Н.Алтанхуяг сайд аа, Өмнөговиос танд эрдэнэс нь л хэрэгтэй юу?!

527-1374457622middleАрд түмнээ тарвага шиг хошгируулж, илжиг зүтгүүлж чаддаг эрх баригчид мөнгө цагаан нүд улаан гэдгийн үлгэрийг бодитоор үзүүлж эхлэв. Өмнөговийн Гашуунсухайтын боомтоор өдөрт 115 тонны даацтай ачааны 100 машин хилээр гарч эхлээд байна.
Энэ машин зөвхөн Монголын эрдэнэс, баяжмалыг урагш зөөгөөд зогсохгүй нутгийн байгаль орчинг сүйдэлж, бэлчээрийг үгүй хийж, ан амьтныг дүрвэхэд хүргэж, Өмнөговийг улаан тоос болгож гүйцлээ.
Нэг аймгийг нь Эзэн хааны нэрээр нэрийднэ хэмээн хөөргөчихөөд нөгөөг нь ийнхүү улаан тоосонд даруулж, хүн амьтан тогтохын аргагүй болгож байгааг ёстой нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчтэй зүйрлэмээр.
Уг нь ачааны ийм олон тооны хүнд машин явах замыг эхлээд барьчихаад дараа нь эрдэнэсээ зөөж, ашиг олох гэж чичирмээр. Гэвч эрх баригчид, Засгийн газрынхны хувьд Өмнөговь улаан тоосонд даруулах нь хамаагүй харин дансанд нь хэдэн төгрөг орох л амин чухал бололтой.
Өмнөговийн эрдэнэс, баяжмал нь хэрэгтэй хэрнээ иргэд, байгаль, бэлчээр нь огт хэрэггүй юм уу гэж эрхэм сайд Н.Алтанхуягаас асуумаар санагдана.  Шороон замаар өдөр бүр том машинууд давхилдан Өмнөговийг сүйдэлж гүйцлээ.
Алт эрдэнэстэй толгойныхоо уршгаар ийнхүү Өмнийн говийн нутаг Монголын хамгийн өрөвдөлтэй, эмгэнэлтэй газар болж хувираад байна. Эндэхийн олон нуур, гол ширгэж, усны ундарга татарч, угаас цөлөрхүү газрыг улаанаар нь эргүүлж хаячихаад эрхэм сайд нар гавьяа байгуулсан баатар шиг зурагтаар инээмсэглэн ярьж үзэгдэнэ.
Хурдхан л эрдэнэсээ урагш зөөж, хэдэн төгрөг олох гэж улайрахдаа эх орныхоо өмнөд хил нутгийг үгүй хийж буйгаа мэдсэн ч мэдээгүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг аашлах энэ засагт ичих булчирхай байхгүй гэж үү?
Монгол улсын жолоог монголоо гэх сэтгэлтэй, эх нутаг, хэт үеэ харах чадалтай хүмүүс удирдах ёстойгоос биш эх нутгийг нь сүйдлээд байхад тоолох мөнгөө л бодоод суудаг хүн зөв авч явж чадахгүй нь лавтай.
Эрхэм Ерөнхий сайд Н.Алтанхуяг танд Өмнөговиос зөвхөн алт эрдэнэс нь л хэрэгтэй, харин иргэд, байгаль, бэлчээр нь огт хэрэггүй гэж үү?
Р.Гэгээ  
Эх сурвалж: “new.mn”

URL:

Сэтгэгдэл бичих