Тарваган тахал хүнд хараахан халдаагүй ч тархсаар байна
Тус аймгийн Булган сумын нутаг Хужирт орчмоор тарвага тахлаар хорогдсоор байна. Энэ тухай тус аймгийн гоц халдварт өвчинтэй тэмцэх байгууллага буюу зоноз өвчний шинжилгээний төвийн мэргэжилтэн Х.Ром мэдэгдэхдээ,
-Онцгой халдварт энэ өвчин зургаадугаар сарын сүүлчээс илэрсэн. Манай аймгийн төвөөс 350 км зайтай оршдог тул уг сумын байгаль хамгаалагч энэ тухай Ховд аймагт мэдэгдсэн.Тэд хүрэлцэж ирээд зөнгөөрөө үхсэн гурван тарвагыг авч яваад шинжлэхэд тахал болох нь тогтоогдсон. Манайхаас ч шинжээчид очиж дөрвөн тарвага авч ирээд бас шинжилсэн. Тахал дундаа маш хурц төрөл нь юм байна. Хүнд хараахан халдаагүй.
Тарваган тахлын тархалт нь одоохондоо 10х20 га газарт байгаа. Наймдугаар сарын эцсээр 30 га-д хүрэх бололтой. Тэр хавийн 6000 орчим тарваганы 2400-д нь халдсан, 40 хувь нь хорогдсон баримжаатай. Ирэх сарын Эцсээр 60 хувьд нь хүрнэ. Булган сумын хариуцлагатнуудтай хамтарч энэ асуудлаар зөвлөлдсөн 1500 гаруй хүнд энэ аюулт өвчний эсрэг вакцин хийж эхэллээ. Үхсэн тарвагыг журмын дагуу устгаж байна. Тарвага агнах хатуу цээртэй. Шувуу, нохой, бусад амьтнаар дамжин халдах магадлалтай тул хүмүүс маш болгоомжтой, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Үхсэн тарвагыг нохой зууж авчирсан нөхцөлд тэр даруй устгах буюу зохих байгууллагад мэдэгдэх хэрэгтэй. Хүнд халдсан нөхцөлд яаралтай тусламж авбал үхлээс аврагдах боломжтой. Тус аймгийн нутагт тахал гарч болзошгүй 67 цэг байдаг. Түүний 43 нь онц аюултай. Энэ удаагийн тахал Ховд аймгийн Үенчийн зүгээс орж ирсэн, одоо Мөнххайрхан, Дуут руу зүглэж байна гэлээ.
Ш.Айбек МОНЦАМЭ
URL: