Үнэтэй микро, ууртай кондуктор үйлчилж байна
Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй “Микро”-ууд оройн цагаар тариф нэмдэг гэх гомдол гарсаар байна. Уг мэдээллийн мөрөөр III, IV-хорооллоос “Зүүн салаа”, “Баруун салаа” болон “Ханын материал” чиглэлийн тээврийн хэрэгслийн үнэ ханшийг сурвалжиллаа.
Учир нь эдгээр чиглэлд ажил тарсны дараагаар зорчигчид тэдний хэлсэн үнээр зорчдог байна. Микроны үнэ өдөртөө 500 төгрөг байдаг ч, шөнийн цагаар 800-1000 төгрөгийн хооронд байна.
Оройн 22:00 цагаас хойш “Баруун салаа” чиглэлд явдаг автобус бүрэн зогссон байдаг тул оройтож харьдаг иргэдийн хувьд микронд чихэлдэж суухаас өөр аргагүй байдаг. Тус чиглэлд өдрийн цагаар явдаг микроны үнэ 500 төгрөг байдаг хэдий ч оройн цагаар 800 – 1000 төгрөгийн ханштай болдог байна.
Нийслэл хот дотроо аль ч чиглэлд 400 төгрөгийн ханшаар үйлчилж байгаа автобусны дэргэд “микро” хэмээх энэхүү тээврийн хэрэгсэл нь чиглэлээсээ хамаарч дураараа үнэ ханшаа нэмж, гадна талдаа 500 төгрөг гэх худал тариф наачихаад үнэн хэрэгтээ түүнийгээ нугалж авдаг энэ үзэгдэлд иргэд хэдийнээ дасчээ.
Хувиараа “халтуур” хийх жолооч нар олширчээ. Микроноос гадна зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй хувийн унаагаараа “халтуур” хийдэг жолоочид хүртэл олширсон байв. Тэдгээрийн үнэ ханшийг сонирхоход нэг км-т 1500-2000 төгрөгөөр үйлчилнэ гэдгээ хээвнэг хэлж байсан юм.
Эдгээр тээврийн хэрэгслүүдэд зогсоол гэж байхгүй, замын хашлага даван явган хүний зам дээр зогссон байх нь ч харагдсан юм. Зогсож буй зогсоолынх нь хувьд “Ханын материал” болон “Зүүн, Баруун салаа” чиглэлийн микро, таксинууд “Эх нялхсын эмнэлгийн хойд талд буюу “Билэг” их дэлгүүрийн замын эсрэг талд эгнэн зогсдог юм билээ.
Мөн Гандантэгчилэн хийдийн буудал дээр ч цөөнгүй олон микро зогсдог бөгөөд оройн 22:00 цагаас хойш тоо нь нэмэгдэж харагдсан. Ингээд lll,IV хорооллоос “Баруун салаа” чиглэлд орой бүр зорчдог Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Бат-Эрдэнээс тус чиглэлийнх нь микроны үнийг тодрууллаа.
-Та энэ чиглэлд хэр удаан зорчиж байна вэ. Үнэ ханшийн хувьд?
-Миний хувьд III,IV хорооллоос “Баруун салаа” чиглэлд явдаг болоод хоёр жил гаруй болж байна. Тийшээ явахад нэлээд хүндрэлтэй, ялангуяа оройн цагаар явахад их хэцүү. Эрхэлдэг ажил маань оройтож тардаг болохоор явахаас өөр аргагүй. Ер нь ихэвчлэн л микрогоор үйлчлүүлдэг.
Ажлаа тараад гарч ирэхэд автобус зогсчихсон байдаг. Гэхдээ микро бүр өөр өөр үнэ хэлдэг. Зарим микроны үнэ 1000 төгрөг давдаг шүү. Яагаад ийм үнэтэй болчихсоныг нь асуувал “Автобус унаа бүгд зогсчихсон байхад юугаараа харих гэсэн хүн бэ? Мөнгөө төлөөд суувал суу, боливол боль” гэсэн хариултыг л сонсдогдоо.
Миний хувьд “Зүүн салаа” руу 800-1000 төгрөгөөр үйлчлүүлээд Зүүнсалааны тойргоосоо дахиад 1500-2000 төгрөгийн таксинд суудаг. Заримдаа таксины жолооч нар нь архи үнэртүүлчихсэн байх нь ч бий.
Ер нь бол хувийн унаагүй, гэрээсээ хол ажил эрхэлдэг бидэн шиг хүмүүс хотын нэг захаас нөгөө зах хүртэл алхахгүйгээс хойш унааны үнэ хэд ч байсан төлөөд л суудаг. Энэ үнэ ханш хоёр жилийн өмнө л ийм байсан. Харин дахиад хэзээ хэд болж нэмэгдэхийг нь мэдэхгүй байна.
Э.Долгорсүрэн
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин
URL: