ШАЛАА

алтанху1
Энэ жилийн улс төрийн гол дуулиан нь Засгийн газрыг огцруулах гэж оролдсон явдал байлаа. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд жийрхэх, хийрхэх зүйлгүй болж өнгөрсөн. Зун цаг налгар сайхан байдгийн хувьд одоогоор улс төр нам жим. Хүн малын зоо тэнийж байна. Наадмын дараа намар гэгчээр өвөлжилтийн бэлтгэл ажил одооноос эхэлнэ.
Улс төрчид мөн өвөлжилтийн ажилдаа одооноос бэлтгэж байгаа сурагтай. Сөрөг хүчин, эрх баригчийн тулаан намраас шинэ дүр төрхтэйгээр эхэлнэ. Учир нь элдэв сонгууль дуусч, хүмүүн хоорондын хөөс багасна.
Шатар тоглоход шалдаг. Шалаа нь мад тавьж байж хождог. Хаврын чуулганаар сөрөг хүчнийхэн эрх баригч Н. Алтанхуягийг шалж үзсэн. Харин мад тавьж чадаагүй. Н. Алтанхуяг ажил хийх гэж байхад гээд л “нуль сэтгэл” гаргаж,  “сул хий”-гээ гаргасан.
Харин энэ намар сөрөг хүчнийхэн, Ардчилсан намын фракцууд шаггүй шалаа хийж, бүр магадгүй “мад” тавьж мэдэхээр байна. Аймгуудын Засаг дарга нарыг томилохгүй байна, намаар нь ялгаж байна, олон хүнийг ажлаас нь хууль бусаар халлаа гэх мэтээр сөрөг хүчнийхэн шуугьж, Үндсэн хуулийн цэц дээр Ерөнхий сайд маань хариугүй бүдрэхээ алдсан. Өөрийн шийдвэрээ хэд хэдэн удаа хүчингүй болгож, Цэцийн хуралд төлөөлөгчөө суулгаагүй анхны албан тушаалтанаар тодорч Цэцийн дарга Ж. Амарсанаагаас багагүй банга хүртээд салсан. Гэтэл энэ сэдэв нь улам даамжирч байгаа бололтой юм.
Тухайлбал, Ерөнхий сайд Дорнод аймгийн Засаг даргаар томилогдохоор аймгийн Хурлаас 2 дахь удаагаа нэр дэвшсэн М. Бадамсүрэнг томилоогүй аж. Нөгөөх нь Захиргааны хэргийн шүүхэд хандаж, анхан шатны шүүх дээр заргаа авч, ялжээ. Дараа нь харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна. М. Бадамсүрэн одоо Дээд шүүхэд хандаад байгаа юм байна. Ерөнхий сайдын хэлж байгаагаар М. Бадамсүрэн нь төрийн албанд 3 жил ажиллаагүй учир томилохгүй гэжээ. Гэтэл нөгөөх залуу нь Дорнод аймгийн Ардын намын дэд дарга, даргын албан тушаалыг хашиж байсны хувьд 1995 оны “Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн дагуу төрд ажилласанд тооцогдоно, мөн 5 дахь жилдээ Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байхад яагаад төрийн албанд ажиллаагүй гэж үзээд байна хэмээн заргалдаж байгаа юм байна. Яг өөртэй нь адилхан ажил эрхэлж байсан Баянхонгор, Төв аймгийн Засаг дарга нарыг Ерөнхий сайд Засаг даргаар батламжилсан байна. Эдгээр хоёр Засаг дарга нар нь Ардчилсан намын аймгийн хорооны дарга, дэд дарга нар байж, мөн л иргэдийн хурлын төлөөлөгч байснаас өөрөөр төрийн албыг 3 жил хашаагүй байжээ.
Энэ нөхцлийг ашиглан сөрөг хүчнийхэн болон ардчиллын фракцууд Ерөнхий сайдыг шалах асуудлыг Үндсэн хуулийн цэцэд тавихаар зэхэж байгаа юм байна. Гол нь Цэц шүүхийн шатны асуудал дуусахаар хэрэг хэлэлцэж эхэлдэг журамтай юм.
М. Бадамсүрэнг Дээд шүүх дээр Ерөнхий сайд ялвал Баянхонгор, Төв аймгийн Засаг дарга нарыг хууль бусаар томилж, өөрийн намынхандаа давуу эрх олгож, Үндсэн хуулинд заасан иргэн М. Бадамсүрэн болон Дорнодын өөрөө удирдах ёсны байгууллага болох иргэдийн Хурлыг ялгаварлан гадуурхсан гэдэг нөхцлөөр Үндсэн хууль зөрчсөн хэмээн тооцогдож, Цэцийн хаалгыг гурван зөрчилтэйгээр татах аж. Эсрэгээрээ М. Бадамсүрэн нь ялвал Баянхонгор, Төв аймгийн Засаг дарга нарыг хууль бусаар томилсон гэдэг нь хасагдаж, М. Бадамсүрэн, аймгийн иргэдийг улс төрийн үзэл бодлоор нь ялгаварласан гэдэг Үндсэн хуулийн зөрчилтэй үлдэх ажээ. Ерөнхий сайдын албан тушаалын хувьд Засгийн газар, Их хурлынх шиг институт биш нэг хүний институт тул Үндсэн хуулийг ихээр зөрчсөн, багаар зөрчсөн, онц ноцтой, бага хэмжээний гэх мэтээр хохирлыг үнэлдэггүй зөрчсөн л бол огцрох үндэслэл болдог аж. Яг Ц. Нямдоржийг спикерээс огцруулсан шиг л Цэцийн шийдвэр, Цэцийн даргын алх тасхийх…
Дорнодын Засаг даргын асуудал хаашаа ч шийдэгдсэн, Ерөнхий сайд аль ч замаар нь явсан ШАГ МАД болох нигуур ойртож байна. Энэ удаагийнх хий шалаа биш ШАГ МАД, хэрэг нь тоглоом биш шоглоом, Ерөнхий сайдыг унагах төлөвлөөний ГОЛ ТҮЛХҮҮР болж хувирна гэх сургаар Ардын нам төдийгүй, Ардчилсан намын фракцынхны хэн хэнийх нь хуульчид уг хэргийн материалыг идэвхийлэн судалж эхэлжээ.

Г. Өлзийсайхан


URL:

Сэтгэгдэл бичих