Нийгмийн сүлжээнийхэн цахим нойргүйдэлд өртөж байна
Цахим нойргүйдэл хэмээх шинэ өвчин бий болсон тухай Оросын ОРТ телевизээр саяхан нэвтрүүллээ. Фэйсбүүк, твиттер зэрэг нийгмийн сүлжээг ашиглагчдын тоо дэлхий нийтээр эрчимтэй өсөж байна. Тэд фэйсбүүк, твиттерт үлдээсэн мэдээлэл, оруулсан сонирхолтой зурагтаа аль болох олон сэтгэгдэл авч, цахим ертөнцийг байлдан дагуулах эрмэлзэлтэй.
Нийгмийн сүлжээг идэвхтэй хэрэглэгчид өөрийн үлдээсэн мэдээлэл, хэлэлцүүлэгт нь хэн хэн, ямар сэтгэгдэл бичсэн бол хэмээн гэгэлзсээр нойр нь хулждаг аж. Тэд шөнө дунд нойргүй суух нь хэвийн үзэгдэл. Харин хэн нэгний үлдээсэн сэтгэгдлийг уншиж байж сая санаа амарч, компьютерээ унтраан унтдаг байна. Үүнийг анагаах ухааны салбарт цахим нойргүйдэл хэмээн нэрлэх нь оновчтой гэж үзжээ.
Оюутан, сурагчдаас эхлээд жирийн албан хаагч, нэр нөлөө бүхий олны танил хүмүүс, удирдах албан тушаалтан гээд нийгмийн бүхий л анги давхаргынхны эрх тэгш байж, үзэл бодлоо шуурхай, чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний индэр нь энэ юм. Нийгмийн сүлжээний эдгээр сувгаас шинэ мэдээлэл, сонирхолтой зураг, хит дуу, эрх баригчдын гаргасан алдаа, оноо гээд бүх л сэдвээр цаг алдалгүй “ярилцаж” болно. Монголчууд бид ч хэдийнэ нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгчид болсон. Фэйсбүүк, твиттерийг үндсэн ажлын нэг хэсэг мэтээр төсөөлж, тогтмол жиргэдэг, сэтгэгдэл бичдэг, мэдээлэл оруулдаг хүмүүс бий болжээ.
Э.ОРГИО inet
URL: