Дэлхийн хамгийн үнэтэй хотууд
Хойд хөршийн нийслэл Москва хот дэлхийн хамгийн үнэтэй хотуудын жагсаалтын хоёрдугаарт орсон аж. Учир нь тус хотод байрны түрээс маш үнэтэй байдагтай холбоотой. 2008 онд Москва дэлхийн хамгийн үнэтэй хотоор шалгарч байсан удаатай.
“Mercer” консалтинг компаниас явуулсан энэхүү судалгааны зорилго нь олон улсын компани ажилтнаа гадаадад томилолтоор ажиллуулах үед цалин хөлс, урамшууллыг нь хэрхэн тооцох вэ гэдэгт хариулт өгөх.
Уг судалгаанд дэлхийн орнуудын 200 гаруй хотын орон сууц, унаа тээвэр, хоол хүнс, хувцас хунар зэрэг 200 гаруй зүйлийн өртгийг гаргасан аж. Нью-Йорк хотыг суурь хот болгон ашигласан бөгөөд судалгааны гол шалгууруудын нэг нь байрны түрээсийн зардал байсныг онцолсон байна.
Ангол улсын нийслэл Луанда хот дэлхийн хамгийн үнэтэй хотуудын жагсаалтыг тэргүүлсэн байна. Тус улс Африкт газрын тос үйлдвэрлэлээрээ хоёрдугаарт ордог бөгөөд олон улсын компаниудын анхаарлыг ихээхэн татдаг аж. Өнгөрсөн онд Луанда хотод хоёр унтлагын өрөөтэй люкс орон сууцны сарын түрээс 6500 ам.доллар байв. Энэ нь дэлхийд үл хөдлөх хөрөнгөөрөө хамгийн үнэтэй орнуудын нэгд тооцогдох Хонг Конгоос 500-хан ам.доллараар доогуур байгаа юм.
Москва хотын төвд үл хөдлөх хөрөнгө түрээслэхэд маш өндөр зардалтай бөгөөд тухайлбал, хотын төвд хоёр унтлагын өрөөтэй байр түрээслэхэд сарын төлбөр нь дунджаар 4600 ам.доллар болох аж. Харин уг жагсаалтын гуравдугаарт Японы нийслэл Токио хот оржээ.
Дээрх судалгааг хийсэн судлаачид дээрх тэнгэр хадсан үнэ, ханшид хамгийн ихээр нөлөөлж буйг ерөнхийд нь тодорхойлжээ. Үүнд нэг талаас ам.долларын эсрэг тухайн орны валют солих ханш хэлбэлзэлтэй байдаг, нөгөө талаас дэлхий дахинд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний тариф нэмэгдэж байгаатай холбоотой хэмээн үзэж байгаа аж.
Р.Гантулга
mongolianeconomy
URL: