Монголоо алдаршуулах агуу үйл зөв замд орлоо

527-1374642401200px-YuanEmperorAlbumGenghisPortraitҮндэсний наадам юуны, хэдэн жилийн ой юм бэ?
Манай төрийн  томчууд үндэсний баяр наадмаа юуны, ямар юмны хэдэн жилийн ой болох талаар төөрөлдөн тэрсэлдэж, нэг нь нөгөөгөө үзэл  сурталжив, намчирхав хэмээн талцан  хэрүүл хэлцээн болж эхэллээ. Маргааны гол цэг нь Ардын хувьсгалын төдөн жилийн ой гэж тэмдэглэж сүртэй зарлаж байх ёстой гэж МАН гоморхож байна.
УИХ-ын гишүүд дотор түүхч мэргэжилтэй Ө.Энхтүвшин, Д.Арвин нарын үгийг ихэд онцхойлон анхаарсан ч тэдний үг дэндүү гэнэн, мэргэжлийн хүмүүсийн гэхэд итгэмээргүй, социализмын гажуудал коммунист сэтгэлгээнд хашигдсан явцуу санагдсан тул дорд хүмүүн дээш хандан цор цор гэмээр санагджихуй. Яагаад гэвэл, энэ сэдэв өнөө маргаашийн аар саар аж ахуйн ажил биш, өнгөрсөн ирээдүй хоёрыг үнэн зөв золгуулах агуу цараатай онцгой асуудал юм даа.
Ардын намын ой 1921 оны 3 сарын 1, Ардын хувьсгалын ой нь 1921 оны 3 сарын 18. Энэ худлаа гэж үү? Тодруулж хэлбэл, 1921 оны 7 сарын 11-нд Нийслэл хүрээг хэн ч, юунаас ч чөлөөлөөгүй. Харин 1921 оны 3 сарын 18-нд Шивээ Хиагтыг авахад Ширмэн бөмбөгөөр сөнөөсөн түүхтэй билээ. Нийслэл хүрээнд шивээлсэн гэмин цэргийг Боран Унгерн өмнө нь хөөж шоронд хоригдсон Богд гэгээнийг авран хамгаалалтын түвд цэргүүдэд нь өгсөн, улаантандаа ялагдаж дүрэвсэн цагаантан Барон болон Оросын монголд  хоргодсон  бусад оргодол бүлэглэл цэргүүдийг өөр өөр цаг хугацаанд өөр газар нутгуудад дарсан атал 1921 оны 7 сарын 11-нд Нийслэл хүрээг чөлөөлсний ой гэж яагаад мэтгээд байгаад гайхна.
 Түүх үнэнээрээ байх ёстой гэж тэд хэлж байна лээ. Өөр ямар үнэн байгаа талаархи баримт сурвалж үндэслэлийг нь хэлцмээр байна. Ардын Засгийн газраас тэр өдөр Цэргийн баяр гэж хийж. Түүнээс хойш 1946 он хүртэл лав Цэргийн баяр нэрээр нааддаг байсан. Хөдөөнийхөн бүр 1960-аад он хүртэл цэргийн баяр гэдэг байсныг тэд гадарлах л учиртай. Энэ нь нэг биш мянган жилээр яригдах уламж мөртэй үнэн түүх. Хүннүгийн үед цэргийн насны эрсийг баруун зөв зүүн гурван жигүүрт жилдээ гурван удаа цуглуулж наадам хийдэг байсныг эрийн гурван наадам гэдэг. Муу наадсан цэргүүд боол болж дараагийн тахилга наадам хүртэл бэлтгэл хийдэг. Хүчтэй, хурдтай, мэргэн болсноо нотолж чадваас чөлөөлөгдөн гэртээ буцдаг байж.
Бөх сур морь гурав бол эрийн гурван наадам биш Үндэсний гурван наадам. Мэргэн харвадаг Мандухай, Ану хатдын домог байдаг. Охин хүүхэд мориор уралддаг. Тэр бүү хэл бөх барилдаж байсан хууч байдаг. Улсын гавьяат жүжигчин  дуучин Банзрагчийн ээж эмээ нар мундаг барилддаг бөхчүүд байж. Харин эм хүн гэдгээ нууж эрчүүлтэй барилдан түрүүлж ичгүүрт хутгах шахсан явдлаас хойш энгэр задгай зодогтой болсон гэх. Мөн энэ наадам тахилга Чингэс хааны үед “Зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр” гэж нааддаг байж. Энэ бүхэнд 1921 оны Ардын хувьсгал хамаатай гэж үнэхээр төсөөлөхгүй байна.
Нэг намын төртэй байсан үед 3 сарын 1-нийг Намын баяр, 3 сарын 18 Ардын хувьсгалын ялалтын өдрөө цэргийн баяр гэж өмчилснөөс л үүдэж эртний уламжлалт үндэсний наадмыг маань Ардын хувьсгалын ой болгосон нь түүхийн гажуудал. Монгол төрийн түүхэнд анх цэрэг гээч юмтай болж дайсны өмнөөс зэр зэвсэг хараалсан түүх 1921 онд эхэлсэн биш. Модун Чингэс хаад агуу армитай байсан атал 1921 онд цэрэгтэй болсон гэж ерээдхэн жилийн ой тэмдэглэх нь хониор гэхэд сүүлний нь баяр мөн. Харин Манжийн болон социализмын үеүдэд Модуны төрийг, Чингэсийн төрийг гутаан доромжилдог байсан цаг үеийн буулгат дарагдсан хэвшлийг одоо яагаад дагах ёстой гэж? Уламжилэн хэвшсэн гэвэл энэ наадмынхаа үеэр Канси Энх-Амгалан хаан болон В.И.Лениний хөргийг төв талбайнхаа дээр залцгаах болж байна уу?
Хүннү гүрний 2222 жил, Их Монгол улсын 807 жил гэж тэмдэглэж байгаа нь эртний дөрвөн улирлын тахилгаас уламжлалтай Зуны тэргүүн сарын улаан тэргэл өдрийн тахилгын наадам Богдын үед Даншигт мандал өргөх наадам гэж шашны зорилгоор гуйвсныг өөрчилсөн эцэг тэнгэр эх оронч санаачилга байсан хэрэг. Энэ наадмын нэн эртний ёсыг Нангиадын түүх бичигт дурдсан нь нэг биш бөгөөд МНТ-нд энэ эрхэм өдрийг лав 3 удаа тэмдэглэсэн тэр бүү хэл найр цэнгэл үйлдэж байгаа Тайчуудын хүрээний байдлыг дурайтал тэмдэглэсэн байдаг билээ. Айраг нь шуугиж байдаг Сорхон Шарын гэрийг Тэмүжин хүү шөнө шугуй дотроос шуугих чимээгээр нь олсон, маргааш нь амьд хүн энэ халуунд яаж тэснэ гэж хэлэгдэн унгас ноосон дотор нуугдаж байгаа өдөр л дөө. Иймд эртний энэ наадам цэнгэлийг Ардын хувьсгалын, Ардчилсан намын гээд дөрвөн үйл явдлын давхацсан ой болгон будлиулах нь энгийнээр бодоход тэнэг хэрэг, албан түүхээр бол түүх гажуудуулсан туйлшрал юм даа.
Эртний монголчуудын улирлын тоолол тахилгын хожуу үеийн тооцооны нэгэн аргаар 1921оны 7 сарын 8-ны өдөр Богд гэгээнд даншиг өргөдөг шашны ёслол болсон гажуудлыг цэргийн баяр нэрээр өөрчлөх санаагаар л энэ өдрийн нэрийг хувьсгалч өнгөнд хувилгасан хэрэг. Гэтэл хоёр гурав хоног бороо орж хойшлоод 11-нд хийсэн санаандгүй өдрийг ийн өмчлөх, эртний түүхийг булаах гэх нь ёс суртахуунгүй авир, үзэл сурталжуулсан мугуйд төрх юм.   Зуны сарын эх зургаан сарын 22 буюу өдөр шөнө тэнцэх үед эртний монголчууд зуны тахилга хийдэг. Гэхдээ арван тавны тэргэл сарыг сонгодог. Ингээд тэрхүү 22-ны өдрөөс эхлэн 15 хоногийг тоолж 7 сарын 8 болгосон гэлцдэг. Зөв тооцоолсон 1921 оны энэ өдөр тэнгэрт 15-ны сар биш шинийн 8-ны сар гарч байсан гэдэг. Нэгэнт үйл явдал зөрсөн ч шинэдийн 8-ны сарыг өсөн дэгжих өнгөтэй нялхас залуусын бэлгэдэлтэй гэж шинждэг тул энэ өдрийг сонгож л дээ. Үнэн түүх иймэрхүү паянтай юм.
Иймээс Ардын хувьсгалын ойгоо 3 сарын 18-ндаа даяар олноороо тэмдэглэн ёслож байх нь зөв биз ээ. Үүнтэй ижил Ардчилсан хувьсгалын 23 жилийн ой гэж зарим мэдээллийн хэрэгслээр бахархаж харагдана билээ. Тэр ойг 12 сарын 8-нд ард нийтээрээ  тэмдэглэдэг биз дээ?
Чингэсийн талбай юу? Сүхбаатарын талбай юу? 
Өнөөгийн энэ цаг Монгол түмний түүхийг үзэл суртлын өөнтөг нүдээр биш, угсаатан үндэснийхээ үнэнийг эрхэмлэсэн улс төрч ухаанаар тунгаахын эхлэл билээ. Бид үзэл суртал гэх үзлийн бодлоор биш улс төр гэх уужуу эрдмээр язгуур соёл түүхэндээ хандах ёстой.  Гэгээрлээр адгууслаг чанараа, хүмүүжлээр араатанлаг төрхөө дарж гайхамшигт түүхээ бүтээсэн өвөг дээдсээ хүндлэх, мөнхлөх ёстой.
Д.Сүхбаатарын талбайг Чингэсийн нэртэй болгох шийдвэр гарсанд зарим хүн ихэд бухимдаж байгаа сурагтай. Яагаад цэргийн баатар тэр хүний нэрэмжит талбайг хэвээр нэрлэхийг хүсээд байгааг нь асуухад Ардын намыг байгуулсан, Ардын төрийн үндэслэгч тул гэнэ. Ардын намын хоёр бүлгийг Бодоо, Данзан нар байгуулсан, тэр бүлэгт бүр хожим элссэн Сүхбаатарын нэртэй холбосон социализмын үеийн коммунист шаардлагаар түүхийг засварласан бурууг өнөөдөр яагаад залруулж болохгүй гэж? Юм үнэнээрээ байх нь зөв байх аа? Бодоо, Данзан хоёрыг хэлмэгдүүлэн амь насыг нь бүрэлгэсэн тэр үеийн бурууг одоогийн намуудад  тохох гэсэн атгаг санаа биш үнэнийг тодруулах гэсэн зөв шийдэл.
Үнэхээр Ардын засгийн анхны сайдын нэрэмжит талбайтай байх гээд байгаа бол Чагдаржавын талбай болгох ёстой баймаар. Гэхдээ түүхэнд тод үлдсэн Д.Сүхбаатар гэдэг хүний гавьяаг үгүйсгэх ёсгүй бөгөөд тэр эрэлхэг эр халуун амь, бүлээн цусаа Ардынхаа төлөө, Ардчиллын төлөө зориулсныг нэн хүндэтгэн зохих ёстой газар нь талбай болон хөшөөг нь нэн хүндтэй байрлуулах нь зүйд нийцнэ. Ямар ч гэсэн энэ хөшөөг Хот тохижуулахын хашаа руу ачих ёсгүй. Тэр хүн Ардын цэргийн нэрт баатар гэдгийг түүх мартахгүй. Харин жанжин гэж хятадаар нэрлэх нь манжийн үеийн хоцрогдмол хэллэг гэдгийг мэдээсэй. Тэр залуу манжийн жанжун биш, Монголын зоригт баатар. Тэр цолыг Богд хаан албан ёсоор өргөмжилсөн түүхтэй.
Чингэс хаан, Өгэдэй хаан (Нэгэнт монгол босоо бичгийн дүрмээр крилл бичгийг мөрдөн баатар гэхийг бахатур гэж бичдэггүй тул Өгэдэй хаан гэдгийг Өөдэй хаан гэж үнэн зөв нэр бэлгэдлээр нь хэвшүүлмээр юм), Хубилай хаан, Боорчи, Мухалай нарын хөшөөг Төрийн ордны өмнө залахдаа тэр талбайн голд Монгол гал голомтын хөшөө цогцолбор сүндэрлүүлэх юмуу Монгол төрийн өндөрлөг эсхүл Модун хааны хөшөө босгох, тэгэхгүй аваас өөр ямар нэгэн зүйлгүй цулгай талбай байж, Нисэх буудлаас нааш хот руу орж ирсэн Чингэсийн өргөн чөлөөний эх болгох бодлого байсныг энд дурдмаар байна.
Тэр үед миний бие Түүхт ойнуудыг тэмдэглэн өнгөрүүлэх (Чингэс–840, Их монгол-800) Үндэсний хорооны нарийн бичгийн даргын нэгнээр ажиллаж байсны учир энэ талаар гадарлах хүний нэг тул үүнийг энэ цагт хэлэх ёстой гэж бодлоо. Тэр бодлого алдагдваас Их хаадын хөшөө Ордны үүд сахисан манаач мэт болох бөгөөд үүд сахисан хүндэтгэл гэж байдаггүй. Харин Чингэсийн талбай болвоос талбайнхаа хоймор ханхайн суугаа ертөнцөт дуурссан Их хааны сүрлэг дүр тодрон бүрэн утгажих ёстойг анхаарму.
Ер нь ямар нэгэн ой тэмдэглэх, хөшөө дурсгал босгохдоо заавал бөөндүүлж баахан юм нэг дор шавааруулдаг  гэмийг засч залруулууштай болжээ. Бидэнд Сүхбаатарын талбай босгох өөр талбай зай өч төчнөөн бий. Өргөн уудам нутагтай энэ тэр гэж бахархдаг биз дээ? Харин Чингэсийн талбай босгох зай яг энэ цэгээс өөр газар байхгүй. Яагаад гэвэл Чингэс хаан монгол үндэстэн бүхний сүр сүлд бахархал тул Төрийн их ордон болон Их цагаан сүлд  тугаа бараадах ёстой. Ерөөс Их цагаан туг хааны дэргэд байрладаг номтой, жамтай. Гэхдээ найман элч хөлтэй болгон эрэмдэг зүйл бүтээсэн өмнөх удирдагчдын дутагдлыг ч засч залруулах цаг ирсэн.
Учир нь Монголын нууц товчоонд 202 дахь зүйлд “Төдий эсгий туургат улсыг шулуутгаж барс жил Ононы тэргүүнээ хурж, есөн хөлт цагаан туг байгуулаад..” гэж тов тод тэмдэглэсэн бий. Энэ нь 9 хөл буюу элчтэй Нэгэн их цагаан сүлд гэсэн утга юм. Тодруулж хэлбэл төр нэг цагаан сүлдтэй 9 хөлтэй арван бэлгэдэлтэй, 9 өрлөг нэгэн хаан утга юм. Яг үүн шиг 4 хөлт хар туг бөгөөд тэр нь 4 элч хөлтэй Нэг цагаан туг сүлд гэсэн утга. Одоо ч яг ингэж шинэчилсэн бөгөөд түүнийг “таван хар туг” гэдэггүй “4 хөлт хар туг” гэдэг билээ. Үүнийг хэлсэн нь Чингэсийн талбайд төрийн ордноо 9 хөлт Цагаан туг бүрэн бүтнээрээ байрлаж бэлгэдэл утга тэгшрэх ёстойг сануулах гэснийх билээ.
Гэхдээ нэг зүйл бүтээхдээ нөгөөг нь устгадаг дутагдал архагших ёсгүй бөгөөд энэ нь Чингэсийн талбай бий болсноор Сүхбаатарын талбайг байхгүй болгох гээгүй нь тодорхой. Харин ч Сүх баатрынхаа нэртэй өөр талбай буй болгож тэнд нь ард түмнийхээ хайрлаж дассан, хүндэтгэж хэвшсэн хөшөөг залах мэргэн бодлого байгаа гэдэгт бат итгэмү.
Түүхч, зохиолч Бэсүдэй Н.НАГААНБУУ

URL:

Сэтгэгдэл бичих