Солонгосчуудад үйлчилдэг янхны газрыг илрүүлэв

10334_774Иргэдээс ирсэн мэдээл­лийн дагуу Баянгол дүүргийн I хэс­гийн цагдаагийн хэлтсийхэн энэ сарын 22-ны шөнө тус дүүргийн XVI хорооны Орхоны V гудамж­ны 5-11 тоот хаягийг шалгажээ. Шалгалтын явцад Ундрах гэх эмэгтэй айлын байшин түрээслэж зөвшөөрөлгүйгээр караоке буудал ажиллуулж байсан нь баригджээ. Цагдаагийн албан хаагчдыг шалгалтаар очиход 10 гаруй эмэгтэй ширээний үйлчлэгч буюу биеэ үнэлэгчээр ажиллаж байсан байна. 20-30 насны эмэгтэйчүүдийг Ундрах зөвхөн гадаадын иргэнд зуучилж биеийг нь үнэлүүлдэг байсан аж. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын явцад дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй гэсэн юм. Тиймээс бид үйл ажиллагаа явуулж байсан Баянгол дүүргийн Орхоны V гудамжны 5-11 тоотыг зорилоо.

Биднийг очиход цайвар өнгийн төмөр хашаатай, гаднаас нь харахад айл гэж андуурмаар нэг давхар байшин харагдав. Хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа учраас энэ хамгийн сайн өнгөлөн далдлалт болжээ. Хашааныхаа зүүн дээд буланд камер байрлуулж, газрыг нь цементээр цутгасан байна. Дотор нь хуучирсан шавар байшин, УБЦ 8828 LEXUS 570, 9906 УНЯ LEXUS RX 350 маркын машин байсан юм. Хашаанд байх суваргыг харвал урд нь лам, хуврага амьдарч байсан гэлтэй.

Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд энэ хэргийг үйлдсэн Ундрахыг үйл ажиллагаагаа явуулж байсан байшинд нь авч ирэв. Тэрбээр 25-30 орчим насны эмэгтэй байв.
Энэ үйл ажиллагааг хэзээнээс эхэлж, биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийг хаанаас олдог, хэдэн төгрөгөөр биеийг нь үнэлүүлдэг, өөрөө хэдэн хувийг нь авдаг байсан гээд олон асуулт асуусан боловч тэрбээр нэг ч үг дуугараагүй юм. Нүүрээ таглаад, машинаас огт буусангүй.
Байшинд ороход архины эхүүн үнэр хамар сэтлэм байв. Ханаар нь гоё жаазтай зурагнууд өлгөж эрээн мяраан болтол нь тохижуулжээ. Өрөөний тухайд жижигхэн ор, хоёр зурагт, дотор харилцдаг утас тавьсан харагдана. Кароакены зургаан өрөөтэй бөгөөд тус бүрт нь том буйдан тавьж, агааржуулагч байрлуулан тохижуулсан нь нэлээд удаан үйл ажиллагаа явуулсныг нь илтгэж байсан юм. Мөн ариун цэвэр, шүршүүр, гал тогооны өрөөтэй. Байшингийн цонхыг дотор талаас нь модон хавтангаар хадаж ямар ч гэрэл орохооргүй болгосон байлаа.

Эмэгтэйчүүд амар хялбар аргаар амьдах гэсэн ахархан бодолтой байна уу, эсвэл үүнээс өөр амьдрах аргагүй болоод энэ замыг сонгов уу. Эсвэл хэн нэгний дарамт шахалтаар биеэ үнэлэв үү гэсэн хардлага төрөхөд хүргэв.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=10334


URL:

Сэтгэгдэл бичих