Сургууль, цэцэрлэгийн засварын ажил 20 гаруй хувьтай үргэлжилж байна

surguuli_zasvar-middle“…Есөн сарын нэгэн болохоор ерөөсөө бидний баяр даа…” гэх хүүхдийн цангинан дуулах дуу эгшиглэх цаг ойртсоор.

Яг энэ үетэй давхцан сургууль, цэцэрлэгийн засварын ажил эд өрнөж байна. Харин сургуулиуд сурагчдаа хүлээж авахад бэлэн үү. Есдүгээр сарын нэгэнд будаг нь ханхалсан цоо шинэ өргөөнд хонх жингэнэхтэй давхцан сургуулийнхаа босгыг алхах сайхан. Гэвч ямар нэг шалтгааны улмаас зарим сургууль, цэцэрлэгийн засварын ажил хойшлогдсон, дуусаагүй байдаг нь сурагч хүүхдүүдийн сурах орчинд сөргөөр нөлөөлдөг.

Энэ мэт хойшоо чангаасан ажил жил бүр л тохиолддог. Тэгвэл энэ жил ямар ч тийм асуудал гаргахгүй гэж Нийслэлийн боловсролын газраас андгай тангараг өргөсөн. Энэ жил улсын төсвөөс сургууль, цэцэрлэгийн засварын ажилд 3.6 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй төрийн өмчийн 110 сургууль, 180 цэцэрлэгээс 53 сургууль, цэцэрлэгт засвар хийж байна.

Одоогоор засварын ажил нь дууссан сургууль, цэцэрлэг байхгүй байгаа бөгөөд зарим сургуулийн хувьд засварын ажил 90 гаруй хувьтай явж байна. Энэ талаар зарим сургуулийн засварын ажилтай танилцахаар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийг зорилоо. Засвар хийж байсан ажилтнаас тодруулахад, “Засварын ажил 90 гаруй хувьтай явж байна, одоо гадна талын ажил үлдсэн” гэсэн юм.

Улсын төсвөөс тус сургуульд есөн сая төгрөгийг төсөвлөсөн аж. Мөн ихэнх сургууль, цэцэрлэг үүд жил бүрийн хавар сурагчдаасаа анги засварын мөнгө гэж хураадаг. Нэг хүүхдээс доод тал нь 8000 төгрөг хурааж авна, дээрээс нь улсын төсвийн мөнгөөр засвар хийсэн гэхэд нэгдүгээр сургуулийн засварыг харахад хангалтгүй харагдаж байлаа. Мөн Сонгинохайрхан дүүргийн 65-р сургуулийн засвартай танилцаж, холбогдох хүнээс нь асуухад, “Нийт ангийн засвар дууссан, сургуулийн засварын ажил 80 гаруй хувьтай явж байна” гэсэн юм.

Засвар хийгдэж байгаа бүх сургууль, цэцэрлэгийн ажил иймэрхүү төвшинд байвал ч Боловсролын газрын андгай тангараг нь биеллээ олох нь. Гэхдээ дараа жил дахин засварт орчихгүй л бол шүү дээ.

Манайхан зассан замаа жил бүр дахин засдагтай адил сургууль, цэцэрлэгүүд ч чанаргүй засвараа дараа жил нь дахин “өнгөлөн далдлалт” хийх тохиолдол олон гардаг.

Сургууль, цэцэрлэгийн засвартай холбогдуулж Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Э.Баярмагнайгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сургууль, цэцэрлэгийн засварын ажил хэзээнээс эхлэв, одоо ямар шатандаа явж байна вэ?
-Засварын ажил долдугаар сарын 15-наас эхэлсэн. Зарим сургууль, цэцэрлэгийн хувьд засварын ажил багатай байгаа. Тэдгээрийн хувьд 80-90 хувьтай явж байна. Харин нийслэлийн хэмжээнд засварын ажлын гүйцэтгэл 20 гаруй хувьтай явж байна.

-Хичээлийн шинэ жил эхлэхэд сарын хугацаа үлдлээ. Тэгвэл хичээл орох болоход зарим сургуулийн засварын ажил дуусаагүй тохиолдлууд гардаг. Энэ тал дээр ямар, ямар шаардлага тавьж байна вэ?

-Гэрээний хугацаа бага засвартай газруудад ирэх сарын 20, их засвартай газруудад 30-н хүртэл гэсэн хугацаа өгсөн байгаа. Ер нь гэрээний хугацаанд ажлаа шахаж дуусгах бодолтой байна. Тийм асуудал бараг гарахгүй.

-Төсвөөс батлагдсан хөрөнгөөс гадна бусад эх үүсвэрээр засварын ажил хийгдэх үү?
-26 сургууль “Азийн хөгжлийн банк”-ны санхүүжилтээр гадна цэвэр, бохир усны хангамжийг сайжруулах төсөл хэрэгжиж байна.

Энэ ажил нь 23 сургууль, цэцэрлэгт хийгдэнэ. Мөн “Улаан загалмай нийгэмлэг”- ийн хөрөнгөөр 79-р сургуулийн ариун цэврийн өрөөний засварын ажил хийгдэж байна. 73, 83, Налайх дүүргийн 23-р цэцэрлэгт Японы элчин сайдын яамнаас хөрөнгө оруулж засвар ажил хийгдээд явж байна.

-Энэ жил шинээр өргөтгөл сургууль барьж байна уу?
-Шинэ өргөтгөлийн ажлууд ерөнхийдөө дууссан. Тухайлбал, Баянгол дүүргийн “Эрдмийн Ундраа” цогцолбор сургуулийг гурван давхар болгож өргөтгөж байгаа, есдүгээр сарын нэгэн гэхэд дууссан байна. Мөн 22, 70-р сургуулийн хуучин байрыг нурааж шинээр барьж байгаа. Шинээр Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан Тахилтын амны сургууль энэ хичээлийн жилээс сурагчдаа хүлээж авна.

Сургууль, цэцэрлэгийн засварын ажилтай давхцан цэцэрлэгийн бүртгэлийн ажил эд өрнөж байдаг. Цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай биш байдгаас сургуулийн өмнөх насны хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдаж чаддаггүй. Жил бүр л хүүхдийн цэцэрлэгийн асуудал эцэг эхчүүдийн толгойны өвчин болсон байдаг. Тэгвэл энэ жил улсын цэцэрлэгүүдийн бүртгэл ирэх сарын 19-нөөс 26-ны хооронд долоо хоног үргэлжлэх аж.

Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяраас тодрууллаа.

-Энэ жилээс цэцэрлэгийн бүртгэлийг зун хийхээр болсон. Энэ талаар тодруулбал?

-Өнгөрсөн тавдугаар сард цэцэрлэгийн бүх судалгааг гаргасан. Цэцэрлэгт орох бүртгэлийн асуудлаар наймдугаар сард хийгдэх шийдвэр гаргасан. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 99 мянган хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийг харьяа дүүрэг, хороогоор нь цэцэрлэгт орох хүүхдийн тоог нарийвчлан гаргаад баталчихсан байгаа. Тиймээс ирэх сарын 19-26-ны хооронд хүүхдүүдийг бүртгэж эхэлнэ.

-Бүртгэлийн ажил ямар журмаар явагдах вэ?

-Зөвлөмж гаргасан байгаа, тэр зөвлөмжийнхөө дагуу явна. Тухайн цэцэрлэг харьяаныхаа дагуу хүүхдээ авна, 99 мянган хүүхэд бүгд хамрагдах боломжгүй, цэцэрлэгийн бүртгэж байгаа хүмүүс нь хүүхдүүдийг нас насных нь ангиллаар сонгож авна.

-Бүртгэл явагдаж байх хугацаанд цэцэрлэгүүдэд олон зөрчлүүд гарч байдаг. Тухайлбал харьяа бус хүүхдийг мөнгө авч оруулах гэх мэт. Үүнд ямар хариуцлага тооцох вэ?

-Сургуулийн өмнөх боловсролын элсэлтийг зохион байгуулах зөвлөмжийг батлан гаргасан байгаа. Энэ зөвлөмжийнх өө дагуу ажиллаж ямар ч зөрчил гаргахгүй ажиллана. Шинээр орж байгаа хүүхэд нь тухайн тойргийнхоо харьяа байна.

-Цэцэрлэгийн насны хүүхдийн хэчнээн хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадаж байна?
-Цэцэрлэгт хамрагдах гурван хүүхэд тутмын хоёр нь хамрагдаж байна. Тэгэхээр энэ нь 99 мянган хүүхдийн 70 гаран хувь нь хамрагдаж чадаж байна гэсэн үг юм. Ер нь ихэнх цэцэрлэгүүд өөрсдийн хүчин чадлаасаа давсан хэмжээнд ажилладаг. Тийм учраас ирэх жилээс олон шинэ цэцэрлэг барих төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Мөн төрийн бус цэцэрлэг үүд сүүлийн жилүүдэд олон баригдаж байна. Энэ оны байдлаар нийслэлд 44 хувийн цэцэрлэг байна. Тэдгээрт хамрагдах хүүхдийн тоо ч нэмэгдэнэ.

-Цэцэрлэгт хамрагдаж чаддагг үй хүүхдүүд ихэвчлэн хотын захаар байдаг. Тэгэхээр зарим дүүргийн алслагдсан хороодод огт цэцэрлэг байдаггүй шүү дээ?
-Цэцэрлэггүй бүх хороодыг цэцэрлэгтэй болгох үйл ажиллагаа явагдаж байна. Гэхдээ энэ жилдээ биш ирэх дөрвөн жилдээ багтаж бүх цэцэрлэггүй хороог цэцэрлэгтэй болгоно. Тэр утгаараа 89 бага сургуулийн цогцолборыг цэцэрлэгг үй хороо бүрд барина. Тэгээд цэцэрлэг болон бага ангийн боловсролоо хамт эзэмшиж, дунд ахлах сургуульдаа шилжинэ гэсэн ажлыг эхлүүлээд байршлыг нь тогтоогоод, төсөв санхүү нь батлагдсан.

Тэгэхээр ирэх дөрвөн жилийн дотор сургууль, цэцэрлэгийн хангамж хүрэлцээ сайжирна гэж тэрбээр хэлж байсан юм. Ямартаа ч энэ жилийн сургууль, цэцэрлэгийн засвар, бүртгэлийн ажил өмнөх жилүүд шигээ зууралдаж зунгааралдаад байхгүй байх гэж найдаж л сууя даа.

Д.Тэмүүлэн

/Нийгмийн толь/


URL:

Сэтгэгдэл бичих