас тэдэнтэй нэгдсэн. Гэтэл тэдний дотор өөр санаа бодолтой этгээдүүд бас байна. тухайн үед шинэчлэх боломж байхад юм хийгээгүй дарга нар дагаж далдаганаж гүйчихээд өнөөдөр орж ирээд суух хэрэггүй. Нэг хүн шинэчлэл яривал очиж наалдчих гээд нөгөө хүн яривал түүнд очиж наалдчих санаатай хүн олон байна. МАН доторх аалзны торонд торлогдоогүй, албан тушаал, янз бүрийн гэмт хэрэг, авлига хээл хахууль, хөрөнгө мөнгөний асуудалд холбогдоогүй ийм хүн гарч ирж чадвал намаа өөрчлах гээд үзэж магадгүй. Түүнээс өнөөдөр А даргыг дагаж гүйж байсан хүн тэр даргаа байхгүй болгоод би шинэчилнэ гэж яривал тэр худал, харин ч байдал улам дордоно. Нөгөөтэйгүүр, намд дээгүүр албан тушаал хашаад муу нэртэй болсон хүмүүс олон бий. Өөрсдийнхөө муу нэрээр намаа цоллуулж нийт массыг унагаагаад явдаг хүмүүсээс МАН зоригтой салах хэрэгтэй. Шүүмжлэлийг зоригтой хэлж нялцгар байдлаасаа гарах хэрэгтэй. Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байя. Тухайлбал, бид сонгуулиар хөдөө ялалт байгуулчихаад нийслэлд ялагдаад байна. Тэгэхээр нийслэлийн намын хороог 100 хувь шинэчлэх хэрэгтэй, Энэ тухайгаа ярихгүй байгаагаас үзвэл цаана нь байгаа хүмүүстэй холбоотой болов уу. Нийслэлд янз бүрийн албан тушаал хашиж, хүнд байдалд хүргэсэн хүмүүс намыг унагааж байна. Тэдний муу нэрээр нам маань цоллуулж бид нийслэлд ялагдаад байна. Үүнд арга хэмжээ авъя гэж хэн ч ярихгүй байгаад би гайхаж байгаа.
-Таны ярьж буй бүгдээрээ баян больё гэдэг гоё үгийг улс төрчид нам харгалзахгүй бүгд хэлсээр амны уншлага болсон. Сонгогдсоныхоо дараа зөвхөн өөрийн гэр бүл, тойрон хүрээлэгчдийн хүрээнд л түүнийгээ хэрэгжүүлдэг. Энэ тийм амархан өөрчлөгдөх үү?
-Би 1980-аад оны сүүлчээр Украйнд оюутан байлаа. Коммунист дарангуйлагчдыг унагааж шинэ үеийнхэн гарч ирсэн манайхтай адил 20 гаруй жилийн түүхтэй. 1980-аад оны сүүлч 1990 оны эхээр социалист,коммунист орнуудад өрнөсөн хувьсгалын хоёр дахь шатны хувьсгал тэдгээр улсад дахин өрнөх эхэлсэн. Тэгэхээр бид тэр хувьсал өөрчлөлтийг өрнүүлэх ёстой. Өнөөдөр бүгд харж, анзаарч байгаа шүү дээ, Болгарт юу болж байна, Румын, Унгарт ямар үйл явдал өрнөв. Бид тэдэнтэй яг адил хэлбэрээр явж ирсэн. Социализм,коммунизмаа байхгүй болголоо, ардчиллын нэрээр бид юу олж авсан бэ гэдэг асуудлыг одоо ярьж эхэлж байна. Нэгдүгээрт, хүмүүнлэг бус боллоо, ардчилалын нэрээр бид хатуу хэлэхэд бие биеэ доромжлох эрх олж авлаа, ядуу зарим нь янхандах эрх олж авлаа, баячууд нь ичгүүргүй хуйвалдах эрх олж авлаа.
Эх орон гадныхны гарт бусармсаг гэрээ, лиценз, авлигын замаар шилжлээ. Газар нутаг сүйдлээ. Энэ ганцхан монгол оронд яригдаад байгаа зүйл биш. Зүүн Европын бүх улс ингэж ярьж тэмцэж байна. Өнгөрсөн хугацаанд МАН, АН ээлжлээд засаг барьж, төр түшилцэж ирсэн. Одоо ямар болчихоод байна. Энэ чигээрээ явах юм бол социализм,коммунизмаас ч илүү аюултай үр дүнд хүрэх юм бил үү. Ардчилал маань хорлол болж ардчилагчид нь хорлогчид болох ч юм бил үү. Үүнээс сэргийлж л улс төр гэдэг юм байгаа шүү дээ. Болохгүйг нь анхааруулдаг, шинэ гэрэл гэгээг нь нэвтрүүлдэг, хэдэн жилийн дараа өөр нэг гэрэл гэгээг асааж улс орон дандаа хөгжиж дээшилж явах учиртай. Түүнээс биш 20 жилийн өмнөхтэй харьцуулахад монголчуудын амьдралд ахиц гарсан уу, гарсан. Гэтэл нийт хэмжээгээрээ ямар бодлогын хэмжээнд хүрчихэв гэдгээ эргэж харах ёстой.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: