Д.Гармаа: Ш.Сүрэнжав бид хоёрт төрийн шагнал өгөхдөө ард түмнээр хэлэлцүүлсэн юм шүү дээ

527-1374719195middleОдоо хэлэлцүүлдэг байгаасай гэж боддог - 

“Морьтой ч болоосой”, “Хөхөө гэрлэх дөхлөө” кино, “Харуул Алтай”, “Цагаан булаг” зэрэг олон роман, хүүхдийн “Хөгжөөнтэй туужууд” , “Галт уул сэтгэхийн цагт” зэрэг олон бүтээлээрээ олны танил болсон Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Д.Гармаа гуайтай уулзлаа.
Тэрбээр төрөлх нутгаасаа уран бүтээлийн эрч хүч, буцаж няцахгүй эрхэм чанарыг өвлөн авчээ. Түүнийг  газар дэлхийн хөрсний шим шүүсээр үндэс нь тэжээгдсэн түмэн мөчиртэй саглагар модтой зүйрлэмээр санагдана.
Учир юу гэвээс  М.Горькийн нэрэмжит  утга зохиолын дээд сургуулийн профессор  Д.Романенко “Д.Гармаагийн  богино өгүүллэгүүдийг уншаад Монгол  оронд очсон мэт болж, хязгааргүй их талыг үзэн тэнд амьдран суугаа хүмүүстэй  уулзсан шиг санагдлаа.
Маш уянгалаг өгүүллэгүүд юм. Зохиолч өөрийнхөө баатруудынхаа  сэтгэлийн хамгийн өчүүхэн хөдөлгөөнийг ч андахгүй байна. Түүгээрээ зохиолч сэтгэл зүйч болохоо харууллаа” гэж бичсэн байдаг. Үнэхээр эрхэм зохиолчтой ярилцаж суухдаа чамгүй  сайн сэтгэл зүйч гэдгийг нь ойлгосон юм.
-“Хөгжөөнтэй туужууд” тань хүн бүрийн хүүхэд насны толь мэт санагддаг. Та багадаа бас л дүрсгүй хүүхэд байсан уу?
-Миний амьдрал их өөр. Манайх дөнгөж өвөлжөөнд гэрээ бариад дулаалж амжаагүй байхад би төрсөн гэдэг. Ширүүн салхи, жавар онгорхой хаалга, хатавчаар сийгсэн ч ажрахгүй байсан гэж ээж минь ярьдагсан. Үйлдвэрийн нүргээн дунд уурхайн шороо, чулуу шажигнан нурах чимээг үргэлж сонсдог байлаа.
Мөн тэнгэрт цойлсон шохойн зуухнуудын багширсан утааг харж, наргиан шуугиантай ажилчин хүмүүсийн хүнд хөдөлмөрийн дунд миний бага нас өнгөрсөн. Багадаа их дүрсгүй байлаа. Би нэг удаа багын найзтайгаа хамт агуйд лаа асаагаад ном уншиж байтал багш маань хүүхдүүдтэй цуг ирж биднийг “баривчлан” явж билээ.
Түүнээсээ санаа аваад тэр туужийг бичсэн байх. Гэнэт хойд энгэрт гэрэл гарахаар сүсэгтэй хүмүүс жаахан цээрлэсэн байх л даа. Номыг тэгж их амтархан уншдаг байсан.
Харин сүүлийн үед хүүхдийг номоор хүмүүжүүлдэг зарчим алдагдаад байна уу даа гэж бодогддог боллоо. Дунд сургуулийн гуравдугаар ангид үг хөгжлийн хичээл дээр багшийнхаа самбарт зурсан унагыг харж анхны шүлгээ бичиж байлаа.
-Та зохиолууддаа ажилчин хүний сайхан сэтгэлийг гайхалтай дүрсэлсэн байдаг. Энэ нь хүүхэд ахуй насаа өнгөрүүлсэн орчинтой тань холбоотой юм байна гэж ойлголоо?
-Тийм ээ. Хүүхэд ахуйдаа жинхэнэ малчны амьдралтай танилцаж, хөдөө амьдарсан он жилүүд минь ардын зан заншил, хэл яриаг мэдэж, байгалийн сайхныг сэтгэл зүрхэндээ шингээсэнтэй холбоотой байх.
Оросын монголч эрдэмтэн Л.Скородумова миний тухай бичихдээ “ Д.Гармаагийн зан сэтгэхүйд ажилчин хүний цайлган цагаан сэтгэл, гүндүүгүй чанар байдаг. Энэ нь өссөн орчинтой нь холбоотой” гэж тэмдэглэсэн байдаг. Их үнэн тодорхойлсон байна гэж боддог юм.
-Аавыг тань лам хүн байсан гэж сонссон. Та түвд хэлд муугүй юу?
-Би нэг удаа ааваасаа түвд хэл зааж өгөөч гэж гуйлаа. Гэтэл аав минь та нарын ном өөр шүү дээ. Хэрэв хүүхэддээ бурханы ном заалаа гэж сонсвол аавыг нь дорхноо бариад авна.
Миний хүү өөрийнхөө үзэх номонд л шамд гээд зааж өгөөгүй юм. Ээж маань цээж сайтай, олон үлгэр тууль бидэнд ярьж өгдөг хүн байсан. Зүйр цэцэн үг үргэлж хэлдэг байсан нь зохиол бичихэд ихээхэн түшиг болсон доо.
-Та Москвад Утга зохиолын сургуульд суралцсан. Тэр их гүрний утга зохиолтой хэрхэн танилцаж байв?
-Манайх 1950-иад онд Улаанбаатараас 70-аад километрийн зайтай Баяндаваа гэдэг газарт нутаглаж байсан юм. Тэр үед Цэнхэрмандалын уурхайд цөөн тооны орос ажилладаг байсан. Орос ах нар манайхаар их орж гарна. Тэд ээжийг минь хүндээр өвдөхөд өөрийн эмнэлэгтээ эмчлүүлж эдгээж байсан юм.
Нэг өвөл зам засварын оросуудын сууц шатсан. Тэгээд ах нар маань шууд л манайд ирсэн. Аав тэдэнд гэр, хоол хүнс өгч байсан. Тэр үеэс хойш бид улам дотноссон. Орос ах нар маань намайг хар талх, гахайн өөхөөр дайлж, “Кочубай”, “Чапаев” зэрэг уншиж байгаа номынхоо тухай дохио зангаагаар ярьж өгдөг байлаа.
Оросын утга зохиолтой тэгж л танилцсан юм. Магадгүй энэ нь Москвад Утга зохиолын сургуульд 1960-аад онд суралцахын алсын зөн байжээ гэж боддог юм.
-“Морьтой ч болоосой” кино монгол үзэгчдийн сэтгэлд шингэсэн бүтээл. Энэ кино хэрхэн бүтсэн түүхээс сонирхуулна уу. Нэн ялангуяа моринд хайртай ард түмний сэтгэлийн нандин утсыг хөндөж чадсан сайхан кино зохиол болсон гэж ойлгодог?
-Байгалийн сайхныг харж явахдаа энэ киноныхоо санааг олсон юм. Тэр үед “Туяа” сэтгүүлд Ч.Ойдовын “Их жанжин Сүхбаатар танаа” гэсэн кино зохиол хэвлэгдсэн байсан. Түүнийг уншсан чинь кино зохиол бичиж болохоор санагдсан.
Тэгээд л ямар сэдвээр яаж бичих вэ гэж бодож байгаад хүүхдүүдтэй уралдсан уралдаанаа энэ кинондоо тусгасан. Нэг удаа аав минь “Намайг заавал нэгдэлд элс гээд байна. Чиний багад миний зааж зүслэсэн хээр морийг өгөхөөс биш” гэлээ.
Тэр үед “Тэг л дээ, би аймагтаа мориор яахав” гэж хэлэв. Дараа жил нь “Морьтой ч болоосой” кино гарч шуугиан тарьж байлаа. Намайг гэртээ харихад аав “Манайх нэгдэлд элссэн. Өнөө маргаашгүй малаа аваачиж тушаана. Харин хүүгийнхээ морийг өгөөгүй шүү. “Морьтой ч болоосой” гэсэн кино бичсэн гэж дууллаа.
Надад хэлээгүй болохоос морио өгөх дургүй байж дээ” гэж билээ. /инээв/. Энэ кино маань 1960 онд Чехийн Карловы Вары хотод болсон олон улсын кино наадмаас тусгай шагнал хүртсэн. Өнгөрсөн XX зууны 10 шилдэг киноны нэг болсонд баяртай байдаг.
-“Морьтой ч болоосой” гэснээс хэрхэн ханьтай болсон бэ.  Зохиолч хүн болохоор их л гоё захиа бичсэн байх даа?
-Би оюутан байхдаа ханьтайгаа учирсан юм. Хань маань хүүхэдтэй болсноо надад дуулгах гэснээ санаа нь зовоод захиандаа холбоотой цэцэг зурж дунд нь нахиа дүрслэн явуулж байсан нь санаанаас гардаггүй юм. Надад их нэмэр болдог юм даа.
Бид тулгын чулуу шиг гурван охинтой. Хүүхдүүддээ эгэл даруу байж, эрдэм номд их шамд гэж захидаг. Хамгийн гол нь хөдөлмөрч байх ёстой. Хүн хөдөлмөрөөр л амь зуудаг хуультай шүү дээ. “Ямар ч том төрийн зүтгэлтэн, зохиолч байж болно. Гагцхүү хүн чанартай байх ёстой. Хүнд буян хийх шиг сайхан зүйл байхгүй” хэмээн сургадаг.
-“Аав цэцэрлэгт орсон нь” туужаа бодит амьдралаас сэдэвлэсэн гэдэг. Үнэн үү.?
-Тийм ээ. Би намын Төв хороонд ажиллаж байхдаа нэг орой гэртээ гал тогооны өрөөнд хоолоо идэж суув. Тэр үед бага охин маань “Аав аа, та том болоод хэн болох вэ?” гэж асууж байна. Тэгэхээр би “Чи том болоод хэн болох юм?” гэж асуулаа. Гэтэл “сургуулийн сурагч болно” гэнэ.
Би охиноо инээлгэе гэж бодоод “цэцэрлэгийн хүүхэд болно” гэж хэллээ. Тэгсэн охин маань хажуугийн өрөөнд эгчтэйгээ хамт намайг цэцэрлэгийн хүүхэд болгочихсон ярьж байна. Намайг цэцэрлэгээс хоёр охин маань авах гээд очтол би хүүхдүүдийг гижигдээд, гэзэгдээд байна гэж дүрслээд л.
Бас охид маань миний нэрийг хэлэхээс санаа нь зовоод тэр сахалтыг авъя гэнэ гээд хөөрхөн дүрсэлж ярьж байгааг нь сонсоод их олзуурхсан юм. Тэгээд л дээрх туужаа бичсэн.
-Хийж бүтээснээ ард түмэн, төрдөө үнэлүүлнэ гэдэг үнэхээр сайхан. Та төрийн шагнал авсан цөөхөн зохиолчдын нэг. Итгэл, хайр хүндэтгэл нь их том урам өгсөн байх даа?
-Одоогоос 10 гаруй жилийн өмнө Ш.Сүрэнжав бид хоёрт төрийн шагнал олгосон юм. Энэ шагналыг ард түмнээр хэлэлцүүлсэн. Одоо ч гэсэн ийм байдлаар ард түмнээр хэлэлцүүлдэг байгаасай гэж боддог. Төрийн шагнал авч байхдаа бурхандаа залбирсан.
“Төр, бурхан хишгээ хайрлалаа. Энэ хишгийг зөв тогтоох хэрэгтэй” гэж бодсон шүү. Гэхдээ их зүйл ард чинь байгаа гэдгийг ойлгуулж урам хайрласан. Энэ сайхан итгэл найдварыг дааж яваа гэж боддог.
-Залуус хилийн чанадыг зорих нь их болжээ. Гэхдээ монгол хүн болж төрсний бахархал хэзээ ч балрахгүй гэж боддог юм. Монгол орныхоо талаар ямар бодолтой явдаг вэ?
-Эх орондоо байхдаа сайхныг нь мэдэрдэггүй бололтой. Харийн нутагт байхдаа л эх орноо өөрийн эрхгүй санан дурсдаг юм. Монголын хөх тэнгэр, амьсгалах агаар, уснаас эхлээд үнэхээр сайхан.
Манай олимпийн аваргууд монгол хүн болж төрснөөрөө бахархдаг гэж байсан. Энэ үгийг монгол хүн бүхэн хэлж байх ёстой гэж боддог. Эх орондоо л эрх чөлөөг мэдэрнэ шүү дээ.
Эх сурвалж:

URL:

Сэтгэгдэл бичих