Туул голыг хамгаалалтын бүсэд оруулахаар болжээ

Зуны улиралд иргэд найз нөхөд, гэр бүлээрээ салхинд гарах нь ихэсдэг.

Жил бүрийн амралт зугаалгын үеэр гол мөрөн, байгаль орчин бохирддогийг бид мэднэ. Тэр дундаа Улаанбаатар хот орчмын ногоон бүс буюу Туул гол үнэгүй машин угаалгын газар болоод нэлээд хэдэн жилийн нүүрийг үзэж байна.

Туул голд автомашинаа угаасан этгээдийн жолоо барих эрхийг хоёр жилээр хасах шийдвэр хэрэгжээд гурван жил өнгөрч байгаа ч энэ бүхэн даамжирсан хэвээр л байгаа юм.

Үүнээс гадна Туул голд хувцас, хивс зэрэг  эд зүйлээ угаавал саатуулах хүртэл арга хэмжээ авах шийдвэр ч бий. Гэвч шийдвэр хэрэгжихээсээ хэрэгжихгүй нь их байна. Тиймээс Туул голын эрэг орчмоор явж дээрх шийдвэрүүд хэрхэн хэрэгжиж байгааг сурвалжилсан юм. Сүүлийн үед нэлээд халж байгаа учир хүмүүс гол бараадах нь нэлээд ихэсч байгаа бололтой дүр зураг ажиглагдсан юм.

Гэхдээ сүүлийн үед хэвлэл мэдээлэл болон, цахим хуудсуудаар голд машинаа угааж байгаа хүмүүсийн талаарх мэдээлэл нэлээд цацагдсан учир улаам цайм машинаа угааж байгаа хүмүүс тийм ч их тааралдсангүй. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар голд машинаа угаасан гэх шалтгаанаар өдөрт арав гаруй жолоочийн эрхийг хасдаг аж. Гэхдээ амралтын өдрүүдэд Туул голд машинаа угааж, хирнээсээ салах нь энгийн үзэгдэл болсон гэнэ.

Усны тухай хуульд зааснаар голд машин, эд зүйлээ угааж бохирдуулсан бол цалингийн доод хэмжээг нэг дахин нугалсантай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалт байдаг.

Мөнгөн дүн нь 725 мянган төгрөгөөс нэг сая 400 мянган төгрөгийн хооронд торгууль ногдуулдаг аж. Голын усанд авто машинаа угааснаар голын усанд их хэмжээний бохирдлыг үүсгэдэг. Монгол шиг цэвэр усаа гамгүй хэргэлдэг улс цөөхөн. Мэдээж гол бараадаж салхинд гарахыг хүссэн хүмүүс явган ирэхгүй нь тодорхой. “Гэрийнхээ усыг хэмнэж голд очиж машинаа нэг сайхан угааж авъя” хэмээн  хээв нэг ярих хэнэггүй монголчууд өнөөдрийн таван литр усаа хэмнэж ирээдүйд уух 50 литр усаа үгүй хийж байна.

Үүнээс үүдэж туул гол маш их, бүр онцгой бохирдолтой байгаа нь тогтоогдсон аж. Тодруулбал Төв цэвэрлэх байгууламжаас цэвэршүүлэн гаргаж буй ус Туул голд нийлснээс доошхи орчим буюу “Сонгино доод”, “Шинэ цэг”, “Хадан хясаа”-ны орчимд голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаж онцгой бохирдолын түвшинд хүрсэн байгаа гэнэ.

Туул гол орчимд амралтын бүс тогтооно

Тиймээс одооноос эхлэн туул голын хамгаалалтын бүсийг тогтоохоор болоод байгаа юм байна.

Хамгаалалтын бүсээс гадна иргэдийг амраах гурван бүсийг байгуулахаар төлөвлөлт хийгээд байгаа аж. Тус гурван бүсэд нэгдсэн журмаар тохижилт хийхээр зураг төслийг нь гаргасан аж.

Мөн  туул голын амралтын бүсийг тохижуулах тендер зарлаад ирэх жил гэхэд тохижилтын ажлыг хийж дуусах төлөвтэй байгааг албаны эх сурвалж мэдээлсэн юм. Санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас гаргуулахаар болжээ.

Түүнчлэн манай улсын хүн амын 40 орчим хувь нь Улаанбаатар хотын цэвэр усны эх үүсвэр болсон Туул голын ай сав дагуу амьдарч байгаа. Ус хэрэглэгчдийн ихэнх нь төвлөрдөг стратегийн чухал сав нутгийн усны нөөц баялгийг боломжит хэмжээнд хамгийн зохистой ашиглах, хомсдол, бохирдлоос сэргийлэх зорилгоор ундны усны эх үүсвэрийн тэжээлийн муж, хамгаалалтын бүсийг тогтоосоор ирсэн.

Гэвч гадаад, дотоод мужийг хөрсний бүтцээр нь тогтоож, газар дээр нь кординатжуулж, тэмдэгжүүлээгүй нь хамгаалалтын бүсэд дэглэм алдагдахад нөлөөлж байгаа учир хотын төвлөрсөн ус хангамжийн тэжээлийн дотоод, гадаад бүсийг шинэчилэн тогтоож, тэмдэгжүүлэх ажлыг шинэчлэн тогтоох тухай захирамж гарсан байна.

Туул голын сав газрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах албаны дарга Ц.Бажийгаас Туул голын бохирдлын талаар хэдэн зүйл тодрууллаа.

-Туул голын бохирдол ямар төвшинд байгаа вэ. Ер нь бохирдсон усыг хэдий хугацаанд цэвэрлэж байна вэ?
-Сүүлийн 20 жилд туул голыг бохирдуулах нь хэрээс хэтэрсэн. Эхний ээлжинд төв цэвэршүүлэх байгууламж нь усаа 90 хувиас дээш цэвэршүүлэх чадвартай байх ёстой. Гэтэл манай төв цэвэрлэх байгууламж тийм биш.

Үүнээс болж Туул гол бохирдож байгаа. Нөгөөтэйгүүр, Туул голын бохирдлын хэмжээ хаана ямар байгаа вэ гэдэг нь тодорхой биш байна. Тиймээс үүнийг бүрэн тогтоох хэрэгтэй. Үүний дараа цэвэрлэгээний ажлыг хийх ёстой. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр энэ судалгааг хийхээр болоод байгаа нь сайшаалтай. Голын урсгал доор байдаг торгон элс нь олон төрлийн бодисоор бохирдсон.

Үүний хэмжээг судалгаагаар тогтоох юм. Бас хатуу хог хаягдал их бий. Хүмүүс ундааны саваа хаях, голын эрэг дээр машинаа угааж бохирдуулсан газар бий. Ер нь эдгээрээс үүдэн гол ихээр бохирдож байна. Иргэд өөрсдөө гол устайгаа зөв харьцах хэрэгтэй байна.

-Туул гол сүүлийн үед тасардаг болоод байгаа. Одоогоор туул голын хэмжээ ямар төвшинд байгаа вэ?
-Энэ бол экологийн тэнцвэр 100 хувь алдагдсаны илрэл юм. Мэргэжлийн үүднээс тайлбарлавал гадаргын ус нь гүний усныхаа хасах балансыг нөхөхийн тулд шургаж орчихоод байна гэсэн үг.

Манайхаас бусад оронд хэрэгцээнийхээ 90 хувийг гадаргын уснаас авч, үлдсэнийг нь гүний усаар хангадаг. Гэтэл манай улс эсэргээр нь ашигладаг юм. Одоогоор Туул гол үертэй байгаа. Учир нь энэ зун нэлээд бороо орлоо. Үүнээс үүдэж усны түвшин нэлээд нэмэгдсэн байгаа юм.

Эхний ээлжинд гүний усны балансыг барихын тулд хэмжээ хязгааргүй гаргасан худгуудыг цэгцлэх ёстой. Нэн түрүүнд мод тарих хэрэгтэй. Туулын хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг хаах учиртай.

-Тэгэхээр Туул гол дагуу байрласан амралтын газаруудыг хаах шаардлагатай гэж ойлгож болох уу?
-Хуулиндаа голын эргээс 200 метр хүртэлх газрыг онцгой бүсэд хамааруулдаг. Харин 500 метр бол энгийн хамгаалалтын бүс гэж заасан байдаг. Эдгээр бүсүүдэд аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг юм.

Гэтэл өнөөдөр бараг эсэргээрээ болж хувирсан гэхэд болно. Тиймээс хариуцсан яам, тамгын газрууд нь хориотой бүсэд амралтын газар барьсан аж ахуйн нэгжүүдыг хаах хэрэгтэй байгаа юм.

Б.Нарантуяа


URL:

Сэтгэгдэл бичих