Сирид цэргээ оруулах АНУ-ын хувилбар
Америкийн цэргийнхэн Сирид цэргээ оруулах хэд хэдэн хувилбарыг нийтэд зарлав. Уг хувилбар нь АНУ-ын зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн Мартин Демпсийн энэ сарын 22-нд парламентын дээд танхимд илгээсэн захидалд тусгагдсан байна. Генерал мэдэгдэлдээ “Цэргийн хувилбаруудыг Ерөнхийлөгчид өргөн барьсан” гэжээ.
Хувилбаруудын дунд Сирийн чөлөөт армийн дайчдад зэвсэг нийлүүлэх, Засгийн газрын цэргүүдэд агаараас цохилт өгөх, Сирид агаарын нислэггүй бүс тогтоох, Сири Туркийн болон Иорданитай хил дээр ийм онцгой бүс байгуулах зэрэг асуудал орж байгаа аж.
Эдгээр төлөвлөгөөний тухай өмнө дурдаж байсан. Чухам юуны учраас нийтэд зарлах болсон гэдэг нь сонирхолтой асуудал болж хувирав. Мартин Демпси генералын захидал нь Бүгд найрамдах намын сенатч Жон Маккейны заналхийлсний хариу илгээлт болсон. Сирид цэргээ оруулахыг халуунаар дэмжигчдийн талыг баримтлагч тэрбээр “Хэрэв ойрын хэдэн долоо хоногт ийм төрлийн төлөвлөгөөг өргөн барихгүй бол генералын саналыг АНУ-ын цэргийн дээд албан тушаал дээр гацаана” хэмээн сүрдүүлжээ.
Мартин Демпси, Жон Маккейн нар аль хэдийнээс бие биедээ дайсагнах болсон. Эл захидлыг нийтийн хүртээл болгохоос гурван өдрийн өмнө сенат дээр тэдний хооронд хурц маргаан үүссэн байна.
Америкийн генералууд нь улс төрийн төлөвлөгөөнд үнэлэлт дүгнэлт өгөх нь маш ховор байдаг. Харин энэ удаа Демпси нь захидлыг хатуу тайлбаруудаар нэмжээ. Тэрбээр “Үйл ажиллагаанд эхлэн орохдоо бид үүний дараа юу болох вэ гэдэгт бэлэн байх ёстой. Хөндлөнгийн оролцоо өргөжихөөс зайлсхийх аргагүй байх болно. Бид санаандгүй экстремистуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх юм уу, аль эсвэл өөрсдөө хяналтдаа авахыг хүсч байгаа химийн зэвсгийг хэрэглэхэд хүргэж мэднэ” хэмээн тодотгожээ.
Зарим үед цэргийн хүч хэрэглэсний гэнэтийн үр дагаварууд гарч ирдэг гэж генерал Демпси сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. Тэрбээр “Би өөрийн үзэл бодлыг Ерөнхийлөгчид илэрхийлсэн. Бид үйл ажиллагааны боломжтой бүх хувилбаруудыг зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн хорооны гишүүдэд хаалттай хуралдаан дээр танилцуулж, янз бүрийн хувилбаруудын үйл ажиллагааны гарч болох эрсдэлд үнэлэлт дүгнэлт хийсэн. Хүч хэрэглэх юм уу, аль эсвэл хэрэглэхгүй тухай шийдвэрүүдийг сонгомол албан ёсны хүмүүс гаргадаг” гэв.
Америкийн цэргийнхний тооцолсноор Сирийн аль ч хувилбаруудын санхүүжилт нь зэвсэг нийлүүлэх болон цэргүүдийг сургахад чиглэгдвэл жилд 500 сая ам.доллар болно. Харин цэрэг оруулсан тохиолдолд тэрбум ам.долларт хүрч болзошгүй. Цагаан ордон төсвийн хөрөнгийн хомсдолтой үед ийм хэмжээний зарлага гаргахыг хүсэхгүй байгаа.
АНУ-ыг илүүтэй идэвхтэй оролцохыг Сирийн сөрөг хүчнийхэн хүсч байгаа аж. Энэ тухай Нью-Йоркт хоёр хоногийн өмнө Сирийн чөлөөт армийн командлагч генерал Салим Идрис айлчлахдаа мэдэгджээ.
Үүнтэй зэрэгцэн энэ сарын 22-нд Москвад Сирийн Ерөнхий сайдын орлогч Кадри Жамильтэй явуулсан яриа хэлэлцээрийн дараа Оросын Гадаад харилцааны тэргүүн Сергей Лавров Сирийн байдлыг цэргийн аргаар зохицуулах боломжгүй гэдгийг онцолсон юм. Женев болон энэ оны есдүгээр сард Москвад болох АНУ, ОХУ-ын удирдагчдын, “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Сирийн асуудлыг идэвхтэй хөндөх юм.
URL: