Найман тусгай зөвшөөрлийг цуцаллаа
Хөвсгөл аймгийн Бүрэнхааны фосфоритын ордод хууль бусаар олгогдоод байсан найман тусгай зөвшөөрлийг цуцдах шийдвэрийг Дээд шүүхээс гаргажээ. Энэ асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ.
Анх “Талст маргад”компанийн лицензийг цуцалж өгөх хүсэлтийг 2011 онд гаргасан аж. Түүнээс хойш анхан шатны шүүх хурал удаа дараа хойшилсоор энэ оны нэгдүгээр сард тус компанийн ашиглалтын хоёр лицензийг түдгэлзүүлж, хайгуулын зургаан лицензийг цуцлахыг шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ. Иймээс нэхэмжлэгчид Дээд шүүхэд гомдол гаргасан аж.
Шүүх өнгөрсөн сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд дээрх тусгай зөвшөөрлүүдийг хууль бусаар олгосныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, тус зөвшөөрлүүдийг цуцлахыг АМГ- т даалгасан шийдвэр гаргасан байна. Улсын Дээд шүүх ийм шийдвэр гаргаснаар орон нутгийн малчин иргэдийн байгаль орчноо хамгаалсан, мал аж ахуйгаа эрхлэн амьжиргаагаа авч явах эрхийг баталгаажуулсан, уул уурхайн үйл ажиллагаанаас үүсэх хохирлоос урьдчилан сэргийлэх боломж үүслээ хэмээн нутгийн иргэд үзэж байгаа аж.
“Өдрийн шуудан” сонин
URL: