369 гадаадын иргэнийг хил дээрээс буцаалаа

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөн шалгалтын удирдамж батлан нийслэлийн нутаг дэвсгэрт эмнэлэг, эм зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн ажиллуулж буй аж ахйун нэгж байгууллагуудад шалгалт хийлгэсэн байна.

Шалгалтанд 25 аж ахуйн нэгж байгууллага, гадаадын 9 орны 48 иргэн хамрагджээ. Мэргэжлийн хувьд нь авч үзвэл эмч 33 сувилагч, 2 эм ханган нийлүүлэгч, 5 захиргааны ажилтан, 5 техникийн ажилтан байжээ.

Тус Газраас өнгөрсөн сард Гадаадын иргэн ажилладаг  аж ахуйн нэгж байгууллагуудад  шалгалт хийж   зөрчил гаргасан   63 аж ахуйн нэгж, байгууллага 227 иргэнд   хуулийн дагуу арга хэмжээ авчээ.  Дээрх зөрчлийн дийлэнх нь Гадаад орнуудаас урьсан иргэнээ зохих хугацаанд бүртгүүлээгүй, хууль бусаар хөдөлмөр эрхлүүлсэн, визийн хугацааг хэтрүүлсэн, нуун далдалсан зэрэг зөрчил гаргасан байна.

Мөн Монгол Улсын хилийн боомтод хилээр нэвтэрч буй 34558 иргэний гадаадын бичиг баримтад шалгалт хийж, 30 зөрчил илрүүлж, 26 зөрчилд  хуулийн дагуу арга хэмжээ авч  нийтдээ  73 сая 800 гаруй мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

Монгол Улсад оршин суух, дамжин өнгөрөх, бүртгэл, зорчих, хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн болон визийн хугацаа хэтрүүлсэн зэрэг зөрчил гаргасан 14 орны 80 гадаадын иргэн, 1 харьяалалгүй хүнд  хуулийн дагуу арга хэмжээ авчээ.

Түүнчлэн Монгол Улсад нэвтрэх визгүй, зорилгоо тодорхойлж чадаагүй, хууль бусаар хөдөлмөр эрхлэх зорилготой ирсэн 369 иргэнийг хилээр нэвтрүүлэлгүй буцааж  5 орны 59 гадаадын иргэнийг Газрын даргын тушаалаар Монгол Улсаас албадан гаргасан байна.
Н.Цэндээ

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих