Социализм руу буцахгүйн төлөө АН-ААР АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭЕ

Египетийн Дээд шүүхээс Үндэсний Ардчилсан нам буюу Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн намыг татан буулгаж буйгаа зарлав. Ингэснээр уг намын бүх өмч хөрөнгө Засгийн газрынхаа мэдэлд шилжих юм. Төвийн үзэлтэй гэгдэх энэ намыг Хосни Мубаракийн өмнө Ерөнхийлөгчийн сэнтийд сууж байсан Анвар Аль Садат 1978 оны аравдугаар сарын 2-нд үүсгэн байгуулжээ. Хэдийгээр олон намын тогтолцоотой ч өнгөрсөн он жилүүдэд Нил мөрний хөвөөнөө Үндэсний ардчилсан нам гагцаар эрх мэдлийг эзэгнэж байсан гэдэг. Харин өнгөрсөн хавар болсон хувьсгалын дараа египетчүүд олон жилээр эрх барьж, бугшиж хөгцөрсөн ийм нам бидэнд хэрэггүй хэмээн үзээд татан буулгах шийдвэрийг ийн гаргалаа.

Египетчүүд сүрхий улсууд юм. Хорин жилийн өмнө гаргасан монголчуудын алдааг давтахгүй байна шүү. Монголчууд Азид ардчилсан нийгмийг цогцлоосноороо анхдагчдын тоонд орно. Бас энэ бүс нутагт ардчиллын өлгий, түүчээ гэдгээрээ бид яах аргагүй ялгардаг. Гэхдээ бид шинэ нийгэмд шилжихдээ, алдаж эндэж байсан зүйлийн нэг нь өнөөгийн египетчүүд шиг олон жилээр улирч ирсэн эрх баригч намаа татан буулгаагүй явдал юм. Тухайн үедээ далан настай МАХН-ыг татан буулгаагүйн гор нь өнөө бүр тод мэдрэгдэж байна.

Хэрэв одоогоос хорин жилийн өмнө ард түмнээ үзэл бодлын буулганд боолчилж, олон мянган сэхээтэн, лам хуврагуудаа хэлмэгдүүлэн хороосон ах намыг татан буулгачихсан байсан бол сүүлийн үед үүсээд буй хэрэг явдлууд өрнөхгүй байх байсан билээ. Бас коммунист хийгээд социалист нэрнээс жийрхдэг олон мянган залуус ийм нэртэй холбогдож байгаадаа эмзэглэхгүй байсан юм. Хорин жилийн өмнө л энэ алхмыг хийчихсэн байсан бол тэр үед арав орчим л настай байсан хүүхдүүд өнөөдөр Хувьсгалт гэсэн үгийг “овоглолоосоо” авах гэж зүтгэж, ингэснээрээ өөрсдөдөө гал дуудахгүй байх байлаа. Тэд ер насалсан хөгшин намаа дахиад хэдэн жил авч үлдэх гэж л ингэж байгаа хэрэг л дээ. Гэвч одоо нас бий болов уу. Хосни Мубаракийн нам бол 1921 онд байгуулагдсан манай ах намын дэргэд нялх хүүхэд л гэсэн үг. Гэвч улс төрийн нам буг болтлоо удах хэрэггүй гэж үзээд татан буулгаад хаячихлаа. Уг намыг татан буулгахтай холбоотой яриа ид өрнөх үед буюу Дээд шүүхийн шийдвэр гарахаас дөрвөн хоногийн өмнө намыг үндэслэгч Анвар Аль Садатын хамаатан Талаат Садат тус намын дарга болж байгаагаа мэдэгдэж байсан. Хэзээ ч уг намын гишүүн байгаагүй, харин ч сөрөг хүчний байр суурин дээрээс хандаж ирсэн энэ хүн авгынхаа байгуулсан намыг цэвэрлэнэ гэв. Цаашид шинэ зарчмаар замнаж, “Үндэсний шинэ ардчилсан нам” болгож нэрээ өөрчилнө хэмээв. Тийм хэдий ч Дээд шүүх татан буулгах шийдвэрээ гаргаж л орхисон. Уг нь Египетийн Үндэсний Ардчилсан шинэ нам манай ах намтай адил Соц-Интернийн гишүүн юм билээ. Бас үүх, түүхийг нь харвал адил төстэй зүйл их л үзэгдэх санж.

Урьд нь парламентын сонгуульд 444 суудлын 39 хувийг нь л авч, дийлэнх олонх болж чадаагүй хэрнээ бие дааж гарч ирсэн 181 гишүүнийг талдаа татаж, олонхийг бүрдүүлж байсан нь 2004-2008 оны парламентад Симба Ц.Батааг намдаа урвуулж, олонхийг бүрдүүлж байсан цаг үеийг сануулах мэт. Сүүлд гэхэд 2010 оны парламентын доод танхимын сонгуульд  508 суудлын 420-ийг авч, парламентын тавны нэгийг нь бүрдүүлж байсан сөрөг хүчний нам нэг ч суудалгүй хоцорч, таван суудалтай өөр нэг нам ердөө хоёрхонтой л үлдсэн сэлт нь танил технологийг өгүүлэх шиг. Бас уг сонгуулийг шударга бус болсон талаар олон улсын байгууллага, ажиглагч нар үгээ хэлж байсан нь нэгийг хэлнэ.

Хэрэв үнэхээр л ард түмний саналаар дийлэнх олонхи болж байсан бол хэдхэн сарын дараа хувьсгал өрнөхөд тулж, улмаар нам нь татан буугдахгүй байсан биз ээ.

Ямартай ч египетчүүд олон жил толгойд суусан намаа ийнхүү татан буулгачихлаа. Харин бид яах ёстой вэ. Татан буугдах ёстой байсан ах намыг татан буулгаагүйгээс яршиг түвэг нь улам бүр нэмэгдсээр байна. Насаа уртасгах гэж оролдож, нэрээ өөрчилсөн нь энэ нам дахь үзэл бодлын зөрүүтнүүдийг бүр ангилчихав. Одоо Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс МАХН гэсэн нэрийг барьж, улс төрийн тоглолт хийж байна. Дээрээс нь олонх болсон нам сөрөг хүчин бай гэж ард түмний сонгосон Ардчилсан намыг өвөртөө хийж, стандарт бус Засгийн газар байгуулснаар байдал улам хэцүүдлээ.

Өөрсдийгөө сөрөг хүчний байр суурин дээрээс ажиллана хэмээн мэдэгдээд байгаа бүлэг хүмүүсийн гаргаж буй байдал, хийж буй мэдэгдэл нь олон хүнийг  гайхшруулаад байна. Зарим хүн социалист үеэ санагалзан, бүгдийг хөдөлмөрчдөд, бүгдийг нийгэмчлэх тухай яриад эхэлжээ. Гэтэл бид бүгд нэг өмч хөрөнгөтэй, нийгэмчлэгдсэн сэтгэлгээнээсээ дөнгөн данган салж ядаж буй бус уу. Ах намынхны социализмаасаа салах гэж оролдож буйн тэмцэл  нөгөө талд эргэн тэр үедээ очих их хүслийг нь төрүүлж байх шиг. Уг нь монгол хүн хүссэн цагтаа тогоо тослох хувийн ганц хоёр толгой малтай болсондоо баярлаж, хүссэн үедээ гадаадад зорчиж, хэрэгцээ гарвал орон сууцаа барьцаалж мөнгөтэй болчихдог болсондоо баярлаж явах болсон. Тэгвэл одоо монгол хүн хөрөнгөтэй байгааг нь буруутгах хүчин гарч ирэх нь. Угаасаа байдал энэ мэт болтол явсныг хүмүүс ганц л зүйлтэй холбож байгаа нь МАН-д АН нэгдэн нэг засаг байгуулсных хэмээж байгаа юм. Ардчилсан нам бол барууны үзэлтэй, хүнийг эд хөрөнгөтэй байхыг өөгшүүлж, үзэл бодлын хувьд ташуурдаж өгдөг нам билээ. Гэтэл энэхүү нам нь хуучнаар МАХН-тай нэгдсэнээр өөх ч биш булчирхай ч биш болсон. Хувьдаа хөрөнгөтэй байхыг үздэггүй, хэсэг цагаан чулуу харсан ч нийгэмчлэх тухай боддог энэ намын хуучин үзэлтнүүд нөгөө хэдээ хөрөнгөтөн үзлийг дэвэргэдэг хүмүүстэй нийлчихлээ гэж үзсэндээ соц цагийг санагалзаад ирэв бололтой. Энэ бол тухайн цагт нь уг намыг татан буулгаагүйн гай.

Ингэж хуучнаа санагалзан, өнгөрсөн үе рүүгээ тэмүүлэх нь асар хор холбогдолтой билээ. Нэгэнт тухайн цагт МАХН-ыг татан буулгаж, өнөөгийн их хагарлын үүдээс сэргийлж чадаагүйгээс хойш одоо үүссэн нөхцөл байдалд ухаалаг шийдвэр гаргах нь чухал. Энэ нь Хамтарсан Засгийн газраас АН гарах явдал юм. Баярлалаа гэж хэлнэ үү, болно оо гэнэ үү ямартай ч баяртай гэх цаг нь иржээ.

Энэ нь алдаа оноотой ч ардчилсан замналаараа урагшлах боломжийг нээж өгч таарна.

Египетэд Үндэсний ардчилсан намаа татан буулгаж түүхэн хэргийг хийж байгаа бол Монголд Хамтарсан Засгаас АН-ыг салгаж, сөрөг хүчнийх нь ажлыг хийлгэмээр байна.

Э.ЭНЭРЭЛ

medeemn


URL:

Сэтгэгдэл бичих