“Самбалхүндэв”-ийн оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгохыг дэмжих үү?

p1807uods41be01g2880d1m071eqv1Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор “Самбалхүндэв”-ийн буюу 70 давхрын оршуулгын газрыг цэгцлэн  Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох санаачилга гаргаад байгаа юм. Энэ асуудлыг 2010 оноос эхлэн судалж байгаа бөгөөд НИТХ-ын 2010 оны 12 дугаар сарын тогтоолоор “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр баталсан байдаг.
“Самбалхүндэв”-ийн оршуулгын газар нь 1950 оноос эхлэн бий болж, 1987 онд албан ёсоор хаагдсан боловч 2000 он хүртэл иргэд бурхан болоочдыгоо  сул талбай олж, оршуулсаар байгааг албаныхан хэлж байна. Улаанбаатар хотын төв хэсэгт 137 га талбайг эзлэн,  гэр хороололтой зэрэгцэн орших чимээгүй хотод 250 мянга гаруй шарил  байдаг ч  150 мянга гаруй нь  эвдэрч тоногдсон, хөшөө чулуу нь нэр хаяггүй болж, ар гэр нь эргэж очихоо больсон байна. Өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд оршуулгын газар эмх замбараагүй өргөжин тэлж,  өнөөдрийн байдлаар 17 байршилд 700 гаруй га газарт оршуулга байгаа юм. Энэ нь  нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 0,8 орчим хувь юм. Хэрэв одоо байгаа жишгээр нэг хүнд дунджаар 7м2 газар олгож байгаагаар тооцвол 10 жилийн дараа гэхэд Улаанбаатар хотын 1000 орчим га газар зөвхөн оршуулгын үйл ажиллагаанд зориулагдах болно.  Мөн оршуулгын газартай хаяа дэрлэн, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигсдөн  айл өрхийн тоо аль хэдийн 25 мянгаас хол давжээ.
Оршуулгын газар дахь шарил ялзрах явцдаа 40-50 жилийн турш 20 гаруй төрлийн хорт хий ялгаруулж, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоожээ. ШУТИС-ийн эрдэмтэд нийслэлийн гэр хорооллын гүний худаг, усан сангуудын усанд шинжилгээ хийсэн байна. Шинжилгээний дүнгээс үзэхэд, Нарангийн энгэр, Далан давхартай зэрэгцэн оршдог Дэнжийн мянга, Дамбадаржаа, 100 айл орчмын ундны уснаас химийн хортой бодис нитрит илэрчээ.
Нийслэлээс санаачилж байгаа төслөөр Далан давхар буюу “Самбалхүндэв”- ийн оршуулгын газрын 137 га газрыг цэвэрлэн, орон улсын жишигт нийцүүлэн өөрчлөн шинэчлэх юм. Төслөөр “Далан давхар”-ын оршуулгын газарт гэрэлт хөшөө бүхий дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, он удаан жил болсон хуучин шарилуудыг мэргэжлийн баг ухан чандарлан суваргад залж, дурсгалын цогцолбор барих, гэрэлт суварга болон бусад суварга барьж чандрыг дотор нь залахаар төлөвлөөд байгаа юм.
Энэ нь хотын өнгө үзэмжийг сайжруулан, байгаль экологийн аюулгүй байдлыг сэргээж,  тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа айл өрх, иргэдийн  эрүүл,  аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэхээс гадна бурхан болоочоддоо үзүүлж буй томоохон хүндэтгэл юм гэж гэж төсөл санаачлагчид үзэж байна.
Эдгээр ажлуудыг хийхдээ талийгаачдын төрөл төрөгсөд болон ар гэрийнхнээс зөвшөөрөл авч төлөөллийг байлцуулахаас гадна, оршуулгын зан үйлийн дагуу хийж гүйцэтгэх юм байна.
Далан давхарыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлаар олон нийтийн сүлжээ, сайт болон гар утсаар дамжуулан нийслэлийн иргэдээс санал асуулга авч эхлээд байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих