Д.Батсайхан:Хадгаламж эзэмшигч, харилцагчид ямар ч хохирол үүсэхгүй

b45093dc273c6f05c9d8035ad5bc5189_LХадгаламж банкны актив, пассив хөрөнгийг салбар нэгжийн хамт Төрийн банкинд шилжүүлэх шийдвэр гарсан. Энэ тухай Төрийн банкны захирал Д. Батсайханаас тодрууллаа.

-Төрийн банкинд Хадгаламж банкны актив, пассив хөрөнгийг салбар нэгжийн хамт шилжүүлэх шийдвэр гарлаа. Төрийн банкинд ямар давуу тал байгаа вэ?

-Хоёр жилийн хугацаанд Монголбанк Хадгаламж банкинд зохих арга хэмжээнүүдийг авч ажилласан. Дөрвөн үндсэн хувилбараас Төрийн банк руу шилжүүлэхийг дэмжлээ. Төрийн банкны хувь нийлүүлэгч бол Сангийн яам юм. Сангийн сайдын түвшинд эл саналыг авч үзээд тооцоо судалгаан дээр үндэслэн одоогийн Хадгаламж  банкны актив, пассив хөрөнгө, салбар нэгж ажиллагсдыг Төрийн банкинд шилжүүлэхээр болов. Ингэснээр эрсдэл бага гарна гэж тооцсон учраас Төрийн банк  албан ёсоор зөвшөөрлөө. Төрийн банк Монголбанкнаас тавьсан бүх зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг сүүлийн гурван жилийн туршид тасралтгүй хангаж ажилласан. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний хувьд Арилжааны банкууд дотроос нэлээн өндөр зэрэглэлийн үзүүлэлттэй явж байгаа.  Монголбанкнаас өөрийн хөрөнгийн хүрэлцээ 12 хувьтай байх ёстой гэсэн  шаардлага тавьдаг. Өнгөрсөн зургадугаар сарын 30-ны байдлаар  Төрийн банкны өөрийн хөрөнгийн  хүрэлцээ 22 хувьтай байгаа. Хөрөнгийн дутагдалд орсон Хадгаламж банкийг шилжүүлэн авч 12 хувьтай байлгахад  40 орчим тэрбум төгрөгийн хэрэгцээ гарах урьдчилсан тооцоо гарсан. Харин  22 хувийн үзүүлэлтийг бууруулахгүйгээр авч явахын тулд 100 орчим тэрбум төгрөг шаардагдана. Эл тооцооноос харахад Төрийн банк руу шилжүүлэх шийдвэр нь хамгийн оновчтой хувилбар болж таарч байгаа юм. Гол нь 1.7 сая харилцагчийн эрх ашиг хөндөгдөх учраас эрсдэлгүй байлгахын тулд Монголбанк Төрийн банкинд шилжүүлэх шийдвэр гаргалаа.

-Банк татан буугдахад хамгийн эрсдэл үүрдэг нь хадгаламж эзэмшигчид. Хадгаламж эзэмшигчийн хувьд ямар нэгэн өөрчлөлт гарах уу?

- Ямар ч өөрчлөлт гарахгүй. Тухайн хадгаламж эзэмшигчийн Хадгаламж банктай байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр байна. Хүүн дээр өөрчлөлт гарахгүй.Энд ямар ч эмээх зүйлгүй, харилцагчид хохирохгүй. Харин ч давуу талтай.

- Ингэхэд Хадгаламж банкны чанаргүй зээлийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Зээлийг муу, сайн гэж хоёр ангилж байгаа. Чанаргүй зээл Монголбанкны хүлээн авагч дээр үлдэнэ. Ингэснээр тодорхой хууль хяналтын байгууллагуудын оролцоотойгоор шийднэ. 500 орчим тэрбум төгрөгийн хэвийн зээл байгаа. Энэ зээл автоматаар Төрийн банкинд шилжинэ. Зээлдэгч Хадгаламж банкинд зээлээ төлдөг зарчмаар явна.

-Тус банкны ажилтнуудыг цомхотгох, өөрчлөх асуудал гарах уу?

- Хадгаламж банкнаас шилжин ирж байгаа 3268 ажилтан ажиллагсдын ажилд ямар ч өөрчлөлт орохгүй. Ажил олгогч нь Төрийн банк  болж өөрчлөгдөж байна. Ажиллагсдын нөхцөл, хангамж, албан тушаал цалин хөлсөнд ямар ч  өөрчлөлт орохгүй.Салбар нэгж, үйлчилгээ ч гэсэн хэвийн үргэлжилнэ.

-Төрийн банкинд шилжсэнээр эрсдлийн хэмжээ хэр буурах вэ?

-  1.5 тэрбум төгрөгийн активтай болно. 500 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний үлдэгдэлтэй банк болно. Тиймээс төлбөрийн чадварын хувьд сайжирч эрсдлийн хэмжээ эрс буурна гэсэн үг.
Б.Заяа montsame


URL:

Сэтгэгдэл бичих