Эрүүдэн шүүх сандлын захиалагч нь Ц.Нямдорж гэнэ
Наадмын өмнө орон даяар тараагдсан эрүүдэн шүүх 400 сандалыг эргүүлэн татаж авчээ гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тэгвэл эрүүдэн шүүх сандлын эзэн холбогдогч хэргийн эзэн хэнгэргийн дохиураар Ц.Нямдорж гишүүн тодроод байна.
Энэхүү сандлыг одоогоос нэг жилийн өмнө захиалагдсан болохоор худалдсан тал буюу БНХАУ-ын “ИЕПҮ” компани буцааж авахгүй нь тодорхой. Тэгэхээр төмрийн сэг болох уу, эсвэл яах уу гэсэн асуулт үлдээд байгаа. Харин үүний хажуугаар олны хүсэн хүлээж байгаа зүйл бол дэлхий нийтийн хэрэглэхийг хориглосон, зөвхөн БНХАУ-д хэрэглэдэг хүнийг тамлан хэрэг хүлээлгэж эрүүдэн шүүдэг сандлыг захиалсан, улсын төсөв үрэн таран хийсэн асуудлын хариуцлагыг хэн хүлээх вэ гэсэн асуулт мөнөөс мөн. Тухайн үед Сү.Батболдын засаг ажиллаж байсан, ЦЕГ-ын даргаар Д.Сандаг-Очир ажиллаж байв. Тэдний аль нэг нь үүнд хариуцлага хүлээх ёстой гэж үзэх хүмүүс байсан бол өдгөө хэрэг Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж руу эргэж эхэллээ.
Хууль эх барьж авдгаараа, мөн хууль зөрчдөггүйгээрээ гайхуулах дуртай Ц.Нямдоржийг одоо л тайлбар хийхийг хүн бүр хүсэн хүлээж байна.
Харин Цагдаагийн ерөнхий газар үүрэг, тушаал авч гүйцэтгэгчээр ажиллажээ. Мөн түүнээр улсын төсвийн хөрөнгийг шамшигдуулсан нөхөн төлбөрийг төлүүлнэ гэдгээ одоогийн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сэтгүүлчдэд мэдэгдсэн. Тэр ч бүү хэл, Ц.Нямдорж Хууль зүйн сайдаар ажиллаж байх бүрэн эрхийн хугацаандаа өөрийн биеэр Хятад улсад айлчлал хийж дээрх 400 сандлыг гардан захиалж, Засгийн газрын хэмжээнд асуудал яригдсан нь тодорхой болж эхэлжээ. Тэгээд ч ийм төрлийн улс хоорондын томоохон асуудал үүсгэсэн худалдан авалтыг зүгээр нэг цагдаагийн дарга биш Засгийн газрын түвшинд ярьдаг асуудал гэдгийг хэлэх хуулийнхан болоод УИХ-ын гишүүд ч байна. Иргэд мөн өөр нэг зүйлийг буруутгаж байгаа нь өмнөх сайдаас ажлаа хүлээж авсан одоогийн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэ сандлыг мэдээгүй биш мэдэж байсан, тэр ч бүү хэл орон даяар тараасан. Тийм болохоор эрүүдэн шүүх үйл ажиллагааг мөн л дэмжиж байсан учир өөрөө ч энэ тал дээр тайлбар хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм.
Зарим онлайнаар явагдсан судалгаанд ч түүнийг байр сууриа илэрхийлж, тайлбар хийх ёстой гэж судалгаанд оролцогсдын 80 гаруй хувь нь үзсэн байна. Ямартай ч хонь, чоно болчихоод байгаа хөгшин залуу хоёр хууль зүйн сайдууд эрүүдэн шүүх сандлын талаар нүүр нүүрээ харсан тайлбар хийхгүй бол Хүний эрхийн үндэсний комисс асуудал үүсгээгүй бол энэ сандал тараагдсан чигтээ тараагдаж, ашиглагдаж эхлэх гэж байсныг үгүйсгэх аргагүй ээ. Улсын төсвийн 175 сая төгрөгийн дээрээс аль сайд нь хариуцлага хүлээх ёстой вэ гэдгийг ард түмэн чих тавин сонсч, хүлээж байна.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=10414
URL: