Д.Бат-Эрдэнийн тендерийн булхай илрэв
Нийслэлийн Авто замын газрын дарга байсан Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргаар томилогдоод нэг их удаагүй. Авто замын газрын дарга байхаасаа л хэл ам таталж, болох бүтэхгүй зүйл бүхэнд нэр нь холбогдож явдаг тэрээр дахин нэг хэрэг мандууллаа. Ингэхэд 70 сая төгрөгөөр ажлын өрөөгөө засуулдаг Д.Бат-Эрдэнэ гэгч чухам хэн бэ? Түүний ороогдоод байгаа 70 саяын засварын асуудлаар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Дэчингалсантай ярилцлаа.
- Танай дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ 70 сая төгрөгөөр зөвхөн ажил, амралтын өрөөгөө засуулсан гэж үнэн үү?
Үнэн. Ийм зүйл болоод байна. 49 сая төгрөгөөр 3 өрөө байр л засуулсан. Үлдсэн 20 гаруй сая төгрөгөөр 3 өрөөндөө тавилга авч тавьсан. Өнөөгийн нөхцөлд нэг айл орон сууц худалдаж авах хэмжээний мөнгөөр нэг дүүргийн ИТХ-ын дарга ажлын өрөөгөө засна гэдэг бол байж болох асуудал биш. Төрийн мөнгөөр ингэж л тоглож байна. Тодорхой хэмжээний хөрөнгөөр өрөөгөө засаж бололгүй л яахав. Гэхдээ хууль зөрчиж болохгүй ээ.
- Бас хууль зөрчсөн хэрэг үү? Ямар үндэслэлээр хууль зөрчсөн гэж үзэж байна вэ?
Би ИТХ-ын төлөөлөгч болохоор өөрийнхөө бүрэн эрхийн дагуу Чингэлтэй дүүргийн ИТХ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Худалдан авах ажиллагааны газарт төлөөлөгчийн хувиар хүсэлтээ гаргасан. Энэ ямар хүсэлт вэ гэхээр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын захиалга хүсэлтийн дагуу явагдаж байгаа бараа бүтээгдэхүүн худалдан авах бөгөөд засвар үйлчилгээний ажлууд аль шатандаа явж байгаа. Үүнд, Чингэлтэй дүүргийн 19 хорооны иргэдийн нийтийн хурлын дарга нарт тавих ширээ сандалын худалдан авах ажиллагааны тухай асуудал, компьютерийн худалдан авах ажиллагааны тухай асуудал, дүүргийн ИТХ-ын дарга нөхөр Бат-Эрдэнийн автомашин худалдан авсан тухай асуудал, дээрээс нь Д.Бат-Эрдэнэ албан өрөөгөө засуулсан тухай асуудлуудын талаар тодорхой хариулж, мэдээлэл өгөөч ээ гэсэн юм. Ингээд энэ асуудалд ингэж хариу өгсөн. “Худалдан авах ажиллагааны газрын албан ёсны албан бичиг дээрээ өрөөны засварын ажил 2013 оны 6 дугаар сарын 14-нд тогтоол гараад 7 дугаар сард манайд орж ирээд, бид 7 дугаар сарын 15-ны дотор эцэслэн шийдвэрлэсэн. Ингэхдээ бид энэ бол тендер зарлах боломжгүй юм байна гэж үзсэн. Яагаад гэхээр бараа бүтээгдэхүүн худалдан авах хуулийнхаа дагуу 80 сая төгрөгнөөс доошоо орсон тул харьцуулалтын арга хэрэглэсэн. Уг засварын ажилд харьцуулалтын арга хэрэглээд 3 компани хүсэлт гаргаснаас 1 компанийг сонгож шалгаруулсан байгаа. Сонгон шалгаруулалт 15-нд дуусч хуулийнхаа дагуу 5 хоногийн хугацаанд тендерт оролцсон бусад компаниудаас янз бүрийн гомдол ирээгүй бол сонгон шалгаруулалтад тэнцсэн компани өрөөнийхөө засварын ажлыг гүйцэтгэнэ гэж” хариултыг өгсөн. Тэгэхээр нь би “энэ өрөөний засварын ажил 6 дугаар сард явагдаад дууссан. Аль эрт 5 сарын сүүлээр дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийг Солонгос улсад айлчлалаар явж байх үед засварын ажил эхлээд дууссан” гэж хэлсэн. ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийн суух 3 өрөөны засвар 49 сая төгрөгний өртөгтэй хийгдсэн гэж байгаа. Өрөөнд нь 22 сая төгрөгийн тавилга тавигдсан гэж байгаа. Гэтэл энэ засварын ажил Бараа бүтээгдэхүүн худалдан авах газрын албан бичгээр бол 7 дугаар сарын 20-ноос хойш эхлэх ёстой. Гэтэл дарга маань аль хэдийн 6 дугаар сард өрөөгөө засуулаад ороод суучихсан байгаа хүн шүү дээ. Ингэж ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ хууль зөрччихсөн. Үүний дагуу би ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнээс өөрөөс нь тайлбар асуухад “Би хууль зөрчөөгүй, чи шалгуулдаг газраараа явж шалгуул, би хаа ч тансаглаж байна. Авто замын газар байхдаа ч ингэж байсан, Зам засвар арчлалт улсын үйлдвэрийн газар байхдаа ч бас иймэрхүү байдалтай байсан хүн. Би үүнийгээ хэнээр ч заалгуулахгүй” гэсэн. Үүнийг манай ИТХ-ын төлөөлөгч нар Бараа бүтээгдэхүүн худалдан авах, ашиг сонирхлын зөрчил байхаас гадна эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байна гэж үзэж байгаа. Дээрээс нь энэ хүнийг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Тиймээс холбогдох газрууд үүнийг шалгаж үзэх ёстой. Үүнийг баримтжуулах ёстой.
- Өрөөгөө засуулсныхаа дараа өрөө засуулах компанийнхаа тендерийг зарлаж, шалгаруулсан юм байна. Тэгэхээр гүйцэтгэгч компани нь ямар компани юм бэ? Тендерт шалгарсан компани өрөөг нь зассан компани мөн үү?
Тийм. “Дүмбэрэлхайрхан” ХХК гэгч компани өрөөг нь зассан. Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны газар энэ оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан. Ингээд 5 дугаар сарын 12-нд “Дүмбэрэлхайрхан” ХХК ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийн өрөөг засах ажлаа эхлүүлж 14 хоногийн хугацаанд хийж дуусгасан.
Гэтэл өнгөрсөн 7 дугаар сарын 15-ны өдөр ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийн өрөөг засах тендерээр “Дүмбэрэлхайрхан” ХХК-г тендерт ялуулж, шалгаруулсан. Ингээд 7 дугаар сарын 22-ноос “Дүмбэрэлхайрхан” өрөө засах ажлаа хийж эхэлсэн гэж байгаа ч аль хэдийн тендер зарлагдахаас өмнө ажлаа хийгээд, өрөөгөө засаад дуусчихсан. Ингэж л тендер будлиантай явагдаж, эрх мэдэлтэн хууль зөрчиж байна. Дээрээс нь ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийн өрөөг 22 сая гаруй төгрөгийн тавилгаар тохижуулсан “Гоулдрич” ХХК нь мөн л тендерт оролцож ялалт байгуулахаасаа өмнө аль 5 дугаар сард даргын өрөөг тавилгаар тохижуулж дараа нь “Дүмбэрэлхайрхан”-ий адилаар тендерт ялсан. Уг номоороо бол тендерээ түрүүлж зарлаад дараа нь өрөөгөө засуулах ёстой. Гэтэл өрөөгөө засуулж суучихаад дараа нь тендерээ зарлана гэдэг чинь юу гэсэн үг вэ.
- ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ “Дүмбэрэлхайрхан”, “Гоулдрич” ХХК-уудтай ямар нэгэн байдлаар холбоотой юу?
Холбоотой. ИТХ-ын төлөөлөгчид бид мань хаширын компани юм болов уу гэж сэжиглэж байгаа. Яагаад гэхээр ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ өмнө нь Зам засвар арчлалт улсын үйлдвэрийн газар байхдаа мөн л эдгээр компаниудаар ажил гүйцэтгүүлж байсан юм билээ.
- Тендерийг ингэж шударга бусаар явуулах нь ямар ашигтай юм бэ?
Удахгүй 8 дугаар сарын 2-нд дүүргийн ээлжит бус чуулган хуралдана. Гэтэл төсвийн тодотгол хэлэлцэхийн өмнө ийм асуудал хийж, оруулж ирж байгаа нь төсвийн тодотголоор урьд нь хийсэн ажлынхаа мөнгөний дүн зөрүүг баллах гэж байна гэж манай ИТХ-ын төлөөлөгчид хардаж байгаа. Энэ нь ч зүй ёсны хэрэг. Хуулийн дагуу бол энэ тендерийг анхнаас нь багцаар нь зарлах ёстой. Тендерийн хуулийн босго үнээс зайлсхийгээд өрөө, өрөө болгонд нь Худалдан авах ажиллагаагаар оруулалгүйгээр өрөө болгоныг жижиглэж засвар хийдэг байдал түгээмэл болсон байна. Энэ нь өөрөө хууль зөрчсөн асуудал. Ингэж л дураараа аашилж, хуулийг зөрчиж байна.
- 59 сая төгрөгөөр шинэ машин авхуулсан гэсэн үнэн үү?
Үнэн. Өмнөх ИТХ-ын унаж байсан машин байсан. Гэтэл Д.Бат-Эрдэнэ ИТХ-ын дарга болоод хуучин машин унахгүй, шинэ машин авч унах ёстой гээд 59 сая төгрөгөөр шинж машин авч унасан. Өмнөх ИТХ-ын даргын машиныг ИТХ-ын ажлын албаны дарга н.Алтанцацралтад шилжүүлж өгсөн. Манай дүүрэг дээр ийм л зүйл явагдаад байна. Ер нь ИТХ-ын дарга Д.Бат-эрдэнэ, ИТХ-ын ажлын албаны дарга н.Алтанцацралт гэж энэ нөхдүүд аливаа мөнгө санхүүтэй холбоотой асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар оруулахдаа энэ мөнгө хэзээний, яасан мөнгө вэ гэж асуухаар ашиглаж, хэрэглэчихсэн мөнгөө одоо орох гэж байгаа юм гэж хэлээд будлиулж батлуулдаг байдал тогтчихоод байгаа.
- Сонирхоод асуухад та МАН-ын хүн, ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ бас МАН-ын хүн биз дээ?
Тийм. Гэхдээ дүүрэг, орон нутагт улс төржөөд байх асуудал байхгүй ээ. Тэр дундаа залуу хүмүүс үүний эсрэг байгаа. Хэн нэгэн хүний тансаглал хэрээс хэтэрвэл нам харгалзахгүйгээр түүнтэй тэмцэх ёстой. Дутагдлын хажуугаар дуугай өнгөрч болохгүй ээ.
Эх сурвалж: www.aravt.mn
URL: