Хогтой, хорхогтой Туулын эргээр
Одоогоор нийслэлчүүд амралтын байдалтай байна. Сургууль цэцэрлэг, улсын зарим байгууллага амарч мөн ээлжийн амралтаа авсан иргэд зуны халуунд эрүүл агаарт гарч алжаалаа тайлах зүй ёсны хэрэг.
Тэдний жилийн жилд зорьдог газар нь Туул гол. Гэтэл сүүлийн жилүүдэд нийслэл хотыг ундны усаар хангагч ганц эх үүсвэр Туул гол бохирдлоо, ус татарлаа хэмээн хүн бүхэн ярих болсон. Энэ нь цэвэр агаарт гарсан иргэд голоо бохирдуулж, хогоо хаядагтай холбоотой.
Тиймээс Туул голын эрэг орчимд ямар байгааг сурвалжиллаа.
Ажлын долоо хоногийн сүүлчийн өдөр. Туул гол олон “зочинтой” байна. Хүүхэд хөгшидгүй гэр бүл, ажлын хамт олноороо модны сүүдэрт сууна. Зарим нь усанд шумбаж, тоглож харагдана.
Иргэд “Маршал”-ын гүүрний хоёр талд олноороо буужээ. Түүнээс цааш барилга байшин, хауснууд сүндэрлэчихэж. Хэсэгхэн талбайд агаарлах иргэдэд орчин нь тийм ч сайн бүрдэхгүй байгаа бололтой.
Хэдхэн метрийн зайнд Богд уулыг тойрсон замын урсгал явна. Автомашины хөдөлгөөн ч их юм. Голын эрэг дээр суух иргэдийн дэргэдүүр автомашинууд давхилдах нь хүүхэд багачуудад осолтой харагдана.
Гол дээр ирсэн иргэд машинаа зам дагуу байрлуулж, урт дараалал үүсгэжээ. Өмнө нь эрэг рүү оруулж байрлуулдаг байсан хэдий ч хориглосон хаалт босгочихож. Үүнээс гадна гол орчмын бохирдол хэн бүхнийг эмзэглүүлэхээр болжээ.
Архи пивоны шил, хоол хүнсний хаягдал энд тэндгүй хөглөрч байна. Моддын ёроолд ялгадас харагдана. Иргэд түүнд нь цээрлэж суух газар эрж байгаа ч харагдах.
Хэдхэн сартай зээгээ агаарлуулахаар ирсэн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны өндөр настан Э.Өнөрхүүд ач зээ нараа суулгах газар олдсонгүй. Сүүдэр дагаж очсон модны ёроол болгонд нь ялгадас байсан учир ихэд дургүйцэж байв.
Тэрээр “Иргэдийн соёлгүй байдал дэндлээ. Суух газар олдохгүй, явж явж нэг газар олтол дэргэдүүр нь машин яваад тоос манаргаад байх юм. Цэвэр агаарт гарсан бол соёлтой, хог хаягдлаа аваад буцаж болно шүү дээ” хэмээв.
Түүн шиг бодолтой олон хүн байсан юм. Туул голыг зоригсдын дунд цэвэр агаарт боловсон гараад буцах нэгэн байхад найз нөхөд, хамт олноороо архидаж, согтуурах тохиолдол ч байх ажээ. Тэд л хог новшоо эмх замбараагүй хаяж байна хэмээн иргэд шүүмжлэв.
Туул голыг иргэд албан бусаар амралтын бүс болгосон байдал иймэрхүү. Идэж уухаа гэрээсээ авч ирж зөвхөн орчныг нь ашиглаж байна. Тэдэнд үйлчлэх хуруу дарам цөөн үйлчилгээний цэг буюу шорлог, хорхогийн худалдаачин ажиллаж харагдсан. Орос маягаар шорлог хийж худалдаах Слава хэмээх эрхэм саяхнаас ажиллаж эхэлжээ. Түүгээр үйлчлүүлэгчид их юм.
Кавказ маягаар шорлогоо хийж, ширхэгийг нь 8000 төгрөгөөр худалдаална. Тэрээр голын эрэгт амралтын жижигхэн бүс тохижуулах саналыг дэмждэг байна. Энэ талаар Слава “Голын эрэгт албан ёсоор амралтын жижигхэн бүс тохижуулах нь зүйтэй. Хэрэв зөвшөөрдөгдвөл орчин ч цэвэрхэн болно. Амралтын асрууд тавиад орчныг нь цэвэрлээд албан ёсных болгочихвол хүмүүс хогоо хаяхгүй. Мөн машины зогсоол хэрэгтэй” гэв.
Түүний уг саналыг үйлчлүүлэгч залуучууд ч дэмжиж байна. Асар бүхий талбай засч иргэд үнэгүй амарч, зугаалах боломжтой болчихвол орчин сайжирна гэнэ. Гагцхүү шоу болгочихгүй хийгээд өгөөсэй гэх нь ч байна.
Б.Заяа
URL: