Шүүгчид сард 3,7-4,5 сая төгрөгийн цалин авна

26a9b1e5ea2a1b5c5b580c832a70c2a5_LШүүхийн ерөнхий зөвлөлийн энэ сарын 17-18-ны өдрийн хуралдаанаар Зөвлөлийн гишүүд шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн цалинг анх удаа өндөр хэмжээнд тогтоохоор шийдвэрлэсэн. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржтой ярилцлаа.

-Шүүгчдийн цалинг анх удаа өндөр хэмжээтэй тогтоосон ШЕЗ-ийн шийдвэрийн талаар товч танилцуулаач?
-Монгол Улсын шүүхийн түүхэнд их том үйл явдал болсон гэж би хувьдаа ойлгож байна. Яагаад гэвэл төрийн албан хаагчид түүхэндээ 3-4 сая төгрөгийн цалин авч байгаагүй юм. Тийм учраас бид шүүгчдийнхээ цалинг анх удаа 3,7-4,5 сая төгрөгийн хооронд тогтоолоо. Цаашлаад энэ цалин үүгээр зогсохгүй дахин хоёр зүйл нэмэгдэнэ. Тодруулбал ажилласан таван жил тутамдаа шүүгчид хоёр хувийн нэмэгдэл авна. Үүнээс гадна 2013 онд багтааж бид бүх шүүгчдийнхээ мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг тогтооно. Энэ түвшингээс шалтгаалж шүүгчид үндсэн цалингийн 50 хүртэл хувиар нэмэгдэл ирнэ. Жишээлбэл 4 сая төгрөгийн цалинтай шүүгч мэргэжлийн ур чадварын үнэлгээгээрээ “сайн” гэсэн дүн авбал 2 сая төгрөг, дээр нь 20 жил ажилласан бол таван жил тутамдаа нэмэгдэл авч нийлээд 8-9 сая төгрөгийн цалин сард авах болж байгаа юм.

-Шүүгчдийн цалинг ийм хэмжээнд нэмэх эрх зүйн орчин болоод санхүүгийн боломж бүрэлдсэн гэж үзэж болох уу?  
-Яагаад шүүгчдийн цалинг ийм зоригтой нэмж байна гэхээр УИХ-аас Баталсан шүүгчийн багц хуульд, ялангуяа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэг чухал заалт орсон юм. Энэ заалт нь “Шүүгчийн цалин эдийн засгийн хувьд хараат бус байх, амьдралд нь хүрэлцээтэй, баталгаатай байна” гэсэн гурван чухал үгийг оруулсан. Үүнийг л хэрэгжүүлж шүүгчдийнхээ цалинг нэмэх шийдвэр гаргалаа.
Цалинг энэ хэмжээнд нэмэхэд МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэнд бид захиалга өгч, нэлээн томоохон сайн судалгаа хийлгэж, түүнийгээ үндэслэсэн.

-Өнөөдрийг хүртэл шүүгчдийн цалин болоод нийгмийн асуудал нь хэр хангалттай явж ирсэн бол?
-Дээр дурдсан судалгаанаас Монголын шүүгчдийн ахуй амьдралын байдлыг хараад ШЕЗ-ийн даргын хувьд би санаа алдаж суусан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 441 шүүгчийн 245 нь орон сууцны зээлтэй, давхардсан тоогоор 551 шүүгч сургалтын, бизнесийн, цалингийн, жижиг хэрэглээний гээд нийт долоон төрлийн зээлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгч нар маань өр зээлэнд баригдсан, зутруухан амьдралтай байна гэсэн дүр зураг харагдаж байгаа юм.
Дээр нь хэрэглээний сагс гэж зүйлд Үндэсний статистикийн газраас багтаасан 93 зүйлийн 41 хувийнх нь үнэ өсчихөөд байхад шүүгчдийн цалингийн нэмэгдэл үүнээс бүр хол хоцорчихсон байсан. Энэ мэт олон судалгааг хийж, шүүгчидтэй ч биечлэн ярилцаж, олон улсын жишгийг ч судалж үзлээ.

-Тэгвэл энэ удаагийн шүүгчдийн цалингийн нэмэгдэл олон улсын жишигт хэр дөхөж очсон бэ?
-Бид Чех, Унгар, Польш гэсэн улсыг онцгойлон авч үзсэн. Энэ улсуудын шүүгчдийн цалин иргэдийн дундаж цалингаас 5-6 дахин их байдаг. Гэтэл манай улсад 1 дахин ч их байж чадахгүй байгаа юм. Тэгэхээр ийм ядуу зүдүү амьдралтай, өр зээлэнд баригдсан шүүгчдээр бид хэдэн тэрбумын өгөө аваа, зуу зуун тэрбумын үнэ бүхий лицензийн асуудлыг шийдүүлээд сууж байгаа нь ихээхэн эмгэнэлтэй асуудал. Тиймээс энэ асуудлыг нь шийдвэрлэхэд бага ч болов нэмэр, түлхэц болно гэж үзэн ШЕЗ шийдвэр гаргасан. Энэ шийдвэрээр шүүгчид дундаж цалингаас 5-6 дахин их цалин авдаг болно.

-Эдийн засгийн өөрчлөлт, инфляци гэх мэт асуудлаас шалтгаалж шүүгчдийн цалин буурах тохиолдол байх болов уу?
-Шүүгчдийн цалинг бууруулна гэсэн асуудал аль ч оронд, хаана ч байдаггүй. Монгол Улсын хуульд ч шүүгчийн цалинг бууруулж болохгүй гээд хуульчилж өгсөн байгаа. Тиймээс ямар ч тохиолдолд цалин буурахгүй.

-Шүүгчдийн орон тооны хувьд багагүй нэмэгдэх болсон. Тэгвэл шинэ шүүгчдийг ямар шалгуураар сонгох бол?
-Шүүхийн тухай хуульд шүүгчийн орон тоо хангалттай байхаар заасан. Шүүгчдийн тоог төвлөрсөн суурин газруудад аль болохоор нэмнэ. Хуулиар 279 шүүгч нэмэх болсон. Гэхдээ бүгдийг нь энэ ондоо багтаан авах бололцоо байхгүй. Бага, багаар нэмж ирэх ондоо багтаан гүйцээнэ гэж бодож байна. Монголд хуульчийн нөөц гайгүй бий учир сайтар шилж, сонгож авна.

-Шүүгчдийн цалин нэмэгдсэнээр хараат бус байдлыг хэрэгжүүлэхэд том нэмэр болох байх?
-Цаашдаа шүүгчийн хариуцлагын тухай асуудлыг цалинг нь нэмсэнтэй уялдуулаад ярих ёстой. Өөрөөр хэлбэл, бид цалин хангамжийг нь нэмснийхээ дараа өөрийгөө хөгжүүл, ёс зүйтэй,  хариуцлагатай байхыг шаардах болно. Цалинг нь нэмэхээр таван цаасны төлөө алдар хүнд, ажлын байраа алдая гэж бодохгүй байх.

Н.Гантуяа

montsame


URL:

Сэтгэгдэл бичих