Н.Энхбаяр Италийн мафиас ч хүчтэй юу?

527-1374459449527-1374458470527-133481610726b4639183c36aa4big-300x300Монголын улс төрийн намын дарга, эрүүгийн гэмт хэрэгтэн. Энд ямарч логик, утга алга. Монгол улсын хуулиар эрүүгийн гэмт хэрэгтэн болох нь тогтоогдож, шоронд ял эдэлж байгаа хүн улс төрийн намын дарга байж болох уу. Тэрхүү нам нь УИХ, ЗГ-т суудалтай.
Энд хэний, ямар намын тухай ярьж байгааг уншигч төвөггүй ойлгож байгаа. Энэ бол МАХН-ын дарга, хоригдол Н.Энхбаяр. Өнөөдөр тэр шоронгоос монголын төрд нөлөөлж байна. Тэр улс төрийн наймаа хийж, гэмт хэргээ цайруулж цагаатахын төлөө тэмцэж байна.
Үүнд нь МАХН-ын тодотголтой гишүүд, сайдууд нар улайм цайм, ил цагаан зүтгэсээр ирлээ. Энэ эрүүл үзэгдэл мөн үү. Үүнийг хэвийн, байх ёстой зүйл хэмээн хүлээн авч, тэвчсээр байх уу.
Эрүүл мэндийн сайд нь ард  түмнээ үл тоон зөвхөн намын даргынхаа төлөө ажиллаж байна. ДОХ гэдэг аюултай өвчний тархалт аюул дагуулж байхад Н.Удвал сайд намын даргынхаа төлөө хэвлэлийн бага хурал хийж байна.
Н.Энхбаярын төлөө УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Цолмон, Л.Цог болон дэд сайд Ж.Эрдэнэжамъян, Б.Тулга, О.Чулуунбат нар гүйж байна. Ард түмний төлөө зүтгэ гэж сонгож, томилсон болохоос биш намын дарга-загалмайлсан эцгийнхээ төлөө үүрэг хариуцлагаа үл ухамсарлан гүйцгээж байна.
Энэ асуудлын талаар өнөөдрийг хүртэл ямарч хүн зоригтой ярьж, асуудлыг гаргаж тавьсангүй. Н.Энхбаяр Италийн Сицилийн мафиас ч илүү хүч нөлөөтэй болоо юу.Түүний өмнө монголын төр хүчгүйдэж байгааг харж байна.
Монголын шүүх өнөөдөр ганц хүн шоронд суулгачихаж чадахгүй эмнэлэгт хэвтүүлэн тойглоод, толгойг нь илээд байж байна. Бүр сүүлдээ төрийн тэргүүн нь түүнтэй аман гэрээ байгуулж, тохиролцсон тухай ч яриа байна. Хэрэв энэ үнэн бол түүний ярьсан, амалсан бүхэн бүгд худал гэдэг нь батлагдах болно.
Бүх хүн тэгш эрхтэй, гэхдээ Н.Энхбаяр илүү эрхтэй болж байна уу. Түүний төлөө чуулган дээр гишүүд нь хашгирч, сайдууд нь салбарын ажлаа мартан зүтгэсээр байгааг хараад суугаад л байх уу.
Энэ бүхнийг шударга ёсны төлөө гэсэн Ц.Элбэгдорж толгойг нь илээд, дэмжээд байх уу. Хууль хэрэгждэг улс болгоно гэсэн нөгөө Хууль Зүйн Сайд Х.Тэмүүжин юу бодон суугаа юм бол доо. Хулгайч, гэмт хэрэгтэнтэй тохиролцож, тэдэнтэй эвлэрч байгаа бол тэд ч бас гэмт хэрэгтнүүд. Гэмт хэрэгтнүүд шинэчлэлийг хийж, улс орныг хөгжүүлж чадах нь юу л бол.
Гэмт хэрэгтэн хүнээр удирдуулсан нам Монголын төрийг бузартуулж, гэмт хэрэгтнээр удирдуулсан гишүүд, сайдууд улс орныг үймүүлж байгааг Ц.Элбэгдорж ерөнхийлөгч, Х.Тэмүүжин сайд хоёр хэдий хүртэл харж суух вэ?
Б.Гансүх
SONIN

URL:

Сэтгэгдэл бичих