Э.Эрдэнэжамъян: АТГ авсан зүйлээ буцаагаад өгчих байх

4746e670d394e5dcbigМ.ГАНЦЭЦЭГ

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт нэгж­лэг хийсэн учир шалтгаан тодорхойгүй байна. АТГ мэдээлэл хийгээгүй. Намынх нь гишүүд та бүх­ний олж мэдсэнээр ямар учиртай нэгжлэг байсан юм бэ?

-Т.Билэгт дарга ир­сэн­тэй холбоотойгоор өм­нө нь тусгаарласан бай­­сан хэргийн процес­сыг дуусгаж байна гэж ойл­госон. Өөрөөр хэлбэл, шалгах ёстой зүйлээ шал­гаад дуусгаж байгаа гэж ойлгосон. Хуулийн бай­гууллага нэгэнт өмнө нь хийж эхэлсэн ажлаа дуусгасан байх. Түүнээс биш шинээр хэрэг ил­рүү­лэх, үүсгэх асуудал биш гэж бодож байна.

-Нэгжлэг хуулийн дагуу болсон уу, эсвэл хууль зөрчсөн гэж үзэж байгаа юу?

-Яагаад шалгасан, юуг шалгасан, юу хай­сан гэдэг талаар үнэндээ ойлголтгүй байна. Хуу­лийн талаас харвал мөр­дөн байцаагч, прокурорын зөвшөөрөл гээд бүх зүйл нь байгаа. Нөгөө талаас харвал баяр наадам боллоо, сонгууль дуусаад шинэ Ерөнхийлөгч дөнгөж тангаргаа өргөлөө, Н.Энхбаяр даргын бие муу байна, тэр өвөө боллоо гээд олон үйл явдал өрнөж байна. Ийм үед гэнэт нэгжлэг хийж, ямар шалтгаантай гэдэг нь тодорхойгүй байсан. Худынд нь хүртэл нэгжлэг хийснийг хэлбэр талаас нь харахад ойлгомжгүй юм.

-Нэгжлэгийн үр дүнд нэг хайрцагтай зүйл, гар утас, компьютерийн хард авсан гэсэн мэ­дээлэл бий. АТГ юу авснаа мэдээлсэнгүй. Тэд мэдээлэх ёстой юу. Хуульч хүний хувьд юу гэж хариулах вэ?

-Заавал мэдээлэх албагүй. Мөрдөн байцаалтын нууц гэж бий. Прокурорын зөвшөөрөлтэйгээр АТГ хийсэн байх. Сүүлийн үед гарч байгаа хэрэг маргааны талаар мэдээлж байгаа жишгээс  харахад мэдээлэхэд буруудахгүй байх. Компьютерийн хард, гар утас гэх мэт зүйл авсан гэсэн. Жирийн айлд байдаг л зүйл. Дотор нь янз бүрийн мэдээлэл байх вий гэж авсан болов уу. Буцаагаад өгчих байлгүй дээ.

-Та бүхэн гэр бү­лийнхэнтэй нь уулзаж болсон явдлын талаар мэдээлэл авсан уу. Гэрт байсан хүмүүсээс?

-Дараа нь очиж уулзсан. Тайвшруулахыг хичээсэн. Үнэндээ асар их дарамттай байгаа хүмүүс. Ийм дарамттай байхад янз бүрийн байдлаар шоконд оруулах, сэтгэл санаанд нь нөлөөлөх зүйл бий. Энэ үед нь чадах чинээгээрээ туслахыг оролддог.

-Намынхаа даргад энэ талаар мэдээлэл өгсөн үү?

-Бид хэлэхээс үнэхээр айж байсан. Ямар ч байсан мэдсэн гэсэн.

-Биеийн байдал нь ямар байгаа вэ?

-Сайнгүй байгаа. Энэ хэвээр байвал шоронгийн эмнэлэг, хоёрдугаар эмнэлэг эмчилж чадахгүй болсон. Энэ бол бодит. 10 гаруй хоног хуурай өлсгөлөн зарласан хүний бие ямар байх билээ. Үнэндээ хүнд шатанд орсон. Монголд бүрэн гүйцэд эмчилж чадахгүй гэсэн дүгнэлт гаргачихсан юм билээ. Олны анхааралд байгаа хүнийг шоронд байлгах ёстой гээд үхүүлэлтэй биш. Заавал эмчлэх ёстой. Гэвч манай эмнэлгүүдийн хүчин чадал дийлэхгүй болсон.

-Болсон үйл явдлын талаар танай намынхан дотооддоо ярилцсан байх. Ямар дүгнэлтэд хүрэв, цаашид яах бол?

-Харзнаж байна. Албан ёсны шийдвэр хэрхэн гарахыг хүлээж байна. Н.Энхбаяр даргын талаар өнөөдөр шүүх шинжилгээний төвөөс хяналтынхаа дүгнэлтийг гаргах учиртай. Эцсийн хугацаа нь.  Прокурорт шилжүүлж, прокуророос нэн даруй шүүхэд шилжүүлж шийдэх ёстой байх. Үүнийг харна. Үйл явцыг харж байна, үүнээс илүү зүйл ярих нь зохимжгүй.

-МАХН дотор асуудал нэлээд байх шиг. Генсекээ өөрчилнө гэсэн мэдээлэл бий. Энэ бодит уу?

-Янз бүрийн мэдээлэл гардаг. Генсекийг өөрчлөх эрх манай намын Бага чуулган, Их чуулганд байдаг. Түүнээс Гүйцэтгэх товчоо, хэсэг бүлэг хүмүүс гарч ирээд шийддэг асуудал биш. Аль ч улс төрийн нам сонгуулийн дараа намынхаа аппаратыг сайжруулах, шинэчлэх, алдсан бол хариуцлага тооцох, сайн ажилласан бол урамшуулж шагнах тухай ярьдаг. Ганцхан МАХН биш. Ардчилсан нам, Ардын нам ч ярьдаг л асуудал.

-Танайх удирдлагын босоо тогтолцоотой нам байх. Сонгуульд оролцсон, ялагдсан. Иймд хариуцлагын тухай ярих ёстой юм биш үү?

-Сонгуульд ялагдсан л бол хэн нэгэнд хариуцлага тооцно гэдэг утгагүй. Манай нам ялах хэмжээний бүтэц, санхүү, хэвлэлийн байгууллагатай хамтарч ажилласан уу гэх мэт олон талын зүйл бий. Нам ялагдахад хариуцлага тооцоод байх зүйлгүй. Ганцхан Ерөнхий нарийн бичгийн даргад үүрүүлнэ гэдэг худал. Сонгуулийн кампанит ажлын хүрээнд өөр, өөрийн хариуцсан ажлаа сайн хийсэн үү, үгүй юү гэдэг тодорхой хэмжээнд ярьж л таарна. Нэг онцлог гэвэл МАХН-д манай уугуул гишүүд ч бий, бусад намаас ирсэн хүмүүс ч бий. Ардын нам, Ардчилсан нам, МҮАН-аас ч манай намд орсон хүмүүс байдаг. Эмоц талаас нь харвал Ардчилсан намын 10-аад жилийн өмнөх шиг тал талаас бүрдсэн, нэг нэгийгээ ойлгохгүй ширүүхэн үздэг дүр зураг бий. Яваандаа төлөвших ёстой. Гэхдээ сайн тал руугаа төлөвшиж, өнөөд­рийнхөө байр суурийг бэхжүүлнэ.

-Бас нэг мэдээлэл давтагдах боллоо. МАХН Засгийн газраас гишүүдээ татна гэж. Энэ хэр бодитой вэ?

-Энэ ташаа мэдээлэл. Энд, тэнд ярьж л байдаг. Манай намын зарим гишүүд “Засгийн газраас гар, та нар хэлмэгдүүлэлтийг дэмжлээ” гэх мэтийн шаардлага тавьдаг. Гэхдээ энэ нь манай намын гэхээс илүү өөр хүчнээс шиддэг чулуу.

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуулийн маргааш суллана, өршөөнө, цагаатгана гэсэн улс төрийн тохироо хийсэн гэсэн мэдээлэл хариултгүй байгаа. Тодруулбал, Шадар сайд Д.Тэрбишдагва, Н.Удвал сайд энэ тухай тохироог бусад хүчинтэй хийсэн гэдэг. Энэ тухай та юу мэдэх вэ?

-Н.Энхбаяр даргыг ба­ривчлагдсан өдрөөс өнөөдрийг хүртэл бид бүхэн түүнийг суллах ёстой, цагаатгах хэрэгтэй гэж байнга ярьдаг, байр сууриа илэрхийлдэг. Уулзсан хүн бүртээ энэ тухай ярьдаг. Хэрэв ингэж яриагүй бол тэр хоёр хүнд хариуцлага тооцох ёстой байх. Тиймээс ярьсан болов уу.

-Ярьсан гэж үү?

-Н.Энхбаяр даргыг цагаатгах ёстой, яагаад суллахгүй байна, эрүүл мэнд нь муу байхад хурдан суллах ёстой гэж ярьсан л байж таарна. Манай намын бүх л гишүүн уулзсан хүн бүрт энэ тухай хэлдэг, ярьдаг, учирладаг байх. Н.Энхбаяр дарга олны анхааралд байдаг хүн. Тиймээс өвчтэй бай­на, гаргая гэхээр улс төр гэж хардаг нь харамсалтай.

-Улс төрийн тохироо л гэж яриад, бичээд байгаа л даа?

-Улс төр орсон учраас хугацаа нь удаашраад байгаа юм. Жишээ нь, манай хорих ангид байгаа хүмүүс бие нь муудвал журмаар өвчний улмаас чөлөөлөгдөж, цаашид эмчилгээ хийлгэдэг тохиолдол байна. Нэлээд байгаа. Он гарснаас хойш ч олон бий. Тэдний асуудлыг нэг өдрийн дотор, хамгийн их нь долоо хоногийн дотор шийддэг. Учир нь хүний эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал учир хурдан шийдэгддэг. Н.Энхбаяр даргын хувьд олон сар болж байна. Харин ч энэ хугацаанд аз болоход ноцтой аюул учирсангүй. Сонгуулийн өмнө гаргасан бол харин ч жинхэнэ улс төр  болоод, тохироо болчихлоо гэсэн асуудал гарах байсан байх. Одоо бол нэг талаасаа тохироо гэхээс илүү садаа болж байсан нөхцлүүд  нь арилчихлаа. Тиймээс хурдан гарах байх гэж бодож байна.

-Түүнээс гадна суллагдах хугацаа нь дөхөж байгаа гэх юм?

-Жил  гаруй хугацаа болчихлоо. Хугацааг нэг хоёр хоногоос илүүтэй цагаар ярих хэрэгтэй байна. Манай намынхан даргыг ээлжээр сахих маягтай ажилладаг. Өнгөрсөн шөнө хөл, гар нь нэлээд бадайрч хоносон гэсэн.

-Нам, намын даргын асуудал ийм байж. Таны албан ажлын тухайд, Засгийн газар, сайд нар амарчихсан энэ үед та сайдаа орлож ажиллаж байна уу?

-Манай сайд амраагүй, ажиллаж байгаа. Саяхан албан томилолтоор яваад ирсэн.

-Хүмүүс уулзах гэж олноор ирдэг бололтой. Дэд сайд иргэдтэй уулзаж сайдын өмнөөс асуудал шийддэг үү?

-Уулзана. Зарим хүн бол том сайдтай уулзана гэдэг. Яамны шууд шийдэх асуудал ховор байдаг. 100 хүн орж ирлээ гэхэд 70-80 нь ажлын байр солих, шилжүүлэх, нэг агентлагаас нөгөө рүү шилжүүлэх хүсэлт гаргадаг. 25 хувь нь шүүх, прокурор дээр байгаа асуудлыг шийдэх хүсэлт тавьдаг. Тав орчим хувь нь гавъяа шагнал, орон сууцны асуудал тавьдаг. Аль болохоор шийдэх ёстойг нь шийдэж, шилжүүлэх байгуллага руу нь шилжүүлж ажилладаг.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих