Ой мод, гол усны ай сав газарт байрласан л бол эрхийг нь цуцалж, газар чөлөөлнө

cf2b9605436d06bcc417026c97e7abe3_LНийслэлийн удирдлагуудын гаргасан шийдвэрийн дагуу иргэдэд зуслангийн газар өмчлүүлэх ажил ирэх сарын нэгнээс эхэлнэ.

“Газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх” тухай нийслэлийн Засаг даргын  захирамжаар 26 байршилд Ерөнхий төлөвлөгөөний дагуу зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг иргэдэд өмчлүүлэх бэлтгэл ажлыг хангаж, эхлүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгасан. Захирамжийн дагуу хийсэн судалгаагаар эхний ээлжинд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь бэлэн болсон Зуунмод, Яргайтын богино, Гоодойн ам, Хуурай мухар, Гүнт, Хандгайт, Ар хустай, Шарга морьт зэрэг зуслангуудын газрыг өмчлүүлэх болжээ. Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдэд зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газруудад урьдчилсан тооллого хийсэн бөгөөд 47943 нэгж талбар байгаагаас 24793 нэгж талбарт нь газар өмчлүүлэх боломжтой гэсэн судалгаа  гаргасан байна.

-Ингээд нийслэлийн Засаг даргын захирамжийн биелэлт ямар шатанд явж байгаа талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижирээс тодрууллаа.

-Нийслэл анх удаа иргэддээ зуслангийн газрыг өмчлүүлэх гэж байна. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-Зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлэх бэлтгэл ажил хийж байна. Ирэх сарын 1-нээс Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу зуслангийн газарт хамрагдсан газрыг иргэдэд өмчлүүлж эхэлнэ.  Судалгаагаар эхний ээлжинд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн  26 амны наймд нь 25 мянган иргэнд зуслангийн газар өмчлүүлэх боломжтой болоод байна. Цаашид ч бусад амуудад газар өмчлүүлнэ.

- Зуслангийн газар өмчлөх хүсэлтэй иргэд ямар шаардлага  хангах ёстой вэ?

-Бид ирэх сарын нэгнээс зуслангийн амуудад “Зуслангийн товчоо” байгуулна. Энэ товчоо нь иргэдэд зуслангийн газраа хэрхэн өмчлөх, шинээр газар авахад ямар шаардлага хангасан байх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Хаана, хаана товчоо байгуулагдсаныг тухай бүрд нь хэвлэл мэдээллээр мэдээлэх болно. Зуслангийн айлууд эмх цэгцгүй буусан байдаг. Иргэд дураараа газар өмчилсний улмаас бусад айлынхаа хаалгыг хааж буух, орц гарц нь тодорхойгүй байх тохиолдол олон. Тиймээс энэ асуудлыг цэгцлэхийн тулд тодорхой кординатыг зааж өгнө. Ингэснээр айлууд кординатын дагуу хашаагаа засч барина. Энэ нь зуслангийн айлуудыг эмх цэгцтэй байлгах нэг томоохон ажил юм.

-Иргэний өмчилж авах газрын хэмжээг хэрхэн тогтоож байгаа вэ. Хот дотор 0,7 га газраа авсан иргэд зуслангийн газар өмчилж болох уу?

- Гэр бүлийн хэрэгцээний 0,7 га газар авсан иргэд зуслангийн газар өмчлөх боломжгүй. Энэ бол гэр бүлийн зориулалтаас газар өмчилж байгаагаас өөр асуудал. Ямар нэгэн газар өмчилж аваагүй Хотын ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд зарим хэсэг нь орсон бол хэмжээнээс нь хасагдаж олгогдоно. Хамгийн гол нь иргэдэд зуслангийн газар өмчлүүлсэний дараа газраас нь хумсалж зам, барилга барихгүйн тулд эхнээсээ хотынхоо ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг тооцож өмчлүүлэх юм.

-Одоогийн байдлаар зуслангийн газраа өмчилсөн иргэн бий юу?

- Одоогийн байдлаар зуслангийн газраа өмчилж авсан иргэн байхгүй.

-“Газар өмчлөл”-ийн тухай хуулийн дагуу ой мод, голын ай сав газарт газар өмчлүүлэх хориотой. Гэтэл зуслангуудад сав газруудад газар эзэмших гэрчилгээтэй айл олон байдаг?

-Ой мод, гол усны ай сав газарт байрлаж буй газар эзэмших гэрчилгээтэй айлуудын эрхийг цуцалж, газар чөлөөлөх ажил хийнэ. Мөн зөвшөөрөлгүй айлуудыг ч нүүлгэнэ. Эхний ээлжинд хугацаатай албан шаардлага хүргүүлнэ. Тэгээд заасан хугацаанд газраа чөлөөлөхгүй бол албадан нүүлгэнэ.

-Тэнд байгаа айлуудын байшин, сууцнаас эхлээд үл хөдлөх хөрөнгийн асуудал гарч ирнэ. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Хуулийн дагуу газар эзэмшүүлэх ёсгүй газарт дүүргийн Засаг дарга нар зөвшөөрөл олгосон байна. Үүнийг шалгаж тогтоох, айлуудын эд хөрөнгийн хэмжээг тогтоох ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Үүнийг хуулийн дагуу шийдвэрлэнэ.

Ч.Ариунболд

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих