Харилцааны ур чадвараа сайжруулмаар байна уу?
Хүнд өөрийгөө зөв ойлгуулах, илэрхийлэх гэдэг харилцааны нэгэн чухал хэсэг. Тийм учраас хүнийг танихын тулд түүний хэлж буй үгс, яриаг нь сонсоход л хангалттай байдаг. Ингээд бид хэрхэн зөв, цэгцтэй, боловсон ярих тухай зөвлөгөө бэлтгэлээ.
1.Сул үг хэрэглэхээ болих
“Нөгөө”, “юу”, “яагаав дээ”, “ ч гэх шиг”, “мэдэхгүй ээ”, г.м. сул үгнүүд нь чиний яриаг ойлгомжгүй, өөртөө итгэлтэй бус болгодог учир хэрвээ иймэрхүү үг яриандаа хэрэглэдэг бол эртхэн энэ зуршлаа зас. Ийм яриатай хүнтэй харилцахад тийм ч таатай байдаггүй.
2. Хараал хэлэхээ болих
Үнэхээр чиний хүрээллийнхэн гудамжны атаманууд бол хараалын үг хэрэглэхгүй ярина гэдэг хэцүү. Орчиндоо тааруулаад хэрэглэж болноо, өөрөө мэд. Гэхдээ энгийн, боловсролтой хүмүүстэй харилцахдаа хараалын үг хэрэглэнэ гэдэг нь маш бүдүүлэг, соёлгүйг илтгэдгийг мэднэ гэж найдаж байна.
3. Товч буюу тодорхой
Өөрийнхөө үзэл бодлыг товч ба тодорхой илэрхийлэх нь бас л нэг төрлийн чадвар юм. Гэхдээ бас анхааралтай байх хэрэгтэй, нэмэлт тайлбар хийх хэрэгтэй үед ойлгомжгүй сэтгэгдэл хүнд үлдээхгүйн тулд хэдхэн минут тайлбарлахад болохгүй юм байхгүй.
4. Тохируулж ярих
Хэнтэй, хаана ярьж байгаагаасаа шалтгаалан үг болон хүнтэй харилцах, хандах үгнүүдээ зөв сонго. Гэхдээ чи нөгөө л нэг гайхуулж, онгирч ярьдаг хүмүүсийн нэг нь биш байлгүй дээ. Гэхдээ энэ нь хэт даруухан бай гэсэн үг бишээ. Дундаа орох үедээ бусадтайгаа чөлөөтэй байж тунгийн тааруулах хэрэгтэй.
5. Байнга гуйсан шинжтэй ярихаас зайлсхийх
Зарим хүмүүс яриагаа эелдэг болгохын тулд дэндүү их гуйсан, хүний аяыг харсан, nice guy царайлж ярьдаг. Энэ нь ихэнхдээ илүү өөртөө итгэлгүй, хүн царайчилсан мэдрэмжийг бусдад төрүүлдэг болохоор аль болох өөртөө итгэлтэй, шулуун ярьж бай.
6. Өөрийнхөө ярианд дүгнэлт хийгээд үзээрэй
Харилцан ярьж буй хүн чинь чамтай ярихаас дургүйцэж, нэг л болж өгөхгүй байдаг уу? Түүнд яагаад чиний яриа таалагдахгүй байгааг олж мэдээд, магадгүй хоолойны чинь өнгө, ярианы сэдэв, эсвэл дэндүү хурдан, удаан яриад байгаа юм болов уу? Иймд эдгээрийг засаад үзээрэй.
7. Үгийн сангаа баяжуулах
Уран зохиолын ном уншиж, хэвшил болсон хэдэн үгнийхээ оронд өөр шинэ үг, холбоо үгсээр үгийнхээ санг баяжуул. Гэхдээ хэт туйлширч дэндүү уран зохиолын хэлээр яривал инээдтэй сонсогдоно шүү. Мэдээж зөв, уран ярихын тулд зориулалтын ном зохиол унших нь зүйтэй..
URL: