Ай Вэй Вэй: Чи өөрөө ч мэргэжлээ мэддэггүй юм байна гэсэн
БНХАУ-ын хамгийн алдартай зураач, тэрс үзэлтэн Ай Вэй Вэй сүүлийн үед олны анхаарлыг татах болсон билээ.
Түүний хувьд зөвхөн зураг зурж, үзэсгэлэнгээ гаргахаас гадна Засгийн газраа үргэлж шүүмжлэн, эсэргүүцэл үзүүлдэг. Мөн нийгэм дэх болж бүтэхгүй зүйлсийг хошин зургаараа илэрхийлдгээс гадна өөрийн блог, твиттерийг ашиглан үзэл бодлоо түмэн олонд түгээж улам ч их дэмжигчтэй болсон юм.
Ингээд түүний ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Таны хувьд 1982 оны сүүл үед Хятадаас Нью-Йорк руу нүүсэн байх аа?
-Яг зул сарын үе таарч байсан. Би Parsons-д хагас жил шахам сурсан. Тэгээд нэг хэсэг уран бүтээлч сурагчдын бүлгэмд явсан л даа. Гэхдээ ихэнх цагаа Нью-Йоркийн зүүн хэсгийн бага тойрогт өнгөрөөсөн.
-Коммунист Хятад улсаас тийшээ нүүхэд мэдээж бэрхшээл гарах нь тодорхой. Ядаж л шашин, соёл уламжлалын тал дээр хүртэл хүндрэл гарна биз?
-Би Хятадын баруун хойд нутгийн ядуухан тосгонд өссөн хүн. Тэр нутаг хэт бөглүү, жижиг учраас улс төрийн мэдээлэл хүртэл хязгаарлагдмал байсан. Ямартай ч би Вашингтон, мөн Оросын ойролцоо цөлд хүртэл л өслөө шүү дээ. Тэр маань миний сэтгэхүйд нөлөөлж л байсан байх.
-Яруу найрагч аав тань либериализмын нэг хэсэг болох барууны үзэлтэн гэж буруутгагдан говь руу цөллөгдөж байсан шүү дээ. Говь руу цөлөгдсөн нь эргээд танай гэр бүлийнхний уран бүтээлч сэтгэлгээ, зурагт нөлөөлсөн юм шиг санагддаг. Гэтэл та өсч том болохын хэрээр аавынхаа үзлээс өөр хэв загвараар, орчин үеийн байдлыг зурагтаа шингээдэг юм шиг санагддаг?
-Үгүй үгүй. Аав маань ч гэсэн шог, шүүмжлэлт зургийн талаар ярьж уран бүтээл туурвих тохиолдол ч байсан. Залуудаа Парис руу явж зураач болохоор сурч байсан юм билээ. Тэнд сурч байхдаа нэлээд сайн байсан гэсэн. Магадгүй би ааваасаа арай илүү хүчтэй шийдлийг гаргаж ирээд байгаа болохоор өөр санагдаж магадгүй. Гэхдээ миний шог зураг зурах боломжийг маань аль болох хаах гэж зүтгээд байгаа. Би одоо санадаг юм. Намайг АНУ руу явахын өмнө гэрийнхэн маань надад орчуулгын хэдхэн ном л өгч явуулсан. Хятадын түүх соёл, хувьсгалтай холбоотой ямар ч ном өгөөгүй. Хэрвээ тэр үед хувьсгалтай холбоотой ном авч явбал шууд л хувьсгалын эсэргүү гээд хэрэгт унаж магадгүй байсан.
-Таны аавын хувьд олон зүйл хийж, цөллөгт явж, хэрэгт төвөгт их ордог байсан. Багадаа аавынхаа яг юу хийдгийг ойлгохгүй, төсөөлөл дутах тохиолдол гарч байсан уу?
-Тийм шүү. Хятадад зураачдыг урлагийн ажилтан гэж нэрлэдэг шүү дээ. Түүнээс биш зураач гэж хэлдэггүй. Гэтэл хоёр жилийн өмнө намайг баривчлах үеэр “Чи ямар мэргэжилтэй юм бэ” гэхэд нь “Зураач” гэсэн чинь бүгд инээлдсэн. Тэгээд “Чи өөрөө ч мэргэжлээ мэддэггүй юм байна. Урлагийн ажилтан гэж хэлээч” гэж байсан. Мэдээж би тэднийг дагаад “Ойлголоо. Би урлагийн ажилтан” гэж хэлсэн л дээ. Иймэрхүү зүйлийг багадаа бол бүр ойлгохгүй шүү дээ. Том болоод л мэдэж эхэлсэн.
-Таны хувьд Нью-Йоркт боловсрол эзэмшсэн шүү дээ. Тиймээс барууны сэтгэхүй нэлээд хурдан бүрэлдэн тогтсон байх?
-Тийм ээ. Би Нью-Йоркт ирснээр анх удаа Метрополис хотыг үзсэн. Мэдээж хөдөөгийн бөглүү тосгоноос очсон надад хэтэрхий сайхан санагдаж, ер бусын мэт санагдах нь тодорхой шүү дээ. Тэр ч утгаараа би Нью Йорк шиг төгс төгөлдөр хотод хайртай, надад их таалагдсан. Учир нь би хагас цэрэгжилтийн байдалтай, гэрэлгүй харанхуй газар байсан шүү дээ. Бидэнд гар чийдэн, лаа гээд гэрэл тусгачих юу ч байгаагүй. Тэр ч утгаараа би гэрэлд хайртай. Орой 21.00 цагт Нью-Йоркт онгоцоор буухад тэр чигтээ гэрэлтэй байсан нь сэтгэлийг маань их хөдөлгөсөн шүү. Жинхэнэ эрч хүч авах шиг болсон.
-Хамгийн анх зургийн гайхамшиг, ертөнцийг үзэх үзлийг өөрчилсөн ямар бүтээл байв?
-Би хамгийн анх “The Philosophy of Andy Warhol” номыг уншиж байлаа. Хэдийгээр англи хэлний мэдлэг муу, хэцүү байсан ч гэсэн үнэхээр гайхалтай, сонин сэтгэгдэл төрж байсан санагддаг. Хошин зургууд нь инээдтэй мөртлөө нэг л содон мэдрэмж төрүүлж байсан. Мэдээж би өөрөө зурагт хорхойсдог учраас энэ номыг бичсэн хүнийг жинхэнэ шилдэг нь юм гэж бодох болсон. Тэр ном бол хэдэн арван жил өнгөрсөн ч шилдэг нь байх болно.
-Гэхдээ зарим хүн Warhol-ыг нэг их үнэлдэггүй шүү дээ. Түүний бүтээл нь хэтэрхий яруу мөртлөө амьдралаас хол, хөндий гэдэг?
-Тэр бол хил хязгаараар хэзээ ч хязгаарлагддаггүй. Цорын ганц яруу найрагч л гэж би хэлнэ.
Б.Золзаяа
URL: