АМГ-т гарын үсэг “үйлдвэрлэж” суудаг “Нэг нь саарал, нөгөө нь саарал хөгжилтэй хоёр галуу”

Монгол төрийн ажил нэг дарга ширээн дээрээ шийдвэр гаргаж гарын үсэг зураад л, нөгөөх нь өөр даргын ширээн дээр очмогцоо хүчингүй болж хогийн сав руу шидэгдээд л, ахин өөр даргын гарт очсон шинэ шийдвэр нь хууль бус болсон нь илэрч замхраад л компьютерээс цаасан дээр, цааснаас хогийн саванд гэсэн нэг л жимээр явагдаж байдгийн тодоос тод жишээг Ашигтай малтмалыг эрхлэн суудаг дарга нарын мөнгө зарлагадаж цаас худалдан авч шийдвэр үйлдвэрлэн тоглодог үлгэрээс харж болно.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн дарга нь өөрийнхөө хэмжээнд байнга л шийдвэр гаргаж, өөрийгөө их л чухал ажил шийдчихлээ гэж амьхандаа бодож суудаг. Гэтэл Газрын дарга нь тэр шийдвэрүүдийг нь хэрэгжих нь битгий хэл хүний улаан нүд олж үзээгүй шахам байхад л хүчингүй болгочихдог “шийдвэрийн үйлдвэрлэл” Ашигт малтмалын газрын дарга нарын дунд нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү гэсэн дамжлагатайгаар явагддаг байх юм.

АМГ-ын дарга Д.Батхуяг 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 91, 92, 7 дугаар сарын 27-ны өдрийн 310, 8 дугаар сарын 14-ний өдрийн 350, 10 дугаар сарын 14-ний өдрийн 462, 10 дугаар сарын 14-ний өдрийн 478, 10 дугаар сарын 23-ны өдрийн 491, 11 дүгээр сарын 3-ны өдрийн 497, 11 дүгээр сарын 13-ны өдрийн 510 дугаар тушаалаараа Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгожээ. Ийм олон шийдвэрийг буруу зөрүү гаргадаг хэлтсийн даргатай байхын хэрэг байгаа ч юмуу, үгүй ч юмуу. Тэгээд тэр буруу шийдвэрүүдийг нь засаж суух ажилтай Газрын дарга байна гэдэг нэр төрийн хувьд Д.Батхуяг ноёнтонд зохидог ч юмуу, гүй ч юмуу. Өөрөө бас олон хууль бус зөвшөөрөл олгож шийдвэр тушаал гаргадаг болохоор Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргатайгаа ижил, дүндээ дүн ч юмуу. “Нэг нь саарал, нөгөө нь саарал хөгжилтэй хоё галуу” Ашигт малтмалын газарт гарын үсэг үйлдвэрлэн “хөгжилдөж” суудаг дүр төрх харагдаад байх юм. Энэ бол зүгээр л бяцхан жишээ.

Ашигт Малтмалын Газрын дарга Д.Батхуягийн анхны тушаал буюу 2009 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаарлалт бүхий тушаал нь хууль зөрчсөн гэж холбогдох газруудаас хийсэн шалгалтын дүн хэлж байна. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг түр зогсоосон энэ тушаал нь үндэслэлээ “Засгийн газрын агентлагийн эрхзүйн байдлын тухай хуулийн 8.4 дэх хэсэгт “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана” гэсэн заалт хэмээж байгаа ч энэ үндэслэл нь хуулийн үйлчлэлийг зогсоох үндэслэл биш учраас Д.Батхуяг дарга анхны тушаалаараа л хууль зөрчжээ.

Д.Батхуяг тушаалаараа төрийн ажилд “Стоп кран” татжээ
Баримт ахисаар ноцтой тийшээгээ зүглэж байна. Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг хоёр ч тушаалаараа Монгол төрийн ашигт малтмалын салбарын үйл ажиллагаанд “Стоп кран” татаж ажлын 15-85 хоногийн турш зүгээр л зогсоочихжээ. Эдгээр нь “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр хүссэн өргөдлийг 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс хүлээн авч шийдвэрлэх тухай” болон “Монгол улсын газар зүйн солбицлын өргөргийн 45 градус 00 минут 00 секундээс ертөнцийн зүгээр урагш газар нутгаас эхлэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр авахыг хүссэн хуулийн этгээдийн өргөдлийг 2009 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс үе шаттайгаар шийдвэрлэх болсон” тухай тушаалууд юм. Эдгээр тушаалуудын нөлөөгөөр Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах, сунгуулах, талбайг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн буцааж өгөх өргөдлүүдтэй холбоотой төрийн үйл ажиллагаа ажлын 15 хоногоор тасалджээ. Мөн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр хүссэн өргөдөлтэй холбоотой үйл ажиллагаа ажлын 23 хоног, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр хүссэн өргөдөлтэй холбоотой үйл ажиллагаа ажлын 85 хоног тус тус зогссон байх юм.

/Үргэлжлэл бий/

Ж.Жаргалсайхан

massmn


URL:

Сэтгэгдэл бичих