Улсын наадмын түрүү морьд “Их хурд-6″ уралдааны өнгийг тодорхойлов

44d4bb1f7937b91484e82576e85e6800_LИх Монгол Улсын нийслэл, түүхт Хархорин хотын ойролцоо Монголын шигшмэл хурдууд зургаа дахь удаагаа цугларлаа. Гурван жил тутам зохион байгуулдаг Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-6” уралдаан өнөөдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд болсон юм.

Их хурд уралдаанд улс, бүс, аймгийн наадамдаа түрүүлсэн шигшмэл хурдан буянгууд урилгаар оролцдогоороо онцлогтой бөгөөд төв монголд газар газрын уяачид цуглан эрдэм ухааны уралдуулдаг юм. Энэ удаагийн уралдаанд азарга, их насны нийт 129 ажнай монгол орны дөрвөн зүг найман зовхисоос цугларчээ.

Арав гаруйхан хоногийн өмнө болсон Тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын хурдан морьдын уралдаанд цээжинд давхисан хүлгүүд энэ удаагийн их хурдын өнгийг үндсэндээ тодорхойлсон байна.

Тус уралдааныг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Монголын морин спорт уяачдын холбооны Ерөнхийлөгч М.Энхболд, нарийн бичгийн даргаар П.Сэргэлэн нар ажилласан юм. Уралдаанд мэдээж хэрэг зөвхөн монгол морьд оролцжээ.

 

Сүхбаатар угшлын морьд ноёлсон их насны уралдаан

Их насны морьдын уралдаанд 74 цуутай хурдан буян мордсоноос Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн даян түмний эх хүрэн морь түрүүллээ. Хүрэн морь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Эрдэнэбатын унаган адуу аж. Сүүлийн хоёр жил  түрүүлж буй хүрэн морьны уяа сойлгыг Монгол улсын манлай уяач Б.Бат-Өлзий тааруулжээ.

Аман хүзүүнд Ховд аймгийн Чандмань сумын уяач Б.Ерөөлтийн хүрэн халзан хурдаллаа. Халзан морь нь Сүхбаатар аймгийн Онгон сумын О.Үнэнбаярын унаган адуу бөгөөд энэ жил Дүнжингарав, Эрдэнэтийн бүсийн уралдаануудад дараалан түрүүлж, үндэсний их баяр наадмаар гуравт хурдалсан юм.

Айргийн гуравт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Ц.Энхтайваны хонгор халзан давхисан байна. Мөн л Сүхбаатар аймгийн Онгон сумын Б.Буян-Оршихын унаган адуу болох хонгор халзангийн уяа сойлгыг Аймгийн алдарч уяач Т.Ихбаяр тааруулжээ. Хонгор морь үндэсний их баяр наадамд аман хүзүүдсэн юм.

Айргийн дөрөвт Говь-алтай аймгийн Бигэр сумын уугуул, Орхон аймгийн харьяат Б.Амарбаясгалангийн хүрэн халзан ирлээ. Үндэсний их баяр наадамдаа айргийн тавд хурдалсан энэ морь мөн л аймгийн алдарт уяач Т.Ихбаярын уяан дээрээс морджээ.

Харин айргийн тавд тод манлай Ц.Бат-Энхийн хүрэн морь хурдаллаа. Хүрэн морь Сүхбаатар аймгийн угшилтай бөгөөд Монгол улсын тод манлай уяач Ц.Батсайхан уяж, хурдлуулжээ.

Ийнхүү энэ жилийн Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд айрагдсан таван морьдын дөрөв нь “Их хурд-6″ наадамд айрагдлаа. Айргийн тавд хурдалсан морьд бүгд Сүхбаатар угшилтай байсан нь тэр зүгийн уяа сойлго, хурд шандас хэр байгааг монгол даяарт харуулсан үйл явдал боллоо.

 

Азарганы уралдаанд улс халзан түрүүллээ.

Үндэсний их баяр наадамд энэ жил гурав дахь удаагаа түрүүлж дархан түмний эх цол хүртсэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, БХ-ын сайд Д.Бат-эрдэнийн улс халзан азарга их хурдад ч мөн түрүүлэн ирэв.  Улс халзан нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Ө.Шинэтулгын унаган адуу бөгөөд аймгийн алдарт уяач Б.Цэндбаатар уяа сойлгыг нь тааруулжээ.

Азарганы уралдааны аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Д.Сугарын хул давхив. Тод манлай уяач Д.Ононгийн хүү О.Батбилэгийн уясан энэ азарга улсын наадамд урьд нь хоёронтоо айрагдаж байв.

Айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Б.Батбаярын хул хурдаллаа.  Хул азарга Сүхбаатар аймгийн Асгат сумын Ганбаатарын унаган адуу бөгөөд энэ жил Орхон аймгийн баях наадамд түрүүлсэн ажээ.

Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул Д.Баяраагийн хул хурдлав. Дорнод аймгийн Чадраабалын унаган адуу болох хул азарганы уяа сойлгыг Нийслэлийн алдарт уяач С.Ганзориг тааруулжээ.

Азарганы уралдааны айргийн тавд мөн л Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Жаргалсайханы бор ирэв. Сүхбаатар чигийн угшилтай энэ азарга Баруун бүсийн даншигт гурван жил айрагдсан байна.

Я.Баяр

MONTSAME


URL:

Сэтгэгдэл бичих