О.Баасанхүү: Ц.Нямдорж хятадад очоод захиалсан юм байна лээ шд

big_baasankhu2._2012 оны 7 дугаар сард ЦЕГ-ын дарга асан Д.Сандаг-Очир хятадаас худалдан авсан гэх гяндан сандал буюу залхаан цээрлүүлэх сандлын шуугиан өнөө хэр нь олон нийтийн анхаарлын төвд хэвээр байна. Гяндан сандалтай холбоотой албаны хүмүүсийг шалгаж байгаа, хариуцлага тооцно хэмээн Хууль Зүйн сайд Х.Тэмүүжин өмнө нь мэдэгдсэн. Ямартаа ч хэдхэн хоногийн өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн ЦЕГ-ын дэд дарга Ш.Ганболдыг энэ асуудалтай холбоотойгоор ажлаасаа халагдав уу гэж сэжиглэж байгаа ч албаныхан тодорхой мэдээлэл өгөхөөс зайлсхийсээр байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн байр суурийг сонслоо.

 

  • Эрүүдэн шүүх сандлын асуудалд хэн буруутай нь тодорхой болсонгүй. Үүн дээр таны байр суурийг сонсоё?

Би үүнийг “ичсэн хүн хүн алж, айсан хүнд аргал хөдөлнө”  гэдэгтэй адил боллоо гэж үзэж байна. Хорих газарт хүн шатлаа гэхээр жижиг гарууд нь шоронд ордог, аль эсвэл эрүүдэн шүүлтийн тусгай сандал ярихаар тэрийг нь бас л жижиг гарууд нь үүрдэг. Тийм л юм бол Хууль Зүйн сайд нь өөрөө огцрох хэрэгтэй шд. Огцрох ёстой л гэж бодож байгаа.

 

  • Эрүүдэн шүүлтийн гэж нэрлээд байгаа энэ сандлыг оруулж ирэхэд ЦЕГ-ын дарга Б.Билэгт холбоотой юу?

Билэгт үүнд ямар хамаатай юм бэ? Нямдорж хятадад очоод захиалсан юм байна лээ шд. Дараагийн сайд Х.Тэмүүжин тэр үүргийг нь биелүүлээд л явж байгаа шд. Билэгтэд ямар ч хамаагүй шд тэр чинь. Билэгт чинь үүрэг биелүүлэгч биздээ. Билэгт хятадад очоод олоод ирсэн биш. Иймэрхүү сандлыг чинь Засгийн газрын хэмжээнд хэлэлцээр хийж байгаад авдаг шдээ. Би юу гэж үзэж байгаа вэ гэхээр хэзээ ч Сандаг-Очир хөөх энэ чинь ямар гоё сандал вэ надад өгөөч гэж гуйхгүй нь лавтай шд. Мөнгө төгрөгний асуудал чинь Засгийн газрын хэмжээнд яригддаг юм байгаа биздээ. Гадаад руу шилжихээс эхлүүлээд. Гэтэл энэ ЦЕГ-ын дарга Б.Билэгт, тэр дундаа дэд дарга Ш.Ганболдод бүр ч хамаагүй.

 

  • Тэгвэл та үүний жинхэнэ буруутан нь хэнийг гэж бодож байна вэ?

Миний ойлгож байгаагаар өмнөх сайд байсан хүн нь дараагийн хүндээ ажлаа өгсөн. Дараагийн сайд нь тэр алдааг нь засах ёстой. Шинэчлэлийн Засгийн газар бол дараагийнхаа сайдад зөвийг нь үргэлжлүүлж яв, бурууг нь хүчингүй болгох л үүрэгтэй. Гэтэл энэ сандлын асуудал үргэлжлээд явж байна гэхээр дараагийн сайд болох Х.Тэмүүжин үүнийг дэмжиж байна гэж би ойлгож байгаа.

 

  • Ер нь бол та буруу гэж үзэж байгаа юм байна. Тийм үү?

Мэдээж буруу шүү дээ. Үүнийг зөв гэж бодох хүн байхгүй байх. Ер нь гяндан уяа, эрүүдэн шүүх сандал гэх мэт харгисласан зүйлийг бүх улс орон даяар, дэлхий нийтээр хориглосон шд. Энэ талаар манай улс шинэ хууль гаргамаар байгаа юм. Иймэрхүү тоноглолыг прокурор зөвшөөрөл аваад шийдэж баймаар байгаа юм. Яамныхаа хэмжээнд шийддэгээ болимоор юм.

Эх сурвалж: www.aravt.mn


URL:

Сэтгэгдэл бичих