Шалган бүртгэх товчоод 24 цагаар ажиллана
Нийслэлийн Засаг дарга өчигдөр хүн малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, байгалийн голомтот болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчин орон нутгаас нийслэлд зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх үүднээс захирамж гаргав.
Захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв зэрэг байгууллагуудын хамтарсан “Хяналт, шалгалтын ажлын хэсэг” гурван ээлжээр 24 цагаар ажиллаж эхэллээ.
Сонгинохайрхан дүүргийн “Эмээлт”, Налайх дүүргийн “Цайз трейд” түүхий эдийн захууд, Баянзүрх, Хорин хоёр, Хэрлэнгийн гүүр, Яармаг, Нисэх – Биокомбинатын авто техникийн шалган бүртгэх товчоонуудад орон нутгаас нийслэлд ирж байгаа иргэн, тээврийн хэрэгслийг шалгах юм байна. Мөн хяналтын хөдөлгөөнт эргүүл, хэв журам сахиулах албыг “Чингис хаан нисэх онгоцны төв буудал”-д, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хилийн эрүүл ахуй халдвар судлалын алба, Төмөр замын төв буудал, Төмөр замын Мэргэжлийн хяналтын алба, Долоон буудал, Гачуурт дүүргийн нутаг дэвсгэрт ажиллуулах аж.
Тарваган тахал өвчнөөр өвчлөхгүйн тулд тарвага, зурам агнахыг хориглох, гэр орондоо тарвага өвчих, нойтон арьс хадгалахыг цээрлэх, мах, арьсыг худалдан авахгүй байх, тарваганы ичээ, нүх ухахгүй байх, дутуу боловсруулсан, шүүрхий мах хэрэглэхгүй байх, хэрэв өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
URL: