“ИХ ХУРД-6” уралдаанд 131 хурдан хүлэг уралдлаа

eb4746c91b275438bigУлсад болон аймагтаа түрүүлсэн шигшмэл шандаст хүлгүүд тоосоо өргөдөг “Их Хурд-6” хурдан морьдын уралдаан Өвөрхангай аймгийн Хархорин сумын Харгантын хөтөлд өнгөрсөн амралтын өдөр болж өнгөрлөө.

Азарганы уралдаанд 57 азарга гарааны зурхайгаас эргэснээс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Монгол Улсын Манлай уяач Дэшдэмбэрэлийн Бат-Эрдэнийн “Улс” халзан түрүүллээ.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын угшилтай уг халзан азарга нь Ардын хувьсгалын 90, 91, 92 жилийн ойн баяр наадмуудад дарааллан түрүүлээд байсан хурдан буян юм. Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хужирт сум Д.Сугарын хул, Айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Б.Батбаярын хул, айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Д.Баяраагийн хонгор, айргийн тавд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат Жаргалсайханы бор тус тус хурдалж унасан хүүхэд уясан эзнээ баярлууллаа.

“Их хурд-6” наадамд 2010 оноос хойш Улс, бүсийн наадамд эхний 9-т орсон болон аймаг наадмуудад түрүүлсэн морьд урилгаар уралдсан юм. Харин их насны морьдын уралдаан 74 хурдан хүлэг тоосоо өргөснөөс Говь-Алтай аймгийн Шарга сумын тод Манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн морь түрүүллээ.

“Даян түмний эх” хүрэн морь нь Сүхбаатар аймгийн Түвшин ширээ сумын унаган адуу бөгөөд Монгол улсын манлай уяач Б.Бат-Өлзий уяж хурдлуулжээ. Аман хүзүүнд Ховд аймгийн Чандмань сумын уяач Б.Ерөөлтийн хүрэн халзан, айргийн гуравт Улаанбаатар
хотын Баянзүрх дүүргийн Ц.Энхтайваны хонгор халзан хурдалж, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Орхон аймгийн харьяат Амарбаясгалангийн хүрэн халзан, айргийн тавд Орхон аймаг “Эрдэнэт” үйлвэр, Монгол улсын тод манлай уяач Ц.Бат-Энхийн хүрэн тус тус хурдаллаа.

“Их хурд-6” уралдааны зохион байгуулах хорооны даргаар ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн даргаар П.Сэргэлэн нар томилогдон ажилласан. Ийнхүү энэ жилийн “Их хурд-6” хурдан морьдын уралдаанд 131 шандаст хүлэг тоосоо өргөснөөс Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд айрагдсан таван морьдын дөрөв нь айрагдсанаар ихээхэн онцлог болж өнгөрлөө.

Э.Цагаан-Уул


URL:

Сэтгэгдэл бичих