Ирэх сард шатахууны үнэ нэмэгдэх үү?
Уул уурхайн яам өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулсан. Тэд энэ хурлаар ирэх сард шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж мэдэгдсэн юм. Египт, Сирийн хямралаас үүдэлтэйгээр дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсч, ОХУ ирэх сарын 01-нээс бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлэхээ мэдэгдээд байгаа. Тиймээс “Роснефт” компани манай улстай байгуулсан гэрээнийхээ дагуу хилийн үнээ 35-36 ам.доллараар нэмэх ч манай улс татварыг зохицуулалт хийх тул энэ нь манайд нөлөөлөхгүй аж.
Манай улсын нийт нөөц энэ сарын 23-ны байдлаар 42 хоногийн буюу 100 мянган тонн орчим байгаа аж. Үүнд А-80 автобензин 41, АИ-92 автобензин 58, Дизел түлш 31, ТС-1 38 хоногийн нөөцтэй байгаа юм байна. Харин дотоодын газрын тос боловсруулах үйлдвэр 2016 оны эхний хагас жилд ашиглалтад орохоор бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Одоогоор газрын тосны 21 талбайд “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу газрын тос олборлож байна. Манай улсын хэмжээнд өдөрт дунджаар 2411 тонн газрын тос олборлож, 2257 тонныг нь экспортлодог байна. Энэ онд нийтдээ 600 гаруй мянган тонн газрын тос олборлож экспортлохоос одоогоор 340 орчим мянган тонн газрын тос олборложээ. Үүний 316 мянгыг экспортлоод байгаа аж.
Харин газрын тосны бүтээгдэхүүнийг өмнө нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомтоор гаргаж, ихээхэн хугацаа алддаг байсан бол энэ сарын 06-наас эхлэн Тосон-Уул, Тамсагийн талбайгаас олборлож буй түүхий тосны талыг Баянхошуу-Өвдөгийн хилийн боомтоор гаргаж шат дамжлагыг нь цөөрүүлжээ.
URL: