Монголын иргэд гадаадад алга болсоор…

kair-middleГадаадад алга болсон гэх ганц ч мэдээлэл Гадаад харилцааны яаманд ирээгүй байна-

“Каираас Бээжин нисэх аяллаас нэгэн охин алга боллоо” гэх мэдээлэл цахим ертөнцөөр ойрын үед цацагдах боллоо. Чухам Египетийн нийслэл Каирын нисэх онгоцны буудлаас алга болсон уу, аль эсвэл урд хөршийн нийслэл Бээжинд алга болсон уу гэдэг нь тодорхойгүй байгаа. Ямартай ч өсвөр насны охиноо алдсан эцэг эх нь холбогдох утасны дугаараа үлдээж, харсан үзсэн хүн байвал туслахыг хүссэн байна.

Үнэхээр хил дамнан аялж байсан охин алга болсон эсэх, мөн энэ мэдээлэл Гадаад харилцааны яаманд ирсэн зэргийг тодруулахаар цахим ертөнцөөр тараад байгаа утасны дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан.

Харин Гадаад харилцааны яамны холбогдох албаны хүнээс тодруулахад “Гадаадад аялж явсан охин алга болсон гэх мэдээлэл ирээгүй байна” гэх мэдээллийг өглөө. Түүнээс “Гадаадад явж байгаад алга болчихлоо гэх мэдээлэл хэр их ирдэг вэ” гэж асуухад “Бараг ирдэггүй. Хэрвээ тийм мэдээлэл ирэх юм бол алга болсон тухайн улсын Элчин сайдын яамтай холбогдож, тохирох арга хэмжээг авахуулдаг” гэв.

Тэгэхээр өнөөдрийн байдлаар “Хүүхэд алга боллоо” гэх мэдээлэл Гадаад харилцааны яаманд ирээгүй байна. Харин цаашдаа ирэх эсэхийг хэн ч мэдэхгүй. Чухам энэ охин хил дамнан аялж байгаад үнэхээр алга болсон уу, аль эсвэл хэн нэгний тоглоом шоглоомоор “Алга болсон” гэх мэдээлэл цахим ертөнцөөр цацав уу. Үнэхээр хилийн чинадад монгол охин алга болсон бол түүний эцэг эх, хамаатан садан яагаад харьяа яамнаас туслалцаа аваагүй юм бол гэдэг асуулт гарч ирнэ.

“Харсан үзсэн хүн энэ дугаар руу холбогдож мэдээлэл өгнө үү” гэсэн утасны дугаар руу залгахад холбогдох боломжгүй байснаас үзэхэд тэд өөрсдөө хайж яваа юм болов уу. Юутай ч энэ бүх асуулт хариултгүй чигээрээ үлдэх нь харамсалтай.

Хэрвээ “Хүүхэд алга боллоо” гэх сэрдхийлгэм мэдээллийг хэн нэгэн нь тоглоом шоглоомоор олонд хүргэсэн бол “Алга болсон” гэх тодотголтой тэрхүү охины нэрд сэв суулгах бус харин бусдад нь анхааруулга болгох үүднээс энэхүү нийтлэлээ бичиж байгаа юм.

Хүний наймаа гэх гэмт хэрэг хаа сайгүй л бий. Магадгүй тэр охин хүний наймааны золиос болчихоод гэмт этгээдүүдийн гарт нухлагдаж байж мэднэ. Энэ бүхнийг хэн ч мэдэхгүй. Хэрвээ ийм нөхцөл байдал түүнд тулгарсан бол манай хууль хяналтынхан, Гадаад харилцааны яамныхан маш хурдан арга хэмжээ авах нь зүйн хэрэг билээ.

Хилийн чинадад сурч, амьдарч байгаа хэдэн зуун мянган хүн бий. Тэднээс хэд нь ор сураггүй алга болж, гэрийнхнээсээ холбоо тасарч байгааг хэн ч мэдэхгүй. Хэд хоногийн өмнө л гэхэд хүүгээ хайсан эмээгийн талаар фэйсбүүк хуудаснаа тавигджээ. Тодруулбал Данзан овогтой Бүжмаа гэх буурай 86 настай. Тэрбээр Өвөрхангай аймгийн харьяат бөгөөд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод амьдарч байгаа аж. Түүний ач хүү болох Б.Төгөлдөр нь АНУ-д ажиллаж, амьдардаг байна.

Д.Бүжмаа гэх буурай ач хүүтэйгээ холбоо барилгүй олон жил болж байгаа учраас холбоо барьчих санаатай фэйсбүүк хуудаснаа ийнхүү зарын чанартай мэдээллийг хэн нэгнээр дамжуулан тараажээ.

Д.Бүжмаа гэх буурай дөрвөн хүүхэдтэй гэнэ. Эдгээрээс хоёр нь хорвоогийн мөнх бусыг үзэж, нэг нь ор сураггүй алга болжээ.

Харин үлдсэн нэг хүүхэд нь сэтгэцийн өвчтэй учир түүнд төдийлөн туслаад байж чаддаггүй гэж нэгэн сайхан сэтгэлт эмэгтэй дуулгасан юм. Тэрхүү сайхан сэтгэлт эмэгтэйгийн нэрийг н.Сарангоо гэдэг. Тэрбээр төрийн албан хаагч бөгөөд харж хандах хүнгүй Д.Бүжмаа гуайг гэртээ байлгадаг байна.

Уг нь Д.Бүжмаа гуайг харж хандаж болохуйц нэг хүүтэй ч төдийлөн туслаж чаддаггүйгээс гадна улам нэрмээс болох нь их байдаг бололтой. Ганц хүүгийнх нь эхнэр Д.Бүжмаа гуайг асарч сувилах нь бүү хэл зодож дээрэлхдэг гэнэ.

Д.Бүжмаа гуайн АНУ-д ажиллаж амьдардаг ач хүү нь ор сураггүй болсон хүүхдийнх нь хүү бөгөөд долоо, найман жил уулзаагүй гэсэн. “Компьютерээр ч болтугай царай зүсийг нь харчих юмсан” гэж Д.Бүжмаа гуай байнга ярьдаг гэнэ билээ.

Ямартай ч ор сураггүй алга болсон хүүгийнхээ сураг тасарсан хүүтэй уулзах түүний хүсэл юугаар ч хязгаарлашгүй.

Энэ мэт гадаадад алга бологсод чимээгүйхэн нэмэгдэж байна. Гэвч тэдэнд хэн ч анхаарал хандуулахгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Таны ойр дотны хэн нэгэн аяллынхан замд ч бай, сурч буй газартаа ч бай алга болсон л бол нэн түрүүнд Гадаад харилцааны яаманд хэл хүргэж холбогдох арга хэмжээг нь авахуулсан нь дээр гэж хэлмээр байна.

Ж.Баттуул


URL:

Сэтгэгдэл бичих